
Саарал хот, бүүдгэр төрх
Саарал байшингийнхаа буянаар чамгүй олон газраар явж олон хүнтэй танилцжээ. Томилолт бүр дурсамжтай хэдий ч туршлага болж, хашир суулгасаар байдаг. Гадаад томилолт гэдэг үнэндээ ховорхон олдох эрх байдаг л даа. 1930-аад онд тухайн үеийн Монголын ээдрээтэй, бужигнаантай нийгмийн байдлаас болоод олон зуун өрх айл хилийн чинадад дүрвэн нүүдэллэсэн тухай баримтат кино хийхээр хэсэг уран бүтээлч бид Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт очиж ажиллан түүхийн гэрч болсон олон настантай уулзаж ярилцлага авсан юм.
Дүрвэн гарсан дээрх айлуудаас 3 монгол айл Өвөрмонголоор дамжин Түвдэд хүрч тэндээс цаашлаад Энэтхэгийн нутагт суурьшсан байдаг юм. Энэ 3 айлын нэг болох Чанарав гуайн үр хүүхдүүд баримтат киноны талаар сонсоод Очирдара хувилгааны хамт ээж, аавтайгаа амьдарч байсан газар, гэр орноо, бууриа эргээд ирье гэсэн санаачилга гаргасны дагуу бид аяны дөрөөгөө Энэтхэгийн зүг эргүүлсэн юм.
Бүгчим халуун, бүүдгэр тэнгэр, бохир заваандуу гудамж, гуйлга гуйн зогсох ядуус хамгийн түрүүнд нүдэнд туссан содон дүр зураг байлаа. Бидний аялал Дели хотоос орон нутгийн онгоцоор 2 цаг гаран нисээд Силингуру хот, цааш машинаар 5-6 цаг явж Калимпонг хотод хоноглох төлөвлөгөөтэй эхэлсэн юм. Олон хүнтэй Солонгос, Япон гэх зэрэг улсад дэс дараалал, цаг минутаа яг таг баримтлах, нарийн чанд мөрддөг замын хөдөлгөөний дүрэм зэрэг нь нүднээ илт харагддаг.
Гэтэл аливаа зүйлд дугаарлан зогсохдоо шахах, урдуур дайрах, замын хөдөлгөөнд эмх замбараагүй оролцох, урсгал сөрж давхих 3 дугуйтуудын шахалт, дуут дохиогоо дураараа, хүссэн үедээ орилуулах жолооч нар гээд олон сөрөг зүйлсийг харж бухимдаж явав. Заримдаа манай улсын нийтлэг дүр төрх ч тэнд харагдах шиг.
Машинаас буухад энэтхэг залуус ачаа, гар тээшийг маань зугтаах шахам авч 10 алхам хүрэхгүй газар аваачиж тавьчихаад шууд л гарын мөнгө нэхнэ. /Зөөгөөд өг гэж гуйгаагүй байхад шүү дээ/. Зочид буудлын үүдэнд зогсох залуус хүртэл гарын мөнгө нэхэж л байна. Үнэндээ 20 рупи бол тэдний хувьд чамлалттай санагдах нь бий. Гэтэл манайд рупи зардаг газар байхгүй шахам, хэдхэн ченжийн хэлсэн үнээр буюу 45-аар авсан болохоор үржүүлж бодоод гамнахыг хүснэ.
Уулын хот, Оддын чөлөөнд
Силингуру хоын Багдогра онгоцны буудлаас такси хөлслөн авч Калимпонг хотыг зорив. Явах зам бартаатай, хөдөлгөөн ихтэй, уулын зам нугалаа мушгиа олонтой. Замдаа жолооч биднийг Түвд хоолны газар зогсож хоол идэж, цай уухыг санал болголоо. Энэтхэг хүмүүс мах идэх нь ховор, голчлон гамбир, халуун ногоо ихтэй шоштой зутан, төмс иднэ. Халуун ногооны хувьд кимчитэй харьцуулах юм биш. Үнэхээр хэл дарвигануулсан их халуун ногоо, перц ашиглаж хоолоо бэлтгэнэ.
Харин Түвд хоолны газарт монгол маягийн хоолнууд бий. Чоумен гэдэг бол цуйван л гэсэн үг. Гэхдээ тахианы махтай. Цай нь чихэр биш давс хийгээд уувал яг л монгол сүүтэй цай шиг. Эндэхийнхэн дэлхийд алдартай Даржилин цайгаараа бахархах дуртай юм билээ. Английн колони байх үед нь Даржилин цайг дэлхийд гаргаж бренд болгосон гэдэг.
