Шууд Chart

АСЕМ: Энэтхэг улс

2016-03-07 14:27:10

Энэтхэг: Өмнөд азид орших улс

Албан ёсны нэр: Бүгд найрамдах Энэтхэг улс.

Хүн ам: 1 тэрбум 282 сая 526 мянга

Нутаг дэвсгэр: 3 сая 287 мянга 263 шоо километр. Энэ хоёр үзүүлэлтээр Энэтхэг улс нь Өмнөд азийн том улс төдийгүй хүн амын тоогоор дэлхийд 2-т, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 7-д ордог улс юм.


Нийслэл нь Нью-Дели хот. Улсын хэл- хинди болон англи хэл. Холбооны улс, парламентын Бүгд найрамдах улс. Ерөнхий сайд–Нарендра Моди, ерөнхийлөгч Пранаба Мукержи. 29 муж улс, холбооны 7 газар нутагт хуваагдана.

Энэтхэг улс баруун талаараа Пакистантай, БНХАУ-тай, зүүн хэсгээрээ Бутан болон Балбатай, зүүн талаараа Бангладеш болон Мьянмартай хилэлдэг.

Үүнээс гадна Энэтхэг улс Мальдивын арал, Шри-Ланка, Индонезтэй усааар хилэлдэг. Маргаант Жамму болон Кашмир муж Афганистантай хилэлдэг. Энэтхэг улс нь эртний түүхийн асар баялаг өв сантай ийм улс. Аль эртнээс л Энэтхэг улс худалдааны томоохон чухал маршрут байгаад зогсохгүй, асар их баялаг, соёлын өв сангаараа нэрд гарсан ийм улс юм. Энэтхэгт индуизм, буддизм, сикхизм, жайнизм гэх мэт шашин нэлээд дэлгэрсэн.

Манай эрний эхний мянган жилд Энэтхэг тивд мөн хирстийн шашин болон исламын шашин түгэн дэлгэрсэн, энэ нь бүс нутгийн соёлын хөгжилд өөрийн гэсэн асар их нөлөө үзүүлсэн. 18-р зуун болон 20-р зууны эхэн үед Энэтхэг нь Британий эзэнт гүрний колони байсан, ингээд 1947 онд олон жил тэмцэл хийсний дүнд тусгаар тогтносон ийм улс юм. 20-р зууны сүүл үед Энэтхэг нь эдийн засгийн болон цэргийн салбарын хөгжилд их амжилтад хүрч, тус улсын эдийн засаг дэлхий дахинд асар хурдацтай хөгжиж байгаа эдийн засаг болж хувирсан. Хэдийгээр улс орны эдийн засаг өсөж байгаа ч гэлээ хүн амын ихэнх хэсэг ядуурлын түвшнээс доогуур түвшинд амьдарч байна.

Мөн Энэтхэг улсад авилга хээл хахууль дэлхийд дээгүүр орж, эрүүл мэндийн салбар хоцрогдсон зэрэг нь эн тэргүүнд шийдэх гол асуудал болоод байна. Энэтхэг улс бол асар их чадамжтай гүрэн болох боломжтойн дээр цөмийн зэвсэгтэй орон. Энэтхэг улс НҮБ, “их 20”, Дэлхийн худалдааны байгууллага, Өмнөд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбоо, БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хамтын нөхөрлөлийн орнуудын холбоонд багтдаг.

Энэтхэг гэдэг нэр нь эртний персийн хинду гэдэг үгнээс гаралтай, эртний грекчүүд энэтхэгчүүдийг “Инд мөрний хүмүүс” гэж нэрлэдэг байжээ. Мөн Энэтхэг улсын Үндсэн хуулинд “Бхарат” гэдэг хоёр дахь нэрийг бас хүлээн зөвшөөрсөн байдаг, бас гуравдагч нэр гэж бий энэ нь “Хиндустан” гэдэг нэр юм, энэ нэрийг аугаа Могулын эзэнт гүрний үед маш их хэрэглэж байсан, гэхдээ энэ нэр албан ёсны статус авч чадаагүй ийм нэр юм. Газах зүйн түүхийн хуудсыг сөхөөд үзэхэд орчин үеийн хүн Энэтхэгт мөстлөгийн сүүлийн үе буюу ойролцоогоор 12 мянган жилийн өмнөөс суурьшиж эхэлсэн байна.

