
"Авлига ба хүний эрх" бага хурлыг Авлигатай тэмцэх олон улсын өдрийн хүрээнд зохион байгуулав. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан тус хурлаас манай улсад Авлигалаас татгалзах хангалттай хууль, дүрэм журам байна гэдгийг онцолж байна. Харин хяналтаа чангатгах хэрэгтэй байгааг оролцогчид хэлж байлаа. Мөн хариуцлага гэдэг зүйлийг бүгд нэхэж хэвших, Авлигыг "цэцэглүүлж" байгаа сонгуулийн санхүүжилт бүрдүүлдэг аргаа өөрчлөх, нэг хэсэг нь биш нийтээрээ авлигатай тэмцэх зэрэг арга замуудыг нэрлэлээ.
Эрх мэдэлтэй хүмүүс авлигаас ангид байх сонирхол эн түрүүнийх нь эрх ашиг биш. Гэхдээ таны авсан авлига таныг бас эргээд ороох аалзны тор гэдгийг л ойлгох ёстой.
Үүн дээр бизнесийнхэн жил бүр үйл ажиллагааныхаа нийт зардлын 10 хувийг хэн нэгний түрүүвчийг зузаатгахад зарцуулаад байхыг хүсэхгүй байвал бас хүүгээ, охиноо сургуульд, цэцэрлэгт оруулахын тулд арайхийн хүргэж байгаа цалингийнхаа талыг зарцуулаад баймааргүй байвал авлигыг хүлээн зөвшөөрсөн ноомой хандлагаасаа татгалзах хэрэгтэй гэдгийг хүний эрхийн мэргэжилтнүүд уриалав.
Таны оролцоотой энэ нийгмийн авлига багасна гэдгийг ч тэд зөвлөж байна. Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа том том бүтээн байгуулалтын тендэр авлигын тогтсон ханштай болсон тухай ч бага хурлын үеэр яригдлаа. 100 тэрбум төгрөгөөр барих замын ажлын мөнгөний тодорхой хувийг авлигад өгснөөр зам барих мөнгө багасч, стандартад нийцсэн замаа барьж чаддаггүй.
Энэ зам нь хэдхэн жилийн дараа эвдэрч, автын ослоор жилд 1000 орчим хүн бурхан болдог. Замын энхэл, донхлыг тойрч гарах гэж байгаад гэдэг шалтгааныг олон жолооч хэлдэг. Гэтэл таны муу барьсан замаас болж миний хань ижил, үр хүүхэд эндлээ гэж хэн ч шүүхэд хандаж байгаагүй.
Шүүхэд хандсан ч та мөнгөтэй, албан тушаалтай биш л бол асуудал тэр бүр иргэний талд шийдэгдэх нь ховор. Монголд хүүхдээ төрүүлэхээс эхлээд л цэцэрлэг, сургуульд оруулах, ажилд орох, эцэст нь өндөр насны тэтгэврээ өндөр тогтоолгох гээд төрийн үйлчилгээний бүх газарт авлига яг л аалзны тор шиг улам чанга биднийг хэрээд байгааг судлаачид сануулж байна.
Авлига яг л аалзны тор шиг биднийг хэрээд байгааг судлаачид сануулж байна | ||
Үзсэн: 1767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.