
Хотоор нэг гялгар уут. Цэнхэр, ногоон, цагаан өнгө өнгийн гялгар уутнууд жаахан салхи гарвал дэрвэлзэн нисч, модны мөчир, дэрс бутанд тээглэн намирна. Хот тохижилтынхон түүгээд, түүгээд хүчирдэггүй бололтой. Учир нь энэ хог “далавчтай”, салхиар дамжин хаа л бол хаа нисээд явчихдаг. Дэлхийн нэг өдрийн хог хаягдлын 30 гаруй хувийг гялгар уут эзэлдэг. Гялгар уутан савлагаагүй юм ч гэж бараг үгүй. Том дэлгүүрүүд гялгар уутан торыг цаасан тороор халъя гэж нэг хэсэг ярьсан ч тэгсгээд чимээгүй болсон. Хаа нэг бор цаасан уутанд хүнсээ хийж барьсан хүн харагдах нь нүдэнд содон. Гялгар уутанд хүнсний бүтээгдэхүүнийг савлах нь гэдэсний савханцар гээд хэд хэдэн төрлийн нян үүсэх, дамжих хөрс суурь болдог гэдэг. Бас энэ өнгө өнгийн гялгар уут задардаггүй хог. Байгаль дээр 100-400 жил болж, хорт хий ялгаруулан хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байдаг. Ингээд ярих юм бол гялгар уутны тухай эерэгээсээ сөрөг мэдээлэл олон.
Г.Олонбаяр уг нь малзүйч мэргэжилтэй. Хөдөө орон нутагт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж амьдарч байсан түүний хувьд 1990 он ажилгүйдлийг авчирсан. Бусдын адил зах зээлийн шуурганд өртөж, шинэ амьдрал хайж хот суурин бараадахаар шийдэн Дарханд ирж.
Сэлэнгээс Дархан орох замын дагуу хогийн цэг байж. Хаа сайгүй хийсч дэрвэлзсэн гялгар уутнууд. Наашаа цаашаа гарч орохдоо тэр эмзэглэдэг байж. “Үгүй энэ их гялгар уутыг яана аа. Түүж цуглуулаад ямар нэгэн зүйл хийж болдоггүй юм байх даа...” Ингэж бодсоор тэр өөрөө арга чарга хайж эхэлж. Байгальд шингэдэггүй зуун зуун жилийн настай энэ гялгар цаасыг дахин боловсруулж болох арга байж л таарна. Ингээд эрж сурсны эцэст урд хөршөөс оруулж ирсэн үрэл боловсруулдаг нэг машин Дарханд байгааг мэдэж. Тэр машинд хийвэл гялгар уут хайлж таарна. Харин хайлж шингэрсэн тэр зүйлийг хэвэнд оруулаад хүнд хэрэгтэй зүйл хийж болно оо доо. Ингээд хятад машины урд талыг “монголчилж” хэв болгосон байна. Түүний ажил ингэж л эхэлж. Одоо Дархан ордог зам дагуу гялгар уут хийсэхээ больсон. Хуучин хур хогийг ч тэнд байлгахаа больсон. Дарханаас “төрсөн” гялгар уутнууд цуглуулагдаж халуун зууханд ороод сандал, хогийн сав, траншейны таг, төрөл бүрийн хашааны шон болон гарч ирдэг. Зөвхөн гялгар уут ч биш хуванцар савнуудыг мөн ийнхүү дахин боловсруулж бүтээгдэхүүн болгож болно.
Г.Олонбаяр Дарханы гялгар уутнуудыг ийнхүү эмх цэгцэнд нь оруулаад Улаанбаатар хотын гялгар уутнуудыг “дайлаар мордохоор” ирж. Одоо тэр Толгойтын Их наран, Улаанчулуутын хогийн цэгийн орчим бага шиг байшин түрээслээд ойр орчмын төдийгүй хотын үйлдвэр, дэлгүүрүүдээс гардаг гялгар уутнуудыг цуглуулан хайлуулж хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн болгож байна. Өөрөө Дархан, Улаанбаатарын хооронд давхиж, өнөө байгальд шингэдэггүй гайхлуудыг 30-40 жилийн настай, хасах, нэмэх 40 градуст тэсвэртэй хүний амьдралд хэрэгтэй бүтээгдэхүүнүүд болгож гаргасаар. Харамсалтай нь траншейны таг гэх мэт түүний хийсэн бүтээгдэхүүнээс чанараар муу, үнээр илүүг нь урд хөршөөс зөөсөн хэвээр.
Гэтэл түүнийг хүний амьдралд хэрэгтэй, байгальд ээлтэй сайн үйл хийж байгааг нь хаа холын Арабын Нэгдсэн Эмират улсаас тодруулж 2010 онд урьж, алтан цом 30 мянган ам доллараар шагнасан байдаг. Тухайн үед үйлдвэр байгуулах гээд зээл авчихаад түүнийхээ талыг төлж чадахгүй, шүүхэд шилжихдээ тулчихаад байсан түүнд энэ шагнал урам зориг, дахиад цааш шантралгүй ажиллах хүсэл эрмэлзэл, санхүүгийн дэмжлэг болж чадсан гэнэ.
Гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулж хүний амьдралд хэрэгтэй, байгальд ээлтэй үйл бүтээж яваа Г.Олонбаяртай “Нэг өдөр” нэвтрүүлэг ярилцлаа. 2016 оны 05 дугаар сарын 21-ний Бямба гарагийн 18.20 минутаас үзээрэй.
Хогийг “амилуулж” болно | ||
Үзсэн: 4836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.