
“Болор цом”-ын эзэд нэгэн тайзнаа гарах нь ээ, ямар сайхан юм бэ”. Энэ өгүүлбэрийг яруу найрагт дуртай, үнэнч сонсогч, үзэгчид л хэлнэ.
МҮОНРТ-ээс санаачлан МЗЭ-ийн хороотой хамтран өчигдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулсан “Болор цом”-ын эздийн цэнгүүн болохоос өмнө дээрх өгүүлбэрийг олон хүн хэлж байв.
Хүлээсэн хугацаа улам удаан өнгөрч буй мэт санагддаг болохоор догдлуулсан мөч тэмээн хөсөг аятай тайвуухан айлчлав аа. Тухайн арга хэмжээ яруу найргийн наадам биш, цэнгүүн болохоор үзэгчид зөвхөн таалан сонирхохыг л хүссэн нь илт. Хэний шүлэг иртэй, хэний шүлгийн ур дутсан байна вэ гэдгийг ажихгүй, яруу найрагчид зөвхөн өөрсдийнхөө биеэр ямар шүлгээ сонгож унших бол л гэж бодож очсон болов уу.
Сүүлийн үед тоглолтын тасалбар ихэвчлэн албан хүчээр буюу “шахаа”-гаар зарагддаг болсон. Тэгвэл өчигдөр болсон цэнгүүний тасалбар тийм байсангүй. Тасалбар эрт зарагдаж дууссан нь зарим хүний бухимдлыг төрүүлж байв. Тоглолт эхэлчихээд байхад тасалбар “нэхэн” үүдэнд эргэлдэх хүн цөөнгүй байсан. Тоглолтыг үзэхээр орон нутгаас ч хүмүүс зорьж иржээ.
Нийслэлд оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмаас гадна яруу найрагчдын ийм үдэшлэг дутагдаж байсныг үзэгчдийн яриа болоод тооноос харж болохоор байлаа. Тэгээд ч найрагт дуртай хүмүүс тансаг шүлгүүдийг зохиогчоор нь дуудуулан сонсоно гэдэг их аз юм.
Тоглолт товлосон цагаасаа 20 гаруй минут хоцорч эхлэхэд ч үзэгчид хүндэтгэлтэй хандаж, шүгэлдэж, алга ташин хүлээж авсан. Дээхэн “Болор цом” наадам МҮЭСТО-д болдог байхад үзэгчид дотор багтахгүй хаалганы гадна зогсоод шүлэг сонсдог байсан гэдэг. Зарим нь хаалгыг нь эвдэж байсан гэх нь ч бий.
Халуун дулаан уур амьсгал дунд эхэлсэн энэ цэнгүүнийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь үг хэлж нээсэн юм. Тэрбээр “Болор цом” наадам энэ жил 33 дахь удаагаа болсон. Энэ хугацаанд олон сайхан шүлэг уншигч олны хүртээл болсон. Онгод, хийморьтой найрагчидтай энэ үдшийг хамт өнгөрөөж, шүлгийг нь сонсох гэж буйдаа баяртай байна. Найрагч түмний минь онгод хийморь мөнхөд өөдөө байх болтугай” гэсэн юм.
Тус цэнгүүний тасалбарын орлогыг МҮОНРТ “Рио-2016” олимпийг орон даяар шууд дамжуулахдаа нэмэрлэнэ.
П.Бадарч гуайн үг бүхэн инээд, ухаарал хайрлана
Цэнгүүний хөтлөгчөөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч П.Бадарч, “Болор цом”-ын хошой эзэн Б.Ичинхорлоо нар ажилласан.
П.Бадарч гуай дөрвөн жилийн өмнөх “Болор цом” наадмыг хөтлөхдөө “Би энэ наадмыг олон жил хөтөллөө. Өнөөдрөөр өндөрлүүлнэ ээ. Надад энэ ажлыг дахин битгий даалгаарай. Өвгөрөөд ирэхээр шүдний завсраар шүлс үсрээд байх юм. Би үзэгчдээ хүндэлмээр байна” хэмээн учирлаж байсан. Гэвч түүнийг дахин танил албандаа томилогдоход үзэг нэгт найз, дүү нар нь “Давахгүй гэсэн даваагаараа гурав давна гэдэг энэ дээ” хэмээн инээлдэж, хошигнож байв. П.Бадарч сайн хөтлөгч, үзэгч уран бүтээлчдийг улам нэгтгэж чаддаг авьяастан билээ. Түүний хэлсэн үг бүхнээс үзэгчид инээд, ухаарал, сургамж, тэр ч бүү хэл, найрагчдын дунд болсон хөгжилтэй явдлыг сонссоор байгаад цаг оройтсоныг ч анзаараагүй юм.