Эндээс бид адармаатай аялалаа эхэлсэн юм. Учир нь Калимпонг хот уулын хот юм. Таван цаг гээд л харанхуй болчихсон тул бид шөнөөр очих газраа төсөөлж ядан явлаа. Калимпонг хот тэр харагдаж байна хэмээн цуг явсан хүмүүсийн заасан зүгт харвал тэнгэрт гялалзах одод үзэгдлээ. Од юм биш үү гэхэд тэд инээлдэж үгүй ээ, хот харагдаж байна гэх нь тэр. Тийм өндөрт хот байгаад, тэгээд тэнд хүрнэ гэдэг санаанд багтамгүй. Хамт явсан хүмүүсийн заримынх нь царай цайж, дотор нь муухайрсан.
Учир нь замын хашлага байхтай байхгүйтэй замаар уулын зам огцом эргэхийг, жолооч дуут дохиогоо хангинуулан давхих, эгц урдаас ирэх машинууд тэр нарийн замаар шүргэх шахам өнгөрөх гэх мэт бол бидэнд айдастай санагдаж байлаа. Яван явсаар, өгсөж давхисаар далайн түвшнээс 1200 метрийн өндөрт гараад ирэв ээ. Уулын ус хоржигонон урсаад сэрүүхэн гэж жигтэйхэн.
+34 хэмийн халуунтай Дели хотод бүгчимдэж байсан бол энд ноосон цамц, давхар өмд өмсөхөөс наашгүй хүйтэн байлаа. "Mountain view" гэсэн сайхан нэртэй ч тун тааруухан үйлчилгээтэй, бохирдуухан буудалд хонохчоо аядав.
Ор, дэрний цагаан хэрэгсэл нь өнгө алдаж бохирдсон, үнэр танар гэж жигтэйхэн. Өглөө эрт 5 цаг гэхэд нар мандаж Гимлайн нурууны салбар уулсын буурал тэргүүн гялалзан үзэгдэхэд сэтгэл сэргээд л явчихлаа. Зургийн аппарат, гар утсаа барин хэдэнтээ зураг дарж бичлэг хийгээд амжлаа. Нарийн гудамжаар алхсаар алсын бараа илүү сайн харагдах өндөрлөгт ирвэл бидний ирсэн зам тээр дор мушгиралдан харагдана. Уулын налуу уруу байшингаа барьсан байх нь сонин. Энэ сүрлэг уулсын орой, энгэрээр дүүрэн айлуудын гэр байшин сахар асгачихсан юм шиг ярайж үзэгдэнэ.
Морь, тэмээ унасан Монголчууд алс холын Энэтхэгт хүрч амьдарсан түүх
Зураг авалт эхэллээ. Ч.Сийлэгмаа гэдэг энэ хүний ээж, аав нь Очирдара хувилгааныг дагаж эх орноосоо 1930 онд өмнөд хилийг даван Өвөрмонголд Диловийн хошуунд амьдарч байжээ.
Цаг наашлан эх нутгаа орхин дүрвэн нүүсэн Монголчууд гэдрэг буцахад Сийлэгмаа гуайн аав, ээж Очирдара хувилгааныг дагаж хоёр монгол айлын хамт Түвдээр дамжин Энэтхэгийн Калимпонг гэх энэ хотод ирж суурьшжээ. Ч.Сийлэгмаа гуайн аавыг Чанарав гэдэг. Чанарав гуайнх дөрвөн хүүхэдтэй. Тэд бүгд Энэтхэгт төрж өссөн.
Тэд гэртээ ээж, аав нь монголоор ярьдаг байсан ч хүүхдүүд ойлгохоос илүүгүй, харин хүүхдүүд нь америк, англи сургуулиудад сурч байсан учир англи болон хинди хэлээр хоорондоо ярилцдаг байжээ. Ахлах ангийн сурагч болсон хойноо Сийлэгмаа гуай Монгол гэдгээ мэдээд ихэд гайхаж байсан гэдэг. Дүү нартаа болон хамт очсон Монгол айлынхаа хүүхдүүдтэй "Бид чинь Монгол хүмүүс юм байна шүү дээ" хэмээн ярилцаж Монголын талаар илүү ихийг мэдэх болсноо дурссан юм.
