Шууд Chart

"Торгууд түмнээ зорьсон томилолтын тэмдэглэл"

2016-12-20 15:48:28

Дүрвэгсдийн жимээр

Ховог сайрын нутаг

Холын хол байна даа

Хүрье гэхнээ болохгүй

Хүний нутаг л болж дээ ... гэсэн дууны шүлгийн мөр сэтгэлд буусан нэгэн томилолт.  Түүхийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ганбаттай Ховд-Булган- Шинжаан-Уйгарын ӨМӨЗО-ны  Ховог сайрын Монгол өөртөө засах хошуу хүртэлх албан томилолтын урт замд бид намрын шаргал өдрүүдийг нэг нэгээр нь гээж явлаа.

Ховог сайр гэдэг нь Ховог гол, Сайр уулын нэрсийг нийлүүлсэн Шинжаан-Уйгарын ӨМӨЗО-ны Монгол өөртөө засах хошуу юм.  Ховог сайр нь манай Ховд аймгийн Булган сумаас баруун урагш 600 гаруй километрт буй. Уг хошуу харьяалагддаг тойргийн нэр уул нь Тарвагатай боловч гадаадын олонх хэлэнд албан ёсны Тачэн гэдэг хятад нэрээрээ бичигдэж хэвшин буй, харин оросууд Чугучак хэмээх уйгар нэрээр нь хэлж бичдэг. Энд 50,000 гаруй иргэд амьдардгийн 25,000 орчим нь Монгол үндэстэн. Торгууд, Казак, Уйгар, Хуйхуу ...

            Булган сумын нутаг дахь Такшкен боомтоор хил гарлаа. Энд тэндгүй монголоор үг үсгийн алдаатай гэгч нь биччихсэн санамжууд дотор давчдуулав. Бүр үг бүхэн нь шахуу буруу. Монголоор ингэж алдаа мадагтай бичээд нааж л байдаг сонин хүмүүс шүү. Их гүрэн чинь энүүхэн зэргийг анзаармаар л юм. Эсвэл албаар тэгдэг юм болов уу?  Далай ламын зураг болон шашны холбогдолтой зүйл авч явж болохгүй л гэнэ. Телевизийн хүмүүс бол хэцүү  л гэнэ. Гэлээ ч шалгуулаад, нэгжүүлсээр байгаад ямартай ч хил давлаа.

90-ээд оноос хойш бид Эрээнийг яаж хөгжүүллээ, тэрэн шиг ирээдүйн хөгжилрүү нь хөтөлсөн зам Монголын хилээс цааш зурайж байна аа.  Одоохондоо тэдний унасан машин, үйлчилгээ тааруу  л байна. Гэлээ ч хэдхэн жилийн дараа танигдахын аргагүй болно биз дээ. Саран паран гэж дуугарсан нэг бага оврын жижгэвтэр унаанд 10-уулаа шахалдаж суугаад Такшкены зах дээр буулаа. Такшкен гэдэг нь Тэгшхэн гэсэн монгол үг гэнэ. Энэ газрын хөрс нь яг л Монголынхтой ижил. Ижил ч гэж дээ, манай нутаг байсан юм чинь. Хятадууд мод их тарьжээ. Түүнийгээ ч ургуулж.

Сонин юм шүү. Монголд болохоор л ургадаггүй. Ургуулдаггүй гэж хэлэх нь ч зөв юм уу?   

    Зах дээрээс нь Ховог сайр гэдэг газарлуу явах машин олох гэж үйлээ үзэв ээ. Бараагаа нааш цааш чирээд, тоолоод, хүлээлцээд, ачаагаа буулгаад биднийг анхаарах сөхөө алга. Түүхч, найруулагч, сэтгүүлч 3 үнсэнд хаягдсан шалз шиг болов оо. Ингээд 12 цагаас 18 цаг хүртэл халуун нар, өлөн шороон дунд захыг хэдэнтээ тойрч байж сая нэг юм унаа оллоо.  Эндээс Ховог сайр хүртэл бүтэн өдрийн ажил болно, 600 км зам туулна гэнэ. Ингээд Монгол бараа зардаг дэлгүүрийн эзэн Өвөрмонгол бүсгүйн нөхөртэй хамт зорьсон газраа хүрэхээр хөдөллөө. Зам зуурт бид 1940-өөд оны адармаатай түүхэн цаг үерүү яриагаа хандууллаа. Томилолтын зорилго ч энэ байлаа.

