Шууд Chart

Б.Лхүндэв: Нас дээр гарсан ч адууны тоосноос холдож чадахгүй юм

2016-02-17 12:00:34

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол Улсын Алдарч уяач Б.Лхүндэвтэй ярилцлаа. Түүнийг хотод амьдардаг том хүргэнийдээ түр ирээд байхад нь уулзав. Өдгөө 80 нас хүрч буй ч толиотой энэ эрхэм “Молиго Бүргэд” хэмээн алдаршсан Монгол Улсын Арслан П.Бат-Очирын том хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Түүнтэй аавынх нь тухай болон алдарт хул азарганых нь талаар хөөрөлдлөө.  

-Та сайхан хаваржиж байна уу. Нутаг орноор тань сонин сайхан их үү?

-Сайн. Миний хүү сайхан хаваржиж байна уу. Өвөөгийнх нь гэр Партизаны сангийн аж ахуйд байдаг юм. Хотод ажлаар түр ирээд байна. Хүү минь чамд урьдчилж хэлэхэд өвөө нь өмнөх наадмуудынхаа оныг санахгүй байж магадгүй шүү.  

-Зүгээр дээ. Та өнгөрсөн зун хаагуур наадав?

-Өнгөрсөн жил морь уясангүй ээ. Аймгийнхаа наадмыг л үзээд ирсэн. Ойрын хэдэн жил нутагтаа очоогүй сайхан том цэнгэлдэх хүрээлэнтэй болсон байна лээ. Өргөн дэлгэр сайхан ч наадам болсон. Д.Лүндээжанцан гишүүн манай төрлийн хүн байгаа юм. Дүү нартайгаа сайхан наадлаа. Түүнчлэн манай аймаг зүүн аймгаас хурдан адуу авч ирж, цус сэлбэж байгаа юм билээ. Ингэснээр манай нутаг улам хурдтай болно гэсэн үг шүү дээ. Нас дээр гарсан ч адууны тоосноос холдож чадахгүй юм. Өөрийн гэсэн адуугүй болсон болохоор хүний морь уяж л сэтгэлээ онгойлгож байна даа.   

-Таны хул азарганы угшил хаанахынх вэ?

-Хэнтий аймгаас гаралтай. Зүүн аймаг ер нь богино хөлтэй, хурд сайтай адуутай нутаг.  Хул азарга маань хөгшрөх тусам уяа ордог сон.  

-Хэзээ худалдаж авсан юм бэ?

-Х.Сүрэнхор агсан бид хоёр дотно найз. Тэр минь нэг удаа надад “Зүүн аймаг руу адуу цуглуулахаар явъя” гэлээ. Би ч моринд дурлаж эхэлж байсан болохоор татгалзаагүй. Ингээд Хэнтий аймгаас битүү үрээ байхад нь авчирч, хавчиг долоон настайд нь Улсын баяр наадамд уяж түрүүлүүлсэн. 

-1993 оны улсын наадамд түрүүлж ирэхэд морь бариачийн морь гүйцэхгүй байсан гэж ярьдаг?

-Тэр жилийн наадамд азарга мордох гэж байхад Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан Ч.Хурц найз маань “Хул азарга чинь энэ жил юм дуулгах байх аа” гэж байсан. Би ч дотроо бэлгэшээгээд мордуулсан. Тэгээд азарга ирэх үед хүмүүсийн эхэнд сууж дурандахад хул азарга маань түрүүлээд ирж байна шүү. Би ч баярлаад мордох гэтэл том хүргэн “Хул биш, хээр зүстэй харагдаад байна” гэхээр нь дахиад дурандлаа. Яах аргагүй мөн байсан. Уяа нь орсон морины зүс хөлрөхдөө өөрчлөгддөг байхгүй юу. Орой нь майхандаа ирээд дурангаа хайгаад олдоггүй. Тэгтэл өглөө азарга дурандаж байсан газраа баярлахдаа мартчихсан юм билээ. Миний азарга гараагаараа л явдаг адуу. Түүнээс хойш гурван удаа Улсын баяр наадамд айрагдаж, намайг баярлуулсан. Түрүүлсэн жил нь Төв аймгийн наадамд уралдуулахад азарга тасарч эргэх үед эхнийхэд нь түрүүлж, дараагийнхад нь долоод давхисан.    