Эгэл жирийн малчин ээж, аав нь хүний нутагт хүүхдүүдийнхээ боловсрол мэдлэгт нь ихэд анхаарч, тэр бүр Энэтхэг айлын хүүхдүүд сураад байдаггүй Англи, Америк сургуульд сургажээ. Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг, эдлэл хэрэглэл, зан заншил, амьдрал ахуйн талаар үргэлж ярьж өгдөг байж. Чанарав гуайнхтай хамт Мөнхжамц, Шатар /Инээмсэглэл хамтлагийн дуучин, ая зохиогч Д.Цогдэлгэрийн аав/ хэмээх Монгол айлууд хаяа зэргэлдээ амьдарч Очирдара хувилгааны айлдсанаар Варанаси, дараа нь Массури хотод нүүж очсон байдаг юм.
Калимпонг хотод зураг авалт хийх үеэрээ бид Өвөрмонголоос мөн л дүрвэн нүүдэллэн ирж суурьшсан цахар лам Жамбаа хэмээх хүний хүүтэй уулзсан. Ж.Амарсанаа гэх тэр хүн Монгол дахь ЭУЭСЯ-нд ажиллаж байсан болохоор Монгол хэлээ мартаагүй байлаа.
Харин аавынхаа тухай дурсахдаа "Манай аав цахар хүн байсан. Хүүхэд байхад Монгол хэлээ сурахгүй, монголоор ярихгүй бол хоол өгөхгүй суулгачихдаг байсан. Ээж минь Сэким хүн. Аав, ээжид Монгол хэл зааж сургасан юм шүү дээ. Гэвч аав минь нас бараад олон жил болсон учир бид монголоор ярихаа бараг болиод мартаж байна даа" гэсэн юм. Ээж нь биднийг хараад Монголоор ойр зуурын юм ярьж нутгийн хүмүүсээ харсан мэт баярлан хөөрч байлаа.
Варанаси хот, хуучин хот
Эндээс бид цааш явж Варанаси хотыг зорьсон. Ингэхийн тулд орон нутгийн галт тэргээр явахаар шийдсэн юм. Силингуру хотын галт тэрэгний буудал бүгчим агаар, бохир заваан сандал, ширээ, өмхий самхай үнэр танар гээд галт тэрэг хүлээж зогсох тэрхэн мөчид тэсэхэд бэрх санагдаж байсан шүү.
Ингээд ашгүй бидний явах галт тэрэг ирлээ. Эйр кондишинтой, арай гайгүй зэрэглэлийн галт тэрэг гэсэн. Ээ дээ, манай галт тэрэг ямар цэвэрхэн, үйлчлэгч нь хичнээн таатай сайхан үйлчилдэг юм бэ гэсэн бодол тээн явлаа.
Энэтхэгт олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон тул тэр олон сая хүнд тамхи татаж байгаа нэг ч хүн харагдахгүй юм. Гэтэл өөдөс харан суусан Энэтхэг залуу гартаа нэг зүйл үрж үрж байснаа буйл, араа хоёрынхоо завсарт хийчихээд зажлаад байхыг анзаарав. Учрыг асуувал нэгэн төрлийн тамхи гэнэ. Утаа гаргахгүй, зажилдаг тамхи гэнэ. Тамхиа зажлахаар ам нь улбар шар өнгөтэй болно. Гэтэл энэ тамхи амны хөндийн хорт хавдар үүсгэдэг. Энэ өвчнөөр сүүлийн үед Энэтхэгчүүд маш их өвчилж байгаа тухай тэд санаа зовонгуй ярилаа.
Галт тэрэг хурдалсаар. Гэвч хаана, ямар газар зогсоод, дайран өнгөрч байгаад мэдэхэд бэрх. Тийм мэдээлэл ер өгөхгүй. Эрх биш галт тэрэг зогсох бүрт ийш тийш харан буудлын нэр хаягийг харж байж газрын баримжаа авна. Шөнийн 1 цагт Варанаси хотын ойрхон зогсох "Могул сарай" буудалд буух ёстой байлаа. Гэтэл мэдээлэл байдаггүй. Галт тэрэгний үйлчлэгч бололтой нэг хүнээс асуутал цагийн дараа бууна гэж хэлчихээд гарын мөнгө нэхэв. Ингэсээр арай хийж "Могул сарай" буудалд буулаа.
Хүн гишгэх зайгүй, газраар нэг шахалдан унтаж байгаа хүмүүс маш сонин харагдана. Бид бушуухан урьдчилан захиалсан байсан таксигаа олж суугаад Варанаси хотыг зорив. 30 орчим минут явсаар хоноглох буудалдаа ирлээ. Бас л нэг бохир заваандуу буудал угтлаа. Сохорын газар сохор, доголонгийн газар доголон. Одоо яая гэхэв, усанд орсон болоод л унтчихлаа. Варанаси хот дэлхийн хамгийн эртний хот. Одоогоос 3000 жилийн тэртээ үүсэн байгуулагджээ.