"Бага нүүдэл”-ийн их нутаг Ховог-Сайр

1940-өөд онд олон торгууд айл өрх Ховог сайраас /тэгэхэд монголын нутаг байсан/ Ховдын Булган хүртэл нүүдэллэн ирж суурьшсан бол,  зарим нь 5-6  жилийн дараа гэдрэг буцаж Ховог сайртаа буцаж байсан түүхтэй. Улсын хил яг таг тогтоогүй байсан тул өвөлжөө хаваржаандаа нүүх, үймээн самуунаас дайжин нутаг сэлгэн нүүдэллэсэн тэд үнэндээ өдгөө элгэн саднаасаа хол, хүний газрын иргэн болчихно гэж төсөөлөөгүй байсан нь мэдээж. Дүрвэн нүүдэллэсэн тэдний ихэнх нь замдаа Хасагуудын дээрэмчдийн хатуу гарт өртөж дээрэмдүүлж, зарим нь амиа алдаж, эд хөрөнгөө хураалгасан байдаг.  Тиймээс бид "Дүрвэгсдийн жимээр" баримтат кинондоо цөөхөн  үлдсэн түүхийн гэрч нартай уулзаж ярилцлага авахаар зорьж явсан минь энэ.

Шиньжааны  Бор тал, Баянгол, Хошууд, Бээр, Цонж, Хорол, Ховог сайр, Жим сайр  зэрэг 80 гаруй сум сууринд  монголчууд тархан суурьшсан байна.  Шиньжаанд торгууд, хошууд, цахар, урианхай, халх гэсэн зургаа, долоон угсаатан байна. Энэ Монголчууд маань тод үсэгтэй, Монгол бичигтэй, Гэсэр Жангарын туультай, Монгол хувцас зүүсгэлээ хэрэглэдэг.

Шөнийн 2 цаг. Ховог сайрт ирлээ. Гадны хүмүүсийг буудалд хамаагүй буулгадаггүй гэнэ. Гэрэл гэгээ болсон нэг буудлын гадна ирвэл Чингис хаан хамтлагийн дууг нэг нөхөр хадааж байна аа. Хурим болж байгаа юм  байх. Тэнд өрөө байхгүй гэсэн тул зөвшөөрөлтэй буудал хайсаар Хөх эрээн хээ хуар бүхий алтан ганжир оройтой багавтар буудалд тухаллаа.

Өглөө эртхэн босож бид  дүрвэн нүүдэллэх замд балчир хүүхэд байсан, өдгөө 90 орчим настай байх өвгөчүүлийн эрэлд гарлаа. ӨМӨЗО-ын Шиньжаан Тарвагатай аймгийн Ховог сайр Монгол өөртөө засах хошууны Харуулын булаг гэдэг газрыг зорилоо.

Энд бас л хурим найр болж байлаа. Бидний уулзахаар очсон 3 настан ашгүй энд хуриманд ирсэн байж таарлаа.

    Торгууд түмний хурим найрын дэг ёс гэдэг их. Гэтэл Хятадын засгийн газраас уух архины хэмжээ,   найрлах цаг, өгөх бэлэгний хэмжээг хүртэл тогтоосон тул эртнээс уламжилж ирсэн хэвээрээ хуримаа хийж чадахаа байсан гэнэ. Сониуч зандаа хөтлөгдөн хуримын гэрийг сонирхсон биднийг торгуудууд урьж дуудсаар гэрийн хойморт суулгачихав. Санаа зовсон гэж. Халхууд бидний ёсонд хурим хийж байгаа айлд танихгүй бүсгүй хүн ороод гэрийнх нь  хойморт суучихвал юу болох билээ.

  Гэтэл энд тийм биш бололтой. Айх,  гайхах, санаа зовох хосолсоор ширээн дээр зэхсэн хот /ялз чанасан бүхэл мах/-ноос амсаад гарахын түүс болов.     

    Ингээд 19-р зууны тэртээх тэр л янзаараа хэрэглэгдсээр ирсэн торгууд гэрийн гадна ярилцлагаа эхлүүллээ. Олон гунигтай түүх сонслоо.  Нүүдлийн урт хол замд Хасагуудын дээрэм тонуулаас болж өлгийтэй үрээ амьдаар нь хээр орхисон,  ах дүүгээ Хасагуудын гарт алуулсан,  одоо ч ах дүүс, элгэн саднаасаа хол уулзаж чадахгүй суугаа зэрэг эмгэнэлтэй түүхийг эргэн сөхөж сонсож суулаа.                                                                                                                                    

Ганцхан өдрийн хугацаатай яваа бидэнд өдрийн нар жаргахаар улам яарах мэт нэг л мэдэхэд бүрэнхий болов. Торгуудын их Жангарч Жавын Жуунай гуайтай уулзахаар хэрэг болгон очсон ч нас дээр гарсан өвгөн бууралд ерөөл хэлэхээс цааш тэнхээ байсангүй. Гэхдээ л эцэг өвгөдөөсөө өвлөж сурсан Жангарын тууль энэ хүнтэй хамт тэнгэрт одчихвол яана, торгууд түмэн Жангараа хаанаас ахин сонсох бол гэсэн бодол зурсхийв. Тэднийхээс буцах замд Ховог сайрт, цаашлаад Өвөрмонголын нутагт Жангарын туулийг түгээж явсан өвгөн туульчийн гавъяаг мөнхөлсөн 6000 мкв талбай бүхий  "Жангарын ордон" харц булаалаа. Дэндүү сайхан юм.