-Анх айрагдах жил нь хэр найдлага тавьж байсан бэ?

-Найдалгүй яах вэ. Сунгаанаар би мотоцикльтой дагахад бариа хүртэл гүйцээгүй. Тийм л хурдан буян байлаа. Тэгэхээр айрагдахгүй гэх бодол яаж төрөх билээ.  

-Уяа сойлго таарсныг нь та хэрхэн мэдэрдэг байв?

-Мэднэ шүү. Уяа нь орохоороо зүүдлээд л, унтаад байдаг байсан.

-Зүүдэлж байгааг нь та яаж мэддэг юм бэ?

-Наадам дөхөөд ирэхээр би адуугаа байнга манана. Хул азарга их номхон. Надтай бараг толгойгоо нийлүүлээд хэвтэнэ. Тэгж байхдаа нүдээ аньчихаад үүрсээд байдаг байхгүй юу. Тэр нь зүүдэлж байгаагийн шинж.

 -Хурдны ямар шинжийг агуулж байсан бол?   

-Хурдан морь өдөр бүр өөр харагддаг. Хул азарганы хувьд унтаж байхдаа зүс нь муухай харагддаг хэрнээ сэрэхээрээ соргог болдог. Нарны туяанд үснийх нь ширхэг гялтганаад л сайхан шүү.

-Харин уяачид юу гэж ярьдаг байсан бэ?

-Наадам дөхөх үед уяачид хэний азарга өнгөтэй байгааг ярилцдаг. 1993 оны наадмын өмнө тэд миний азаргыг “Энэ жил хэмжээлшгүй хурдан байна” гэсэн гэдэг. Тэгээд л түрүүлсэн. Тэд сайн танисан байдаг шүү. Хүүхэд гуядахгүй зөвхөн гуугалах, дээр нь тогтох л хэрэгтэй байсан.  

-Тэр жил ард түмний дунд түүх мэт яригддаг байсан хэний азарга уралдсан бэ?

-Н.Цоохүүгийн хээр, Д.Түвдэнгийн хар, Г.Пунцагбалжирын хурдан азарга байсан. Тэд хул азаргыг түрүүлээд ирэхэд намайг “Чи азаргандаа мөргө. Ийм сайхан хурдан буян тэр болгон хүнд олдохгүй шүү” гэж байсан.

-Хул азарганы төл одоо бий юу?

-Байгаа. Олон хүн төлийг нь худалдаж авч байсан. Төлийг нь авах гэж манай нутгийн нэг залуу нууцаар гүүгээ хураалгах гэж байгаад баригдсан тохиолдол ч байдаг юм.

-Таны соёолон хул үрээ бас хурдан байсан гэдэг?

-Партизаны сангийн аж ахуйн малын эмч байсан Сүхээ агсны адуу юм. Энэ үрээг надад Г.Пунцагбалжир агсан “Чи наад үрээгээ ав. Буруудах юм байхгүй” гэж хэлсний дагуу 1987 онд худалдаж авсан. Хул үрээ надад ирсэн жилээ Улсын баяр наадамд түрүүлсэн. Ер нь миний худалдан авч, уясан морьд ирсэн жилээ л түрүүлж, айрагдаж байсан.   

-Та нэртэй уяачидтай хэр дотно нөхөрлөдөг байв?

-Нэрд гарснаар нь Г.Пунцагбалжир, М.Данзанням нарыг л нэрлэж байгаа болохоос сайхан найз надад олон байсан. Өөрсдөө тэр хурдан буянуудыг танидаг хэрнээ “Чи л ав” гэж хэлж байсныг нь одоо бодохоор тэд хүн чанартай байж дээ. Тэд маань одоо байсан бол миний хажууд суугаад чамд ярилцлага өгөөд, надтай морь яриад сайхан байхгүй юу. Зарим үед морь яримаар санагдахаар М.Данзаннямын хүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач, гавьяат малчин Даваахүү, тод манлай уяач, гавьяат малчин Д.Онон нартай хөөрөлддөг юм. Д.Даваахүүтэй уулзахаар аавтай нь уулзсан юм шиг санагддаг. Аавтай нь гэмгүй сайхан нөхөрлөж явсан болохоор тэр шүү дээ. Морь сайн мэддэг лут хүн.