Тус хотод маш олон шашны урсгалууд байдаг бөгөөд 1000 гаруй сүм хийдтэй юм байна. Энэ хотод ирсэн хэн бүхэн ариун дагшин Ганга мөрөнг заавал үзэж сонирхдог. Бүхий л биеэрээ Ганга мөрний усанд булхан орвол энэ насанд хийсэн гэм нүгэл арилдаг гэсэн ам дамжсан яриа, сүсэг бишрэл бий. Гэвч бохирдолт ихтэй Ганга мөрөнд булхаж орох нь байтугай гараа дүрнэ гэдэг хэцүү санагдаж байлаа. Одоо Гангын сав газарт 400 сая хүн амьдарч байна.
Энэ олон хүний үйлдлээр Гангын ус их бохирдсон бөгөөд Варанаси орчимд Энэтхэгийн засгийн газрын тогтоосон хэмжээнээс 100 дахин их бохирдолттой болжээ. Нас барсан хүмүүсийг чандарлаж үнсийг нь Ганга мөрөнд өргөвөл тухайн хүнийг дээд төрлөө олно гэж үздэг. Тиймээс амьдралын боломжтой нэг нь талийгаачаа тусгайлан бэлтгэсэн модноос худалдан авч чандарлуулдаг бол ядуусыг Энэтхэгийн засгийн газраас өндөр хүчдэл бүхий цахилгаанаар чандарлаж үнсийг нь ар гэрийнхэнд нь өгдөг байна. Зарим ядуус ихэвчлэн бурхан болоочоо тэр чигээр нь Ганга мөрөндөө өргөчихдөг нь ч жуулчдын авсан зураг сэлтээс харагддаг.
Усыг нь уувал ёсыг нь дага
Өглөө нь бид Саранать хотыг зорилоо. Буддын шашны мөргөлчдийн хамгийн их зорин ирдэг энэ газарт бурхан багш 5 шавьдаа анх сургаалиа айлтгасан ариун газар бий. Япон, Түвд, Бутан, Тайвань гээд буддын шашинтай олон улс орноос мөргөлчид, бурханы номд шамдагсад ирж мөргөл үйлдэж ном хурдаг юм байна. Тэдэнтэй хамт энэ ариун газарт сэтгэлээ ариусгаад Махабоди сүмээр орж мөргөлөө. Энэ сүмд бурхан багшийн шүд хадгалагддаг гэнэ. Жилд нэг удаа ариун саванд хадгалсан шүдийг нь олон түмэнд үзүүлж адис авах боломжийг олгодог байна. Саранать хот бурханы ариун газар гэдэг болоод ч тэр үү, цэвэрхэн, тайван амгалан гэж сайхан. Энэ ариун газрын үүдээр гармагц нөгөө л дүр зураг ахин угтана.
Галт тэрэг хүлээсэн 15 цаг
Варанаси хотоос буцахаар өглөөний 11 цагт галт тэрэгний буудалд ирэв. Цагийн юм цагтаа гэдэг үгийг тэд мэддэггүй байх гэмээр. Өглөөний 11 цагт явах галт тэрэг тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор шөнийн 02 цаг хүрэв. Амьдралдаа анх удаа галт тэрэг хүлээж хөндлөн төмөр нь нухсан, сэжиг төрөм бохир сандал дээр 15 цаг суув. Арайхийж ирсэн галт тэрэг нэг яваад, нэг зогсож сажилсаар 24 цаг "тамласны" эцэст Дели хотын барааг харуулав. Эндээс бид Түвд гудамжны бас л нэгэн хир тоос болсон буудалд хоноглоод өглөө эрт 7 цагт Массури хотыг чиглэн явлаа.
Өвлийн улирал нь эхэлсэн тул өглөө эрт замд гарах аюултай байлаа. Манан буусан тул өмнөх машин үүд хоймрын зайнд л харагдахаа больчихно. Зам зуурт мөргөлдсөн, шүргэлдсэн олон машин тааралдаж байлаа. Ингээд 9 цаг давхисны эцэст орой нар жаргахтай уралдан Ражпур хотод ирлээ. Аяны тоосоо гүвж амжилгүй Сажа Ренбүүчитэй уулзаж ярилцлага авч бас адис хүртлээ. Орой нь биднийг тосож авсан Девид Галсанлхүндэв эхнэрийнхээ хийсэн халуун буузаар дайллаа. Дэвидийн эцэг нь Өвөрмонгол хүн байсан бөгөөд Түвд эхнэртэй байжээ. Монголоор ярьж чадахгүй ч би чинь монгол хүн шүү дээ гэх сэтгэл түүнээс ямагт гарна.
Уулын хот Массури
Калимпонг хот шиг бас л нэг уулын хот болох Массурид ирэв. Гэхдээ Калимпоныг бодвол уулынх нь зам огцом эргэлттэй, илүү адармаатай, бас их үзэсгэлэнтэй байгальтай цэвэрхэн хот. Английн соёл иргэншлийн улбаа гэмээр байр сууц, ресторан, сургууль энд бий. Ургах нарыг харангаа Англи маягийн ресторанд өглөөний цайгаа уулаа. Нүднээ хамаг юмс тодрон үзэгдээд, үүлэн дунд суугаад кофе уух ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрсөн. Ч.Сийлэгмаа гуайнх бусад Монгол айлынхаа хамт энд бас олон жил амьдарчээ. Гэвч Очирдара хувилгаан Дилав хутагтын араас Америкийг зорьсны дараа гэр бүлээ аваад 1971 онд Чанарав гуай /Ч.Сийлэгмаагийн аав/ эх орондоо буцжээ.
Англи сургууль, хүүхэд насны дурсамж
Ч.Сийлэгмаа гуай дүү нарынхаа хамт Массури хотын Winberg-allen school-г дүүргэжээ.
Одоо ч хатуу чанга, сургалт сайтайгаараа Энэтхэг даяараа алдартай энэ сургуулиар бид зочлов. 40 жилийн дараа сургууль дээрээ ирсэн Сийлэгмаа гуайн нүдэнд тэртээх хүүхэд насных нь дурсамжууд ар араасаа хөврөх мэт дуу алдан энэ тэрийг харж баясан "яг хэвээрээ, яг л ийм байсан, энд ингэж тоглодог байсан" гээд баярлаж догдлон ярина. Ахиад л бодлоо. Англи, хинди хэлгүй эгэл жирийн нэг монгол эцэг яаж яваад ийм сайн, төлбөртэй сургуульд хүүхдүүдээ тэтгэлгээр сургачихав... Монгол хүний цог заль, ухааны цараа гэж их юм даа гэсэн бодол ахин дахин эргэлдсээр...
Амьдралдаа нэг удаа очиж үзэхэд илүүдэхгүй
Ийм л бодол надад төрсөн юм. Учир нь бид ямар сайхан эх оронд ямар жаргалтай амьдарна вэ гэж байгаа зүйлдээ талархаж, олдсон энэ амьдралдаа сэтгэл хангалуун байхын чухлыг ойлгоод буцав.
Өрөвдөм харцыг андахгүй ээрэх гуйлгачид, шальтай ажил хийгээгүй хэрнээ гарын мөнгө нэхэх залуус, гадны жуулчдыг хараад үнээ хэдэн арав дахин өсгөх наймаачид. Махтай хоол барагтай бол идэхгүй Энэтхэгчүүд халуун ногоотой шоштой зутан, манайхны эрт дээр үед зуухныхаа таган дээр хайрч иддэг байсан шиг тийм л гамбираа идээд огтхон ч гуньж гутарсан шинжгүй амьдарч байна шүү дээ.
Гэхдээ олон зуун сая хүн ингээд л залхуу чигээрээ, гуйлгаа гуйгаад, соёлт ертөнцөөс тасарсан мэт энэ хэвээрээ үржээд олширсоор байвал яана вэ гэх эмзэглэмээр бодол төрснийг нуух юун. Айлын улсыг муулаад яахав. Агра хотыг зорьж очоод алдарт Таж махалыг үзээд сэтгэлээ сэргээснээ дуулгаад сурвалжлагаа өндөрлөе.
Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632 оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.
Бидний бүтээж буй баримтат киноны бас нэгэн чухал хэсгийн зураг авалтыг Энэтхэг улсад хийхэд гүн туслалцаа үзүүлсэн "Сийл жет" компанийн ерөнхий захирал Чанаравын Жигмэдсанжаад гүн талархал илэрхийлье. Сайн хүний үр гэдэг бусдад үргэлж сайн зам мөрийг зааж өгч амьдардаг.
Энэтхэг улсад томилолтоор ажилласан тэмдэглэл | ||
Үзсэн: 9651 | Mongolian National Broadcaster |