Үдшийн зоог. Торгууд түмний тасархай болсон нэгэн айлд хот /чанасан мах/ идэв. Дээхнэ гараа сайтар угаачихаад махаа бариад иддэг байсан бол одоо савхаар идэж байна. Дундад улсын соёл хоол идэх барилд нь нэвтэрчээ.

 

            Арван зүгтээ тариалантай

            Ар Ховог сайр

            Аль тааваараа жаргадаг

            Манай Ховог сайр

            Арван алд жамцыг

            Асрын үүдэнд татна

            Арван үсгийн дайсныг

            Аръяа сампилдаа даатгана... хэмээн Чулуудайн Түлэмж гуай дуулж байна.

Тэрээр энэ дууг их багадаа сурчээ.  Энэ дууг түүний нөхөр, дүү, хүүхдүүд хэн нь ч мэдэхгүй. Одоо түүний 2 дахь үе болох ач зээ нар нь хятад хэлээр шулганалдаж охид нь хятад монгол хольж ярих... 

Ингээд нэг монгол хүн орчлонгоос явахад нэг монгол соёл, зан заншлын хэлхээ тасарч байгааг биеэрээ мэдэрч суух гашуун байлаа.

Бид буцлаа. Томилолтоос буцах урт замд шинэ хотууд замын хажууд сүндэрлэн босож байгааг харж явав. Ховог сайрын хотжилт, хөгжил дэвшил нүдэнд торсонгүй. Сэтгэлийн гүнд уйтгартай бодол хургачихаад, эсвэл хоолойд тээглэчихээд, тэгээд тэмдэглэлийн дэвтэрээ аваад ийн бичлээ.

 

Унаган цагтаа гараад

Нутагтаа гүйгээгүй хүлэг минь

Уужим саруул талдаа

Уйлаад үлдсэн садангууд минь

                        Дахилт:  Ховог сайрын нутаг

                                    Холын хол байна даа

                                    Хүрье гэхнээ болохгүй

                                    Хүний нутаг л болж дээ

Дааган цагтаа ирээд

Зүглэж буцаагүй хүлэг минь

Даанч багын нутагтаа

Зүүдэндээ л очсон аав минь

                        Дахилт:  Ховог сайрын нутаг

                                    Холын хол байна даа

                                    Хүрье гэхнээ болохгүй

                                    Хүний нутаг л болж дээ

Насан багадаа гарахад

Нулимстай тасарсан нутаг минь

Сураглаж биднийгээ үгүйлэх

Суугаад үлдсэн садангууд минь

                        Дахилт:  Ховог сайрын нутаг

                                    Холын хол байна даа

                                    Хүрье гэхнээ болохгүй

                                    Хүний нутаг л болж дээ...гэсэн дууны шүлэг  сэтгэлд ургасныг тэмдэглэлийн дэвтэртээ буулгав. Харин 2-хон хоногийн өмнө Ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай энэ шүлгийг үзээд олзуурхан авч дуу болгохоо амлалаа. Сайхаан сайхан.

Ийнхүү бараг жил шахуу үргэлжилсэн кино зураг авалт, томилолт, зураг авалт дуусч 1930-аад оноод өрнөсөн хил дамнасан нүүдэл, суудлын тухай 4 цуврал нэвтрүүлэг бэлтгэж удахгүй "Дүрвэгсдийн жимээр" баримтат киногоо 12 сарын 28, 29-нд МҮОНТ-ийн 1-р сувгаар үзэгчдэд хүргэх гэж байна.  Залуу уран бүтээлч бидэнд нөмөр түшиг болж, хэзээний л өнөөх уран бүтээлч зангаараа Ц.Оюундарь захирал маань 2 анги кино зохиол бичиж өглөө. Хэцүү бэрх цагт зовлонг нь үүрч жаргал руу алхсан буурлууд, одоо ч бүрэн гүйцэд судлагдаж уншигдаагүй дүрвэлт, нүүдлийн талаар олон түмэндээ хүргэх нь бидний үүрэг ээ.

Нийтэлсэн: Х.Шинэ-Од

"Торгууд түмнээ зорьсон томилолтын тэмдэглэл"  
Үзсэн: 11523 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй