
Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоотой ярилцлаа.
-“Болор цом” наадам хоёр хоногийн өмнө болсон. Наадам үзэж байхдаа та өмнөх үеэ дурсч байв уу?
-Монголын ард түмний нэгэн хэцүү шалгуур 1990 онд тохиосон. Тэр үед залуу үеэ гаргаж ирэх гэсэн манай улсын утга зохиол сонирхогч, яруу найрагчдын харцанд Өвөрхангай аймгаас ирсэн нэг охин аз болоход гайгүй шүлэг уншсанаар тэр жилийн “Болор цом”-ыг хүртсэн. Тэр нь би байлаа. Энэ наадам зохиогддоггүй байсан бол би хэчнээн сайн шүлэг бичлээ ч ард түмэндээ танигдахгүй өнгөрөх байв. Том зохиолчдод “Энэ охин яруу найрагч болох юм байна” гэж тоогдоогүй бол би өнөөдөр өөр зам дээр зогсч байх байсан биз. Тэгэхээр “Болор цом” хэмээх наадам ямар их ач холбогдолтой, хүний амьдралд яасан их буян болдог юм бэ дээ.
-Та хоёр жил дараалан түрүүлснээс хойш энэ наадмын тайзан дээр бараг гараагүй?
-Энэ наадмын эзэн болсон хүн дараа дараагийн наадмуудад муу шүлэг унших ёсгүй. Ялангуяа хоёр удаа түрүүлсэн хүнд. Хэрэв муу шүлэг уншвал өмнө нь яруу найрагч гэж хүндлэгдсэн алдраа муухайгаар дуурсгуулна шүү дээ.
-Та тэгээд өөрийгөө сүүлийн үед муу шүлэг бичиж байна гээд нэрээ татаад байгаа юм уу?
-Би 10 гаруй жилийн өмнө албан ёсоор зодог тайлсан.
-Яагаад ...
-Залуучуудад зай тавьж өгөх гэж л тэр.
-“Болор цом”-ын олон эзэд наадамд оролцож байна шүү дээ. Та энэ том алдрыг хүртчихээд оролцохгүй байх чинь үзэгчдээ хүндэтгэхгүй байгаагийн илрэл юм биш үү. Эсвэл...?
-Нэг ч болтугай хүн энэ цоорхойгоор гарч ирж, олонд танигдаасай гэсэндээ би хувьдаа л ийм шийдвэр гаргасан. Түүнээс биш муу шүлэгтэйдээ биш шүү. Миний бичлэг янзандаа л байгаа. Би ард түмэндээ хангалттай танигдсан. Яруу найрагч гэж хэлүүлэхээс илүү том амбиц надад байхгүй. Шүлгээ бичсээр л байгаа. Би ер нь шүлэг хэмээх тойрог дотор төрчихсөн бололтой.
-Таныг “Болор цом” хүртсэн бүсгүй найрагчдаас биеэ хамгийн сайхан авч явдаг гэж хүмүүс ярьдаг юм билээ?
-Баярлалаа. Гэхдээ манай найрагчид бүгд л биеэ сайхан авч явдаг шүү дээ. “Болор цом”-ын эзэд биеэ муухай авч явж, муу шүлэг уншвал ард түмэн их дургүйцнэ. Дургүйцэхээс ч аргагүй. Ард түмний хайр энэ наадмын эзнийг дэмнэж байдаг юм чинь.
-Энэ жилийн наадам танд ямар санагдав?
-Сүүлийн жилүүдэд орон нутагт болж байгаад энэ жил нийслэлд зохиогдсон нь ялангуяа Улаанбаатарчуудад их хүлээлт үүсгэсэн нь ажиглагдлаа. Уншигч, зохиогчид уулзалддаг болохоор энэ наадам амьд холбоо болдог. Мөн уйлж, дуулж, хөөрөхийн баяр дэлгэрдэг. Бид чинь яруу сайхан шүлгээ биччихээд тэр бүр хэн хэндээ уншиж өгч амждаггүй. Харин энэ наадмын тайзан дээрээс л улс даяар бүтээлээ сонсгодог болохоор сайхан байдаг. Бүр хэтэрхий сайхан гээч. Найрагчдынхаа шүлгийн чансааг ч мэдрэх боломж нээгдэнэ. Энэ наадам өмнө нь залуу үеийг гаргаж ирэхийг эрмэлздэг байсан бол одоо шинэ үеийг тодруулахыг зорьдог болж. Хаяагаа ч тэлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны яруу найрагчид шүлгээ уншлаа. Нэг үгээр хэлбэл, манай улсад хамгийн амь бөхтэй оршиж буй шоу бол “Болор цом” наадам.
-“Яруу найргийг шүүж болохгүй. Шүүмээр байгаа бол “Болор цом”-ыг хэсэг бүлэг хүнд л зориул. Эсвэл бүр боль” гэж үзэгчид дургүйцдэг?
-Энэ наадмыг хаачихаар дэндүү харамсалтай санагдаж байна. Цаашид улам төгөлдөржүүлж авч явах хэрэгтэй. “Болор цом” бол үхье гэвч одож чаддаггүй амьдралд хайртай хүн шиг ч юм уу даа.
-Та АНУ-д хэсэг хугацаанд ажиллаж амьдарсан. Тэр жилүүдэд энэ наадмын чимээг сонсох ямар санагддаг байсан бэ?
-Аливаа зүйл эрээнтэй, бараантай. Сайны хажуугаар саар гэгчээр муу хэлэгдсэн жил энэ наадамд олон бий. Өргөстэйгээр харья гэвэл өргөстэй л байна шүү дээ.
Б.Ичинхорлоо: Монголд хамгийн амь бөхтэй оршиж буй шоу бол “Болор цом” | ||
Үзсэн: 6602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.