Энэтхэг улс нь асар баялаг түүхтэй, тэр болгоныг энд дурьдаж ярих юм бол нэлээд олон хуудас бичвэр болно, иймээс Энэтхэгт британий колоничлолын эсрэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эхэлсэн тэр үеэс бичихээр шийдлээ. Энэтхэгт британий засаг захиргаанд энэтхэг зөвлөхүүдийг томилсон нь улс оронд тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, өрнөдийн ардчиллын хэв маяг тогтох үндэс суурь болсон байна. Тухайлбал 1920 онд Махатма Ганди ард олныг толгойлж, британий колоний засгийн газрын эсрэг кампанит ажил өрнүүлсэн. Энэтхэг даяар британий засаглалын эсрэг хувьсгалт тэмцэл өрнөж, үүний дүнд 1947 онд Энэтхэг Британий эзэнт гүрнээс өрх тусгаарлаж, тусгаар улс болсон.


Тусгаар тогтнол Энэтхэгийг хуваасан нь

Энэтхэгчүүдийн дунд тусгаар тогтнох хүсэл эрмэлзэл маш их байсан ч гэлээ олон жилийн турш индусс болон мусульман хүн амын хооронд зөрчил их байсан. Үндэстний цөөнхөд тооцогддог мусульманууд индус засгийн газрын эрхшээлд орохоос эмээж, өрх тусгаарлана гэдэгт нэлээд болгоомжтой хандаж байлаа. 1915 онд Махатма Ганди энэтхэгийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг толгойлж, хоёр талд эв нэгдэлтэй байхыг уриалсан. Махатма Ганди эрх чөлөөний төлөөх тэмцэлийг удирдан тэргүүлснээр энэ тэмцэл үр дүнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргадгүй.

Энэ бүгд нь Гандийг дэлхийн түүхэнд гарамгай удирдагч гэдгээр үлдээсэн юм. Британий Энэтхэгийн нутаг дэвсгэр 1947 онд тусгаар тогтнож, үүний дараа Энэтхэгийг Энэтхэгийн холбоо, Пакистаны харьяа нутаг гэж хоёр хуваасан. Пенжаб болон Бенгали мужийг хоёр хувааснаар индус, сикх, мусульман хооронд цус асгаруулсанмөргөлдөөн дэгдэж, үүний дүнд 500-аад мянган хүн амь үрэгдсэн. Мөн Энэтхэгийг хуваасан нь дэлхийн түүхэнд хамгийн аймшигт гэж хэлж болох дүрвэлтэд хүргэсэн, 12 сая гаруй индусууд, сикхүүд, мусульманууд дөнгөж бий болсон Энэтхэг, Пакистан улсад хуваагдан суурьшсан.


Тусгаар тогтнол олсны дараах Энэтхэг улсын түүх

Энэтхэг улс тусгаар тогтносон ч гэлээ олон үндэстэн оршин суудаг, шашны янз бүрийн урсгалын төлөөлөл оршин суудаг гэдгээр шашны үзэлд суурилсан, нийгмийн гарал үүсэлд тулгуурласан сөргөлдөөн өнөөг хүртэл тасрахгүй үргэлжилж ирсэн. Гэлээ ч гэсэн Энэтхэг улс ардчилалд чиглэсэн улс гэдгээ нотлон харуулж байна. 20-р зууны хоёрдугаар хагаст Энэтхэг хөрш зэргэлдээ орших орнуудтайгаа хил хязгаарын асуудлаар байнга шахуу сөргөлдөж, мөргөлдөж ирсэн. Жишээ болгоход Хятадтай бий болсон газар нутгийн маргаан өнөөг хүртэл эцэслэн шийдээгүй байна, энэ маргаан 1962 онд багахан хэмжээнтий дайн болж, Хятад, Энэтхэгийн хилийн маргаан гэдгээр түүхэнд үлдсэн.

