
Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод буй.
Үүний дагуу Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум наймдугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд Хэнтий аймагт болж өндөрлөлөө. Уг форумд хоёр талын 90 гаруй төлөөлөгч тодруулбал, Монгол Улсын талаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал Г.Байгалмаа, Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнай, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ы байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга хатагтай Улаан, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Жан Чян болон Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шиньхуа агентлаг, Хятадын ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV, Өвөр Монголын радио телевиз, Өвөр Монголын “Монгол судлалын хүрээлэн” гэх зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцов.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд талууд өөр өөр сэдвийг онцлон хэлэлцэж, тулгамдсан асуудлаа ажил хэрэг болгохоор хамтран ажилласан. Энэ жил манай улсад зохион байгуулагдаж буй VII форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөн, үндсэн болон дагалдах илтгэлүүд тавигдлаа.
“Өнгөрсөн онд Алшаа аймагт болсон “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VI форум” нь "Харилцан ойлголцож хамтран ажиллаж хөгжлийн ирээдүйд хөрөнгө оруулъя" уриан дор болсон бөгөөд энэ талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорыг хэрхэн байгуулах, ямар боломж буйг хоёр орны сэтгүүлчид хэлэлцэж, энэ сэдэвтэй холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхээр сэтгүүлчид тууштай ажилласан. Үүний үр дүнд Ази, Европыг холбосон авто замын тээврийн эхний цуваа энэхүү Долоодугаар форум зохион байгуулагдаж буй энэ цаг үед хөдөллөө“ хэмээн форумын нээлтэд хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн.
Энэ жил Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймагт Монгол, Хятадын сэтгүүлчид хуран чуулж, Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр түлхүү ярилцаж, ирэх жил Хөх хотод Наймдугаар форумаар уулзахын ерөөл тавьснаар өндөрлөсөн.
Форумын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумын үйл ажиллагаанд амжилт хүсч, мэндчилгээ ирүүлснийг нийт оролцогчдод уншиж, сонордуулсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тавхан минутын дотор нэг мэдээллээс болж дэлхийн эдийн засгийг унагаад босгож ирж болдог тийм чухал салбар бол хэвлэл мэдээллийн салбар” болохыг онцолсон. Цаашлаад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ы байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга хатагтай Улаан, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Жан Чян нар форумын үйл ажиллагаанд амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлснээр форумын эхний хэсэг өндөрлөж, оролцогчид, зочид төлөөлөгчид дурсгалын зураг авахуулсан юм.
Үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Олон улсын харилцаа”-ны чиглэлээр тавьсан бөгөөд тоо баримт, судалгаа бүхий илтгэлийн агуулга төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татсан. Форумын хүрээнд хоёр улсаас тус бүр зургаан илтгэгч телевизийн, радиогийн, сонины, цахим сэтгүүлзүйн болон гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр сонирхолтой илтгэлүүдийг бэлдэн, хүргэсэн нь мэдээллийн болон түүхэн ач холбогдол сайтай байсан юм.
Форумын албан ёсны үйл ажиллагаа үндсэн болон дагалдах илтгэлүүд тавигдсанаар өндөрлөсөн бөгөөд Хар зүрхний Хөх нуурт хөтөлбөрийн чөлөөт хэсэг үргэлжилсэн. Ингэснээр хоёр орны сэтгүүлдчийн хамтын ажиллагааг нягтруулах, хамтарсан сурвалжлага хийх ажлыг ажил хэрэг болгох зэрэг чухал сэдвүүдээр санал солилцохын зэрэгцээ төлөөлөгчдийг байгалийн сайхан хосолсон, түүхэн дурсгалт Хөх нуурын орчмоор аялуулсан юм.
Энэ удаагийн форумыг зохион байгуулахад Хэнтий аймгийн ЗДТГ, Цэнхэрмандал сумын ЗДТГ болон бусад дэмжиж, хамтран ажилласан байгууллагуудад талархаж байгаагаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийлснийг энд дурдъя.







Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум Хэнтий аймагт боллоо | ||
Үзсэн: 3548 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.