
Газрын доорх ус
Газрын доорх ус нь Монгол орны хамгийн чухал усны эх үүсвэр юм. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаа газрын доорх усны нөөц, түүний боломжоос шууд хамаардаг. Гадаргын ус байхгүй газруудад малчид худгаас усаа авч ашигладаг, мөн газар тариалангийн усалгаанд, уул уурхай болон үйлдвэрүүд нь үйл ажиллагаандаа газрын доорх усыг өргөнөөр ашиглаж байна.
Газрын доорх ус чанарын хувьд ч ундны усны баталгаатай эх үүсвэр болдог. Хүн амын 95 хувь нь унд, ахуйдаа газрын доорх ус, 5 хувь нь гадаргын ус ашигладаг байна. Газрын доорх усыг худаг гарган авч ашигладаг ба зарим газарт булгийн усыг бас авч ашиглаж байна.
Газрын доорх усны нөөцийн тухай
Нөхөн сэргээгддэг нөөц гэж жил бүр хур тундасын нэвчилт, гадаргын усны нэвчилт шүүрэлт, хажуугийн урсацын нөлөөгөөр дахин бүрэлдэх боломжтой усны хэмжээг хэлнэ. Нөхөн сэргээгддэг нөөц, байгалийн нөөц баялаг гэдэг адил утгатай.
Газрын доорх усны нөхөн сэргээгддэггүй нөөц гэж хур тундасын нэвчилт, хажуугийн урсацаас тэжээгдэх боломжгүй газрын доорх усны хуримтлалыг хэлнэ. Нөөц нь нөхөн сэргээгддэггүй газрын доорх усыг дарагдмал ус гэж нэрлэж болно.
Газрын доорх усны ашиглаж болох боломжит нөөц гэж газрын доорх усны нөхөн сэргээгдэх ба нөхөн сэргээгддэггүй нөөцөөс олборлож болох хэмжээг хэлнэ. Ашиглаж болох боломжит нөөц нь ус агуулагч бүрдэл, бүс, үеийн зузаан, тархсан талбай, төрөл (нүх сүвэрхэг, ан цавлаг) зэргээс хамааралтай бөгөөд нөхөн сэргээгддэг нөөц болон нөхөн сэргээгддэггүй нөөцөөс олборлож болох хэмжээгээр тодорхойлогдоно.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Газрын доорх ус гэж юу вэ | ||
Үзсэн: 10666 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.