Энэтхэг улс Пакистантай 1947, 1965, 1971 онд гурван удаа дайтсан, Энэтхэг, Пакистаны сүүлийн мөргөлдөөн 1999 онд Кашмир мужид болж байлаа. 1974 онд Энэтхэг улс газар доор цөмийн зэвсэг туршиж, цөмийн зэвсэгтэй улс оронд нэгдэж, 1998 онд таван удаа цөмийн туршилт хийсэн. Энэтхэгт 1991 онд эхэлсэн өөрчлөлт шинэчлэл улс орныг дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж байгаа эдийн засагтай орон болгосон. 1996 онд Атал Бихари Важпай тэргүүтэй засгийн газар засгийн эрхэнд гарч өөрчлөлт шинэлэлийг үргэлжлүүлсэн, 2004 оны хавар  Энэтхэгт болсон парламентын сонгуульд Сони Ганди тэргүүтэй Энэтхэгийн үндэсний конгресс нам сонгуульд ялсан. 2004 оны тавдугаар сарын 22-нд Манмохан Сингх ерөнхий сайд болсон. 2014 оны парламентын сонгуульд Нарендра Моди тэргүүтэй нам ялж, 543 суудлын 283-ыг авсан.

Сүүлийн 30-аад жил нэг ч нам ийм амжилтад хүрч байгаагүй, 814 сая гаруй энэтхэгчүүд санал өгөх эрхээ эдэлж, санал тоолох 2 сая гаруй цахим машинаар саналаа өгчээ. Сонгуулийн ирц 66 хувьтай байсан нь Энэтхэг улсын түүхэнд хамгийн өндөр ирц болсон юм. Энэ сонгуульд эрх баригч Үндэсний конгресс нам ялагдаж, тусгаар тогтносноос хойш засгийн эрх барьсан нам ийнхүү анх удаа ялагдал хүлээсэн байдаг.


Газар зүйн байршил

Энэтхэг улс нь Өмнөд азид байрладаг, хэмжээнийхээ хувьд дэлхийд 7-д ордог, нийт талбайн хэмжээ 3 287 590 шоо/километр, үүний 90,44 хувь нь хуурай газар, 9,56 хувь нь усан гадаргуу. Хүн амынхаа тоогоор дэлхийд 2-т ордог, хүн ам нь 1 тэрбум 220 сая 800 мянга 359. Энэтхэг улс нь баруун талараа Пазистантай, зүүн хойгуураа БНХАУ, Балба, Бутантай хил залгадаг бол зүүн талаараа Бангладеш, Мьянмартай хил залгадаг. Үүнээс гадна Энэтхэг улс баруун өмнөд хэсгээрээ Мальдивын аралтай, өмнөд хэсэгтээ Шри-Ланкатай, зүүн өмнөд хэсгээр Индонезтэй усаар хилэлдэг. Газар нутгийн маргаант Жамму-Канмир муж Пакистантай хилэлдэг.


Засаг захиргааны хуваарилалт

Энэтхэг нь 29 муж улс, 6 холбооны нутаг дэвсгэр, нийслэл Дели хотын тойргоос бүрдсэн холбооны бүгд найрамдах улс. Бүх муж, холбооны 2 нутаг дэвсгэр нь өөрийн гэсэн засгийн газартай. Үлдсэн холбооны 5-н нутаг дэвсгэрийг төв засаглалаас сонгодог захирагч захирна. Өөрөөр хэлбэл Энэтхэг улсын ерөнхийлөгчийн улдирдлага дор байна гэсэн үг юм. 1956 онд энэтхэгийн мужуудыг хэлний шинж тэмдэгээр нь хуваан зохион байгуулсан. Тэр цагаас хойш орон нутгийн засаг захиргаа бараг өөрчлөгдөөгүй. Бүх муж, холбооны газар нутаг нь тойрог гэгч засаг захиргаа болон засгийн газрын нэгжүүдэд хуваагдана. Энэтхэгт 600-аад тойрог бий, тойрог нь цаашаа талук гэгч засаг захиргааны жижиг нэгжид хуваагдана.


