
Монголчууд бидэнд дахин нэг баярт мөч өнгөрсөн шөнө тохиолоо. “Рио-2016” зуны паралимпийн пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг жинд Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Э.Содномпилжээг анх спортын “амтанд” дурлуулсан философийн шинжлэх ухааны доктор, чөлөөт бөхийн ОУХМ Л.Нямтай холбогдож, дараах асуултад хариулт авлаа.
-Өнгөрсөн шөнө Э.Содномпилжээ хүрэл медаль хүртэж, элэг нэгтнүүдээ баярлууллаа. Тэгэхээр анх спортын гарааг нь чиглүүлсэн танд ч олон түмэн баярлах учиртай. Та түүнтэй хэзээ анх танилцсан бэ?
-2000 оны эхээр юм. Тухайн үед ээж нь Батлан хамгаалах яаманд ажилладаг байсан юм билээ. Э.Содномпилжээ ээжийнхээ ажлын үүдэнд байнга сууна. Нэгэн удаа мөн л тэгээд сууж байхад нь нэг эмэгтэй түүнд хандаж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хичээллэдэг спортын төрөл гэж бий. Чи түүнд явж болно шүү” хэмээж. Ингээд ээжийг нь ажлаасаа гарч ирэхэд нь ч хэлэхэд ээж нь хүүгээсээ асуухад толгой дохисон гэсэн. Спортоор хичээллэж болно гэж хэлсэн эмэгтэй Э.Содномпилжээг их гярхай харсан байгаа юм. Ингээд ээж нь хүүгээ дагуулаад надтай ирж уулзахаар Спортын төв ордонд ирсэн. Би тэр үед Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Надад үнэн учраа хэлэхэд нь би “Чамд хүндийн өргөлтийн спорт л тохирох юм байна. Хөлний чинь бэртлийг ч харсан энэ л таарна. Чам шиг бэртэлтэй хүн ширээний теннис, байт харваагаар хичээллэж болно. Гэхдээ чи хүндийн өргөлтөөр л хичээллэ. Чи тууштай хичээллэж чадна гэвэл би чамд сайн багш олж өгнө” гэж хэлсэн.
-Тэгээд л тэр өдөртөө шинэ багштайгаа уулзсан уу?
-Үгүй. Хэд хоногийн дараа ээж нь түүнийг дахин дагуулж ирэхэд нь би пауэрлифтингийн дасгалжуулагч Ш.Энхсайханыг зааж өгсөн. Ингээд бид дөрөв ярилцаж байгаад маргаашнаас нь бэлтгэлдээ явж эхэлсэн.
-Э.Содномпилжээ анх танд ямар санагдсан бэ?
-Махлагдуу, бяртай байрын хүү харагдсан. Тиймээс л би түүнийг энэ спортоор хичээллэ гэж хэлсэн юм.
-Төрөлхийн бэртэлтэй юм уу?
-Үгүй байх аа. Зургаадугаар ангид байхдаа өвчний улмаас хөлөө тайруулсан гэж дуулсан. Ээж нь гэж их буянтай хүн байна билээ. Түүний төлөө хамаг бүхнээ хийсэн. БХЯ-нд ээж нь ажиллаж байхдаа ахлагч цолтой байсан. Одоо ямар цолтой болсныг нь мэдэхгүй. Э.Содномпилжээг Дубайд болсон ДАШТ-д VII байр эзлээд энэ удаагийн паралимпийн наадамд оролцох эрх аваад ирэхэд нь бид дахин уулзсан. Аав нь Хөвсгөлийнх байсан бол ээж нь Увс аймгийн хүн гэсэн.
-Ээжтэйгээ амьдардаг гэсэн үү?
-Тийм. Бас нэг охинтой гэсэн. Гурвуулаа л амьдардаг гэж байсан. Одоо тэдний амьдрал сайхан болсон. Өмнө нь хэцүүвтэр л байсан даа.
-Түүний анхны амжилтын талаар та яриач?
-2000 оны эхнээс хичээллэж, ганцхан жил болоод байхдаа Бүх ард түмний спортын наадамд өрсөлдөж, алтан медаль хүртсэн. Мөн 2002 оны пара УАШТ-ээс алтан медаль зүүсэн.
-Э.Содномпилжээ ямар мэргэжилтэй юм бэ?
-Багш нь гадаад руу явахаар болоход нь тэр мэргэжил эзэмших ёстой гэсэн үүднээс спортоо түр орхиж, Эдийн засаг бизнесийн дээд сургуулийн нягтлан бодогчийн ангийг төгссөн. Ингээд ах, дүү нарынхаа компанид ч ажилладаг байсан юм билээ.
-Тэгээд спортоороо дахин хэзээнээс хичээллэсэн юм бэ?
-2009 оноос. Ш.Энхсайхан багш нь гадаадаас ирээд байхад нь автобусанд санамсаргүйгээр таарч, тэдний бэлтгэл дахин эхэлсэн гэдэг юм.
Л.Ням: Э.Содномпилжээд хүндийн өргөлтийн спорт л тохирохоор харагдсан | ||
Үзсэн: 2511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.