Шууд Chart

Олон жилийн хөдөлмөр биелэлээ оллоо

2017-01-23 12:03:02

Японы нийслэл Токио хотноо мэргэжлийн сүмогийн Хацү башё нэгдүгээр сарын 8-22-нд болж өндөрлөлөө.

Оны анхны башёд озэки Кисэносато 14 даваа, нэг унаатайгаар түрүүлж, эзэн хааны цомыг анх удаа хүртлээ. Энэ жил 30 настай Кисэносато 2004 онд анх дээд зиндаанд дэвшин барилдахдаа анх удаа эзэн хааны цомыг хүртэж байна. Түүний хувьд 13 жилийн дараа удаан хүлээсэн зорилгодоо хүрлээ.

Озэки Кисэносатог энэ башёд давсан цорын ганц бөх бол озэки Готошёогикү бөгөөд тэд ес дэх өдөр оноолт таарсан юм. Кисэносатод хамгийн ойр даваатай бөх бол их аварга Хакүхо байсан. Хакүхо маэгашира Араваши Э.Дөлгөөн, комосүби Таяасү нарт дараалан ялагдаж, ес дэх өдрөөс эхлэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн. Их аваргатай зэрэгцэн маэгашира Ичиноёжо А.Ичинноров, Таканойва А.Баасандорж нар ч адил даваатай 13 дахь өдрийг хүргэсэн. Гэвч Кисэносато үлдсэн өдрүүдэд сайн барилдаж, 14 дэх өдөр Ичиноёжог давснаар түрүүлэх болзлоо хангасан юм. Учир нь энэ өдөр Хакүхог маэгашира Таканойва А.Баасандорж давсан. Башёгийн сүүлийн өдрийн барилдаанд ч Кисэносато аваргыг давж, итгэл төгс тэргүүлж чадлаа.

Хэдийгээр башёг Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын аваргууд бэртлийн улмаас орхисон ч озэки Кисэносато анх удаа эзэн хааны цомыг хүртэж чадлаа.

Энэхүү башёг эхлэхээс өмнө озэки Кисэносато түрүүлбэл аварга /ёкозүна/ цол өгнө гэсэн мэдээлэл хэдийнэ гараад байсан. Тиймээс түүнд аварга цол олгох асуудлыг Сүмогийн холбооны ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны энэ долоо хоногийн хурлаар хэлэлцэнэ.

2016 оны нэгдүгээр сарын тэмцээнд озэки Котошёогикү түрүүлж, Япончуудын хүсэн хүлээж байсан түрүүг авч байсан бол есдүгээр сард Гоэйдо мөн эзэн хааны цомыг хүртсэн. Тэгвэл 2017 оныг ч озэки Кисэносато сайхан эхлүүлж, түрүүлээд зогсохгүй түүнд аварга цол олгох асуудал ч яригдаад эхэллээ. 

2016 ОНЫ БАШЁГИЙН ТҮРҮҮ БӨХЧҮҮД

  • Нэгдүгээр сар: Котошёогикү /1 түрүү/
  • Гуравдугаар сар: Хакүхо М.Даваажаргал
  • Тавдугаар сар: Хакүхо М.Даваажаргал /37 дахь түрүү/
  • Долдугаар сар: Харүмафүжи Д.Бямбадорж /8 дахь түрүү/
  • Есдүгээр сар: Гоэйдо /1 түрүү/
  • Арваннэгдүгээр сар: Какүрюү М.Ананд /3 дахь түрүү/

2017 ОНЫ БАШЁ:

  • Нэгдүгээр сар: Кисэносато /1 түрүү/
Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон жилийн хөдөлмөр биелэлээ оллоо  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй