
Токио хотноо болж буй нэгдүгээр сарын Хацү башёгийн ес дэх өдрийн буюу өчигдөрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Такаясүд ялагдлаа. Түүний хувьд хоёр хоногийн өмнөх барилдаанд Араваши Э.Дөлгөөнд мөн өвдөг шороодоод байсан билээ. Мөн башёг тэргүүлж байсан озэки Кисэносато өчигдөр озэки Котошёогикүг барсангүй. Гэхдээ тэр башёг тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар байна.
Манай бусад бөхчүүдээс өчигдөр Маэгашира-10-с барилдаж Таканойва А.Баасандорж Аояамагаар найм дахь даваагаа авлаа. Түүний хувьд дээд зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдээсээ түрүүлж, 50 хувийн амжилтаа хийснээс гадна озэки Кисэносатогийн хамтаар башёг тэргүүлж эхэллээ.
Адьяагийн Баасандоржийн хувьд товч танилцуулахад сонирхогчдын сүмогоор дэлхийн залуучуудын аварга болж байжээ. Мөн алдарт аварга Таканоханагийн шавь болж, 2009 оны эхнээс мэргэжлийн сүмод хөл тавьсан байна. Тэрбээр Таканохана аваргын залуухан шавь нарын дундаас хамгийн түрүүнд цолтой бөх болсонд аварга багш нь баярлан нулимс дуслуулж байсан удаатай.
Дээрх барилдаанаас харахад үлдсэн өдрүүдийн барилдаанууд улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй болов. Ялангуяа аварга цол горилж буй озэки Кисэносато одоо нэг ч уналгүй явбал эсвэл Хакүхо, Таканойва А.Баасандорж дахин уналгүйгээр явсаар түүнийг давбал нэмэлт барилдаан гарах магадлал байна. Үүнийг ирэх ням гарагт л харах үлдлээ.
Манай бөхчүүдийн давааны байдал:
- Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-2
- Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-3
- Ёкозүна Какүрюү М.Ананд 5-4
- Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-5
- Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-4
- Маэгашира-2 Араваши Э.Дөлгөөн 3-6
- Маэгашира-6 Чиёошома Г.Мөнхсайхан 5-4
- Маэгашира-10 Таканойва А.Баасандорж 8-1
- Маэгашира-13 Ичиноёжо А.Ичинноров 7-2 гэсэн амжилттай явна.
Таканойва А.Баасандорж Монгол бөхчүүдээс түрүүлж 50 хувийн амжилтаа хийлээ | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.