
Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь заалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг үндэслэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг боловсрууллаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалах, төсвийн бодлогод шинэчлэл хийж, төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байна гэлээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын 116 бодлогын арга хэмжээтэй бөгөөд зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, бусад хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх яам, байгууллагыг мөн тусгажээ.
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буураад байгаа энэ үед эдийн засгийн эерэг өсөлтийг хадгалах, инфляцийн түвшинг 5-7 хувьд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 6.9 хувьд хүргэх, нэгдсэн төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 0.0 хувьд байлгах, төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдлыг бууруулж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 116 бодлогын арга хэмжээ тусгасан бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд нийтдээ 3,247.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаар байна. Үүнд, улсын төсвийн хөрөнгөөр 210.7 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээр 970.2 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 2037.3 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээр 29.5 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөн тусгасан гэж төслийн танилцуулгад дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан асуулт асууж, хариулт авсаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн юм.
Эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай хэлэлцлээ | ||
Үзсэн: 1870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.