Тэр архи биш кофе уусан юм шүү
Тэртээ 1983 онд анх удаа болсон “Болор цом”-ын эзэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Хүн төрөлхтөнд өргөх шүлэг”-ийг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Ганбаатар уншиж, яруу найргийн цэнгүүнийг эхлүүлсэн. Түүний дараа өндөр хэмээн нэрлэгддэг Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Д.Цоодолыг тайзнаа урьсан юм. Түүнийг микрофоны өмнө бараг ирж амжаагүй байхад П.Бадарч “Б.Лхагвасүрэн та хоёр “Болор цом”-ыг гурав, Ц.Чимэддорж агсан, Ц.Хулан, Б.Ичинхорлоо нар хоёр удаа хүртсэн. Гэхдээ энэ наадмын ихэнхийг нь манай нутгийнхан гардсан юм шүү” гээд Төв аймгийнхнаараа тэрүүхэндээ бахархаад авна билээ. Ардын жүжигчин А.Долгорыг дуулахад хүртэл “Энэ дуучин бас манай нутгийнх” гээд “өмчирхөв”.
Д.Цоодол “Миний муусайн найз нар”-аасаа эхлээд гурван ч шүлэг уншсан. Тус цэнгүүнд Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, Б.Лхагвасүрэнг шүлгээ уншихыг хүлээсэн хүн олон байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй билээ. Тиймээс түүний 1985 онд “Болор цом”-д уншиж байсан “Эдлэн” шүлгийг дэлгэцнээс үзүүлсэн юм. Мөн яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, эмч Т.Очирхүү агсны “Чулууны магтаал”-ыг Монголын радиогийн нэвтрүүлэгч Д.Сайнтод уншсан бол Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч П.Бадарч “Тэмээ” шүлгээ “буйлуулсан”.
Т.Галсан “Жирмийн сүлжээ”-гээ унших байсан ч нутаг руугаа явсан сураг сонсогдсон болохоор Ц.Чимэддорж агсны “Малчин” шүлгийг өөрийнх нь уншилтаар дэлгэцнээс үзүүлсэн. Энэ үед П.Бадарч “Энэ хүн намайг багшаа гэдэг байсан ч миний заах гэдэг хаашаа харсан юм байх вэ. Агуу авьяастай тэр өдгөө тэнгэрийн оронд шүлгээ туурвиж яваа. Сархад хэмээх зүйлийг хааяа татчихдаг байсан түүний өмнөөс би одоо нэг хүртэе” гээд өмнөө тавьсан аягатай кофегоо балгаж, үзэгчдийг инээлгэв. Зарим нь түүнийг нээрээ л архи уучихлаа гэж итгэсэн байж магад. Яг үнэндээ тэр архи биш кофе уусан юм шүү. Энэ үеэр үзэгчдийн дундаас сэтгэл нь хөөрсөн нэгэн залуу “Та мөнх наслаг ээ” хэмээн гурван удаа хашгирсан нь хүмүүсийн алга ташилт, инээдээр “чимэгдэв”. Мөн МҮОНТ-ийн редактор Ж.Сарантуяа найрагчдын шүлгээр элэглэл бичсэнээ уншиж, үзэгчдийг баясгалаа.
Цэнгүүнд урилгаар оролцох хүмүүсээс Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан, зохиолч, яруу найргийн бичгийн сод туурвигч Д.Урианхай, Ж.Мөнхбат, Л.Хасар, Б.Галсансүх, Х.Эрдэнэбаатар, Д.Болдхуяг, Н.Гантулга, Л.Моломжамц нар оролцож амжаагүй. Харин МЗЭ-ийн дарга Г.Мөнхцэцэг, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Ж.Баяржаргал, Ш.Лхамноржмаа, Б.Мягмаржав, Ц.Эрдэнэбаатар нар ирж шүлгээ сонсгосон. Мөн тэд зохиосон дуугаа Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Түвшигтөгс, дуучин Л.Чулуунбаатар, Х.Батмэнд, П.Идэржавхлан, Ч.Алтантүлхүүр нарын зэрэг уран бүтээлчдээр дуулууллаа.
Б.Ичинхорлоог үзэгчид дахиулав
П.Бадарч гуайн хөтлөлт үзэгчдэд их таалагдсан. Тэрбээр “Одоо би та бүхний өмнө дэргэдээ суугаа шингэн дуутай бүсгүй Б.Ичинхорлоог шүлгээ уншина уу хэмээн урья” гэж зарласанд Б.Ичинхорлоо “Яруу найргийн талбарт цэрэг болж яваа би хаан найргийн генералуудын нэг П.Бадарч ахынхаа үгэнд оролгүй яах вэ. Намайг энэ хүн хөтлөгч хүртэл болгосон ачтан байгаа юм” хэмээн хоёр шинэ шүлэг уншаад суухад нь үзэгчид алга ташилтаа зогсоосонгүй. Түүнийг үзэгчид дахиулахыг хүсчээ. Б.Ичинхорлоо “Тэнгэр” хэмээх алдарт шүлгээ хэлээд суудлаа эзэлсэн. Мөн удахгүй яруу найргийн шинэ номоо хэвлүүлэх гэж буйгаа дуулгасан. Хоёр жилийн өмнөх номондоо алс холын АНУ-д ажиллаж, амьдарч байхдаа бичсэн шүлгээ багтаасан бол энэ удаад тэрбээр эх орондоо бичсэн шүлгүүдээ эмхэтгэх аж.
Найргийн хуртай үдэш | ||
Үзсэн: 5760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.