-Та М.Данзанням агсантай ойр дотно явсан хүний хувьд түүнийг яриач?

-Сайхан хүн байсан. Илүү, дутуу үггүй. Морь ч сайн танидаг байлаа.  

-Д.Даваахүү уяачийг Х.Сүрэнхорын хээр азаргыг машинаар дайрах захиалга өгсөн гэж ярьдаг юм билээ?

-Д.Даваахүүг хүмүүс ингэж ярьдагт нь би харамсдаг. Тэр тийм хүн биш. Х.Сүрэнхор наадам дуусаад азаргаа хөтлөөд явж байхад нь согтуу жолооч азаргыг нь дайрчихсан юм билээ. Д.Даваахүүтэй ямар ч холбоогүй. Тийм муу юм хийх хүн биш.

-Та Улсын наадмаас хэдэн түрүү, айраг амссан бэ?

-Хоёр түрүү, дөрвөн айраг хүртсэн. Бүсийн болон аймгийн наадамд уясан адуугаа дандаа л түрүү, аман хүзүүнд хурдлуулдаг байсан.

-Таны ярианаас би эцэг адууг сайн уядаг юм байна гэж бодлоо?

-Ямар ч уяачид онцлог гэж бий. Надад эцэг мал уях нь амар байсан.

-Өвлийн наадамд таны хүлгүүд хэр хурдалдаг байв?

-Нэг их уядаггүй байсан. Залуу байхдаа сагсуураад энд тэндхийн наадамд уралдуулж байгаад Улсын наадамд айрагдах боломжоо их алдсан. Өвөл сайн уралддаг морь зун хурдалдаггүй. Зун сайн уралддаг морь өвөл давхихгүй тохиолдол бий. Би энэ онцлогийг мэдэхгүй гийнгоо сонсч, морио давхиулж л байвал болох юм шиг бодож явснаас тийм зүйл болсон.

-Морь уяж байхад архи хориотой гэж ахмадууд ярьдаг?

-Яг үнэн. Эзэн нь хар ус уувал хурдан хүлгийн хийморь доройтдог. Үүнээс хол байх хэрэгтэй. Бас өөр хүнээр уяулах буруу. Би чамд нэг жишээ хэлье. Би нэг мотоцикль авсан юм. Нутгийн залуу “Юманд явчихаад ирье” гэхээр нь өгчихсөн чинь ирэхдээ дуу нь шал өөр болоод ирсэн. Тэгэхээр нь би “Төмөр хүртэл эзэн нь солигдохоор ингэтлээ өөрчлөгдөж байгаа юм чинь махан зүрхтэй адгуус аргагүй гэж бодоод хөгширсөн хойноо ч хүнээр морио уяулахгүй” гэж бодсон.

-Таны аав морь уядаг байсан уу?       

-Миний аав “Молиго бүргэд” П.Бат-Очир гэх Улсын арслан цолтой хүн байсан. Морь уядаггүй, хийдэд шавилдаг байсан юм билээ. Би аавынхаа талаар сайн мэдэхгүй ээ. Ээжээрээ овоглодог. Аавын зээ хүү Аймгийн арслан цолтой. Би аавынхаа залуугийн зургийг өөрийнхтэйгөө харьцуулахаар адилхан харагддаг юм шүү.  

-Та барилддаг байв уу. Морь, бөх хоёрыг удам дагадаг гэдэг дээ?

-Нэг их барилддаггүй байсан. Цэрэгт байхдаа Улсын баяр наадамд барилдаж, гурав давсан. Залуудаа бие томтой байлаа. Бөхөөр хичээллэсэн бол муугүй байх байсан байх. Гэхдээ моринд илүү дуртай болохоор барилдъя гэж бодоогүй. Би Даян аварга С.Цэрэн, “том” хэмээн алдаршсан Улсын заан Ц.Санжаа нартай нэг оны цэрэг. Тэдэнтэй даваа,  унаатай л байсан.

-Цэргийн алба хаана хаав?

-Арын албанд хааж байгаад Налайхын нүүрсний уурхайд дэсэлгээчнээр ажилласан. Тэр үед хөгшинтэйгөө танилцаж байлаа. Одоо хөгшин маань бурхан болсон. Надад хоёр хүү, хоёр охин төрүүлж өгсөн.

-Уурхайгаас гараад хаана ажилласан бэ?

-Үйлдвэр комбинатад мод бэлтгэгчээр ажилласан. Миний үеийнхэн боловсрол, мэргэжил муу болохоор хар ажил голдуу хийнэ.

-Тэгээд хэдийд нь уяач болсон юм бэ?                        

-Тэр үед дарга нар ажилчдаас “Та нар малчин болох уу. Мод бэлтгэгчээрээ ажиллах уу” гэв. Учир нь нэгдлийн малчин хайж байсан юм билээ. Би “Малчин болмоор байна” гэсэн хүсэлт тавьснаар одоо амьдарч байгаа Партизаны сангийн аж ахуйд мал малладаг болсон. Хөгшин бид хоёр хувьдаа гайгүй хэдэн малтай болох гэсэн чинь засаг “Өрх тус бүр тоотой хэдэн малтай болох ёстой” гэсэн зарлиг гаргасан. Ингээд бид хоёр мал малладаггүй хамаатан садан, танил хүмүүсийнхээ нэр дээр малаа тоолуулсан. Тэгсний хүчинд бид хоёр гайгүй хөрөнгөтэй болсон.

-Морь уяхад танд юу нөлөөлсөн бол?

-Манай саахалт айлын хонгор морь Улсын наадамд айрагдсан юм. Тэр морийг хараад л би “Ийм хурдан морьтой болох юмсан” гэж бодоод цуглуулсан мөнгөөрөө адуу худалдаж авсан. Хурдан гэж хэлсэн бүхнийг бараг авсан даа.

-Таны морьдоос анх айрагдсан нь ямар морь байсан бол?

-Шарга морь байсан. Их булгидаг. Дал руу нь алгадахаар булгина. Улсын булгианы уралдаанд хэд хэдэн удаа түрүүлсэн.

-Догшин морь уях хэцүү биш үү?

-Тэгэлгүй яах вэ. Наад зах нь нэмнэж байгаад хөлс авах гэхээр нэмнүүлэхгүй. Задгай хөлс ихэнхдээ авна. Тэр нь тус болохгүй. Хэрэв булгидаггүй байсан бол гайгүй уралдах морь байсан юм. Дараа нь хар халзан морь уясан. Улсын наадамд голдуу зургаад орно. Хүмүүс “Хар халзан зүстэй морь бурханы хүлэг” гэнэ. Тэгэхээр нь би маанийн зургаан үсгийн тоогоор хурдалж байгаа юм болов уу гэж бэлгэшээж байсан. Энэ хүлгээ Хэнтий аймагт байдаг найздаа бэлэглэсэн.

-Таны хүүхдүүд одоо морь уядаг уу?

-Үгүй. Моринд дургүй болохоор нь гахайны аж ахуйд ажиллуулж байгаа. Би морь уяж байхдаа хүүхдүүддээ “Өнөө шөнө энэ морийг сайн идүүлж байгаад уяна шүү” гэхээр удалгүй уячихаад унтчихдаг байсан. Тийм хүмүүс морь уях биш тамлана.

-Та одоо адуу малгүй гэсэн үү?

-Адуу маллах хүүхэд байхгүй болохоор саахалт айлындаа азарга адуугаа тус бүрийг нь 200 мянган төгрөгөөр зарчихсан. Одоо нэлээн өссөн юм шиг байна билээ. Хүнд өгсөн ч гэсэн өөрөө маллаж байсан болохоор хааяа хармаар санагддаг юм. Байнга очвол тэр айлд эвгүй сэтгэгдэл төрүүлэх байх. 

-Ярилцсанд баярлалаа.

                                                                                            

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Лхүндэв: Нас дээр гарсан ч адууны тоосноос холдож чадахгүй юм   
Үзсэн: 4003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.33.xxx [202.70.33.xxx] 2016-02-23 16:58
Энэ хүн уул нь Нямдорж гэсэн нэртэй л байсан юмсан, нэрээ сольчихсон юм байх даа.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-02-17 12:59
Aduunii tsagaan buyan delgereh boltugai. Curbaljlagchid bayarlalaa. Buyan yildsen baina.

Бидэнтэй нэгдээрэй