Ус, гол мөрөн

Энэтхэг улс маш олон гол мөрөнтэй, эднийг дотор нь Гималайн, бүтэн жилийн турш их устай, цас мөс болон бороогоор тэжээгддэг, мөн ихэвчлэн бороогоор тэжээгддэг гэж хувааж, ангилдаг байна. Зуны улиралд ихэнх голуудад усны түвшин нэмэгддэг, ингэснээр зарим газар үер усанд автах аюул бий. Энэтхэгийн томоохон голууд ихэвчлэн Гималайн нуруунаас эх авдаг, жишээлбэл Ганг, Брахмапутра мөрөн Гималайн нуруунаас эх авч, Бенгалын буланд цутгадаг. Энэтхэгт их, бага 10-аад гол, мөрөн бий.

 


Цаг агаар, уур амьсгал

Энэтхэгийн цаг агаарт Гималайн нуруу болон Тарын элсэн цөл маш их нөлөөлдөг. Гимайлайн нуруу хойноос ирэх төв азийн хүйтэн салхийг хаадаг тул тус улсын ихэнх хэсэгт цаг агаар дулаан байна. Тарын элсэн цөл муссон салхины эх үүсвэр болж, Энэтхэгт 6-10-р сард маш их бороо авчирдаг. Ер нь Энэтхэгт тропик, хуурай тропик, муссоны, өндөр уулын гэсэн 4 төрлийн цаг уурын бүс байна.


Ургамлын болон амьтны ертөнц  

Энэтхэг улс Индо-Майлайн зоо газар зүйн бүсэд байрладгаараа дэлхийн хамгийн их био олон төрлөөр гайхагдсан орны нэг. Энэтхэг бол хөхтөн амьтны бүх төрлийн 7,6 хувь, бүх жигүүртний 12,6 хувь, бүх төрлийн хэвлээр явагчийн 6,2 хувь, газар уснаа явагчийн 4,4 хувь, бүх төрлийн загасны 11,7 хувь, бүх төрлийн ургамлын 6,0 хувьийн эх орон юм. Энэтхэгт ховор төрлийн амьтан ургамлыг өсгөж тарихын тулд олон тооны үндэсний хүрээлэн, дархан цаазат газар байгуулсан, тэглээ ч гэсэн хүний аж ахуйн үйл ажиллагаанаас болж ургамал болон амьтны ертөнц багагүй хохирч ирсэн байдаг.


Хүн ам

Хүн амынхаа тоогоор Энэтхэг улс БНХАУ-ын араас дэлхийд хоёрт ордог. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хүн ам хот суурин газар бараадах болж, хотод хүний тоо ихэссэнч гэлээ энэтхэгчүүдийн 70-аад хувь нь хөдөө орон унтагт амьдардаг. Энэтхэгийн томоохоно хотууд гэвэл Мумбай /өмнө нь Бомбей/, Дели, Колката /өмнө нь Калькутта/, Ченнай /өмнө нь Мадрас/, Бангалор, Хайдарабад, Ахмадабад юм. Соёлын, хэлний, генетикийн олон янзаар Энэтхэг улс Африк тивийн араас хоёрт ордог. Бичиг үсэг мэдэх дундаж түвшин 64,8 хувь (эмэгтэйчүүд дунд 53,7 хувь, эрчүүд дунд 75,3 хувь).

Жендэрийн хувьд эрчүүд нь эмэгтэйчүүдээ давамгайлдаг. Нийт хүн амын 51.5 хувь нь эрчүүд бол 48.5 хувь нь эмэгтэйчүүд, 1000 эрэгтэйд 944 эмэгтэй оногдоно гэсэн үг. Хүн амын дундаж наслалт 24.9 жил, хүн амын жилийн өсөлт – 1.38 хувь, жилд 1000 хүнд 22.01 хүүхэд төрдөг. 2001 онд Энэтхэг улсад явуулсан хүн амын тооллогоор нийт хүн амын 40.2 хувь нь 14-өөс дээш насны хүүхэд, 54.4 хувь нь 15-59 хүртэлх, 5.4 хувь нь 60-аас дээш насны хүмүүс байжээ. Хилийн чинадад 38 сая гаруй энэтхэгчүүд оршин суудаг, энэтхэгчүүдийн томоохон омог АНУ-д, Их Британид, Австралид, Германд, Японд, Канадад амьдардаг байна.


Хэл

Энэтхэгийн албан ёсны хэл нь хинди, энэ хэл тус улсад маш өргөн түгэн тархсан хэлний нэг. Засаг захигргааны албан хэрэглээ болон бизнест маш өргөн хэрэглэдэг хэл бол англи хэл, англи хэл энд туслах шинж чанартай хэл гэсэн статустай. Энэтхэгт дунд болон дээд боловсрол эзэмшихэд англи хэл маш их ач холбогдолтой. Энэтхэгийн Үндсэн хуулинд хүн амын дийлэнх хэсэг ярьдаг 21 хэл байна гээд тодорхойлсон, тэгээд Энэтхэгт 1 мянга 652 аялгуу байна.


Төр, засгийн бүтэц

Энэтхэг улсын Үндсэн хуулийг 1949 оны сүүлээр, тус улс тусгаар тогтноод 2 жилийн дараа баталж, 1950 оны 1-р сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Агуулга, багтаамжийн хувьд дэлхийд хамгийн том хэмжээтэй хуулинд тооцогддог. Төр засаг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн 3 салаа мөчиртэй. Энэтхэгийн ерөнхийлөгч төрийн тэргүүн, энэ хүнийг 5 жилийн хугацаагаар шууд бус сонгуулиар сонгодог.

Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, энэ хүнд үндсэн гүйцэтгэх засаглал хамаарна, ерөнхий сайдыг ерөнхийлөгч томилно, ерөнхий сайдаар парламентын сонгуульд олонхи болсон нам эвсэлийн тэргүүнийг томилно. Хууль тогтоох засаглалыг дээд - Ражья сабха, доод – Лок сабхи нэртэй хоёр танхимт парламент хэрэгжүүлнэ.

Дээд танхим 254 гишүүнтэй, 6 жилд нэг удаа сонгогдоно. Доод танхимын 545 депутатын 543-ыг нь бүх ард түмний сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгоно, үлдсэн 2 гишүүнийг ерөнхийлөгч томилдог. Ерөнхий сайд болон засгийн газар хууль тогтоох байгууллага парламентын доод танхимын өмнө хариуцлага хүлээдэг. Шүүх засаглал 3 шатлалтай, Дээд шүүх, дээд зэргийн шүүх, бага буюу жижиг шүүх гэсэн 3 шатлалтай. Дээд шүүх нь хууль эрх зүйн хувьд бие даасан, хэрэв муж болон нутаг дэвсгэрт мөрдөж байгаа хууль тогтоомж хууль зөрчиж байна хэмээн үзэх тохиолдолд хуулийг цуцлах эрхтэй, ийм том эрх мэдпэлтэй байгууллага байна.


Дотоод бодлого

Энэтхэг улс нь маш их хүн амтай орны нэг, тус улсын түүхэнд Энэтхэгийн үндэсний конгресс нам он удаан жил засгийн газрыг тэргүүлж ирсэн. Энэ нам 1977-1980 онд ерөнхий сайд Индира Ганди улс оронд онц байдал зарласанд ард олон дургуйцаж, үүний дүнд “Жаната” намд сонгуульд ялагдаснаар засгийн газрыг тэргүүлээгүй, адраа нь 1989 онд Үндэсний фронт эвсэл сонгуульд ялсан ч гэлээ 2-хон жил засгийн газрыг тэргүүлсэн. 1996-1998 онд засгийн газрыг нэлээд олон эвсэл толгойлсон ч гэлээ засгийн эрхэнд удаан тэсэж чадаагүй, 2004 онд Энэтхэгт болсон сонуугльд Энэтхэгийн үндэсний конгресс нам олонхи болж, эвсэлийн Засгийн газар байгуулж байсан түүхтэй.


Гадаад бодлого    

Энэтхэг улс 1947 онд тусгаар тогтносноос хойш дэлхийн олон оронтой найрсаг харилцаа тогтоож ирсэн. 1950-иад онд Энэтхэг улс Африк болон Ази тивд европын колониудад тусгаар тогтнол олгохын төлөө тэмцэж ирснээр олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэсэн, Энэтхэгийн арми 1987-1990 онд хөрш зэргэлдээ орших Шри-Ланкад, мөн Мальдивын аралд “Кактус” нэртэй энхийг сахиулах үйл ажиллагаанд богино хугацаанд оролцсон.Энэтхэг улс Хамтын нөхөрлөлийн гишүүн төдийгүй Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчийн нэг. Энэтхэг-хятадын хилийн дайн болон 1965 оны Энэтхэг-Пакистаны хоёр дахь дайны дараа Энэтхэг улс АНУ-тай харилцаа холбоогоо таслахын тулд ЗСБНХОУ-тай нэлээд ойртон нөхөрлөсөн байдаг.

Хүйтэн дайн дуустал энэ бодлогоо баримталсан. Энэтхэг нь газар нутгийн маргаантай Жамму-Кашмираас болж Пакистантай 3 удаа дайтсан. Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс Зүүн өмнөд азийн орнуудын холбоо-АСЕАМ, Зүүн өмнөд азийн хамтын ажиллагааны бүс нутгийн холбоо, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд нэлээд чухал үшүрэг гүйцэтгэх болж ирсэн. Энэтхэг улс НҮБ-ыг үүсгэн байгуулагч гишүүн орны нэг төдийгүй тус байгууллагаас хэрэгжүүлдэг энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог, тухайлбал энэтхэгийн 55 мянга гаруй цэрэг дэлхийн 4 тивд явуулсан энхийг сахиулах 35 ажиллагаанд оролцсон байна.

Энэтхэг улс цөмийн зэвсэгтэй гүрэн, тус улсыг энэ тал дээр маш их шүүмжилж, хориг тавина хэмээн айлган сүрдүүлж байгаа ч гэлээ тус улс Цөмийн туршилтыг хориглох тухай гэрээ болон Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурахаас татгалздаг. Тэд үүнийхээ хариуд цөмийн хөтөлбөрөө хяналтаа байлгана гэх амлалт өгдөг. Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн засгийн газар АНУ, БНХАУ, Пакистантай харилцаа холбоогоо сайжруулах тал дээр багагүй хүч чармайлт тавьж байна. Мөн эдийн засгийн салбарт Өмнөд Америзк, Ази, африкийн орнуудтай ойр дотно харилцаатай.


Эдийн засаг 

Энэтхэг улс тусгаар тогтнол олсноосоо хойшхи түүхийн ихэнх хугацаанд засгийн газар хувийн секторт хөндлөнгөөс оролцсон, гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтад хатуу хяналт тогтоосон социалист эдийн засгийн бодлого баримталж байлаа. Гэвч 1991 оноос эхлэн Энэтхэг улс эдийн засагтаа либерал өөрчлөлт шинэчлэл хийж, өөрийн зах зээлээ олон улсад нээлттэй болгож, эдийн засгийн салбар дахь засгийн газрын оролцоог багасгасан. Ингэснээр тус улсын алт, валютын нөөц 1991 оны гуравдугаар сараас 2013/2014 оны санхүүгийн жилийн сүүл хүртэлх хугацаанд 5.8 тэрбум америк доллараас 304.2 тэрбум доллар хүртэл өссөн байна.

Холбооны улсын болон мужуудын төсвийн алдагдал мэдэгдэхүйц буурсан байдаг. Эдийн засгийн зарим секторт хувийн болон гадаадын оролцоо өсөн нэмэгдсэн. 1990-2000 онд улсын гадаадад төлөх өрийн хэмжээ буурсан, тухайлбал 1990-91 онд энэ үзүүлэлт 59,9 хувьтай байсан бол 2000/01 онд 44,1 хувь, 2010/11 онд 25,6 хувь хүртэл буурсан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1,089 триллион долларт хүрсэн дэлхийн эдийн засагт Энэтхэг улс 12-т бичигдэх болсон юм. Худалдан авах чадамжийн хувьд ярих юм бол Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4,726 триллион долларт хүрч дэлхийд 4-т орж байна. Нэг хүнд оногдох орлогын хувьд 977 доллар болсон нь тус улсыг энэ үзүүлэлтээр дэлхийд 128-д оруулах боллоо.

Сүүлийн 20-иод жилд дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 5,5 хувьд хүрсэнээр Энэтхэгийн эдийн засаг дэлхийд маш хурдан өсөлттэй эдийн засгийн нэг болон хувирсан. Энэтхэг улс ажиллах хүчний тоогоор 516,3 сая гэсэн үзүүлэлтээр дэлхийд 2-т ордог, ажиллах хүчний 60 хувь нь хөдөө аж ахуйд, 28 хувь нь үйлчилгээний салбарт, 12 хувь нь аж үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Хөдөө аж ахуйн гол таримал нь цагаан будаа, үр тариа, хөвөн, цай, чихрийн нишэнгэ, төмс. Хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 28 хувьыг эзэлдэг, харин үйлчилгээ, аж үйлдвэрлэлийн салбар тус бүр 54 хувь, 18 хувьийг эзэлнэ. Аж үйлдвэрлэлийн гол салбар нь авомашин үйлдвэрлэл, хими, цемент шохой,цахилгаан бараа бүтээгдэхүүн, цахим бараа бүтээгдэхүүн, хоол боловсруулах, машин үйлдвэрлэл, ашигт малтмал олборлолт, нефть, гоо сайхны бараа бүтээгдэхүүн, төмөр боловсруулах, оёдлын салбар байна.

Энэтхэг улсад эдийн засгийн өсөлт хурдацтай хөгжихийн хажуугаар эрчим хүчний хэрэглээ маш хүчтэй нэмэгдэж байна. Статистик мэдээгээр, Энэтхэг улс нефтийн хэрэглээгээр дэлхийд 6, чулуун нүүрсний хэрэглээгээр 3-т орж байна. Сүүлийн 20-н жилд Энэтхэгийн эдийн засаг тогтвортой өсөж байгаа ч нийгмийн янз бүрийн бүлэг, газар бүс нутаг, орон нутгийн болон хотын газар нутгийг харьцуулаад үзэхэд эдийн засгийн өсөлт тийм ч тэгш бус байсан нь харагдана. Энэтхэгт баян ядуугийн ялгаа маш их, маш тод харагддаг, эдийн засаг нь өсөн нэмэгдэж байгаа ч гэлээ нийт хүн амын дөрөвний нэг нь ядуугийн түвшнээс доогуур, өөрөөр хэлбэл өдөрт 40 америк цент хүрэхтэй үгүйтэй мөнгөөр амь зогоож байна.

Сүүлийн үед Энэтхэг улс англи хэлээр ярьж чаддаг олон тооны өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үндэстэн дамнасан корпораци үүсгэн байгуулах, анагаах ухааны буюу эмнэлгийн аялал жуулчлалын төв болж ирсэн. Мөн Энэтхэг улс программ хангамжийн мэргэжилтэн экспортлогч болж хувирсан, үүнд мөн санхүү, үйлчилгээний салбарын мэргэжилтнүүд бас хаамрна. Энэтхэг улсын байгалын гол баялаг нөөц гэвэл газар тарилан, нүүрс, эрдэс баялаг, төмрийн хүдэр, шохой, марганц, байгалийн хий, нефть юм. Санхүүгийн 2010/11 онд тус улс 250,5 тэрбум америк долларын бараа бүтээгдэхүүн  экспортолж, 380,9 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн импортлосон байна.

Экспортын гол баяр суурийг машин болон тоног төхөөрөмж 21,4 хувь, гар хийцийн бараа бүтээгдэхүүн 16,8 хувь, химийн бараа бүтээгдэхүүн 12,8 хувь, хүнс болон хөдөө аж ахуйн түүхий эд 10,0 хувь, бэлэн хувцас, оёмол бараа бүтээгдэхүүн 8,1 хувь эзэлж байна. Энэтхэг улсын гол худалдан авагч нь европын холбоо 20,2 хувь, АНУ 10,9 хувь хоёр юм. Энэтхэг улсын худалдааны гол түнш нь АНУ, Европын холбоо болон Хятад улс юм.


Гадаад өр

1980-аад оны сүүлээр Энэтхэг улсын гадаад өрийн хэмжээ 83,8 тэрбум долларт хүрснээр гадаад өрийн асуудал хүндэрч ирсэн. Гэтэл 1980-аад оны эхээр энэ өр дөнгөж 23,5 тэрбум доллар байлаа. Санхүүгийн 2001/02 онд байдал бага зэрэг сайжирч Энэтхэг улсын гадаад өр 43,6 тэрбум доллар хүртэл багасч сүүлийн 5 жилд бараг өөрчлөгдөөгүй байна. Гэтэл 2010/11 онд улсын өрийн хэмжээ эрс өсөж энэ ондоо 78,2 тэрбум долларт хүрсэн байна. Улсын өр өсөхийн хажуугаар гадаад өр ч гэсэн өсөж, 2005/06 онд 92,9 тэрбум байсан гадаад өрийн хэмжээ 2010/11 онд 227,7 тэрбум долларт хүрч өссөн байна.


Гадаад худалдаа       

Тусгаар тогтносон Энэтхэг улсын гадаад худалдаанд импорт экспортоо  давамгайлж ирсэн. Тусгаар тогтнолоо зарласны дараах эхний 10-аад жилд гадаад худалдаа өсөж байсан ч маш удаан өсөж байлаа, 1950/51 онд 2,5 тэрбум доллар байсан бол 1970/71 онд 4,2 тэрбум долларт хүрсэн, энэ бол маш удаа өсөлт. Харин даараа нь хэсэг хугацаанд жинхэнэ үсрэлт бий болж, 1980/81 онд гадаад худалдааны хэмжээ 24,4 тэрбум доллар, 1990/91 онд 42,2 тэрбум долларт хүртлээ өссөн байгаа. Үүнээс хойш ч гэсэн тухайлбал 1990-2000 онд гадаад худалдааны хэмжээ эрс өсөж 2001-02 онд 95,2 тэрбум долларт хүрсэн бол 2010/11 онд 631,4 тэрбум долларт хүрсэн. Энэтхэг улсын импортын бүтэц ч гэсэн өөрчлөгдөж, үр тарианы импорт бараг 0 болсон байна.

 


Хилийн чинад дахь хөрөнгө оруулалт

2013 онд Энэтхэг улс хилийн чанадад 1,7 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин улс оронд гаднаас орж ирсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 119,8 тэрбум долларт хүрчээ. Нэлээд удаан хугацаанд дэлхийн хөрөнгө оруулалтын салбарт Энэтхэг улсын оруулсан хувь нэмэр маш бага, бараг юу ч үгүйд тооцогдож байсан, 2004 онд л гэхэд Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар эзлэх хувь 3,5 тэрбум доллар буюу 0,07 хувь л байлаа. Гэтэл 2004-2009 онд эрс үсрэлт бий болж, хилийн чанадад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 77,2 тэрбум доллар хүртэл өсөж, улс оронд орж ирсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 2,2 тэрбумаас 16,0 тэрбум долларт хүрсэн. 2011/12 онд Энэтхэг улсын гадаад хөрөнгө оруулалт дараах байдлаар хийгджээ: Маврикий – 23 хувь, Сингапур – 19 хувь, Нидерланд – 12 хувь, АНУ – 9 хувь, Их британи – 4 хувь, Арабын нэгдсэн Эмирт улс – 4 хувь.


Боловсрол  

Энэтхэгийн ихэнх их, дээд сургуулиудад сургалт англи хэл дээр явагддаг, мөн их дээд сургуулиудын сургалтын түвшин европын их сургуулиудын түвшинд очсон гэж хэлж болно. Сургалтын төлбөр жилийн 15 мянган америк доллар. Энэтхэгт одоогийн байдлаар 504 их дээд сургууль сургалт явуулж байна, 1950 онд энэ тоо дөнгөж дангаж 27 байсан юм. Сүүлийн хэдэн арван жилд техникийн боловсрол олгодог их, дээд сургуулиуд зонхилох болсон, одоогоор 185 их, дээд сургууль инженер, техникийн мэргэжлээр аспирантурт суралцахыг санал болгож байна.    

Нийтэлсэн: Т.Цогтоо

АСЕМ: Энэтхэг улс  
Үзсэн: 16182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй