Шууд Chart

Токитэнкү А.Хүчитбаатарыг сүүлчийн замд нь үдлээ

2017-02-07 16:18:09

Японы мэргэжлийн сүмо бөхийн хөл мэхний мастер, Монгол сүмочдын анхдагчдын нэг Токитэнкү А.Хүчитбаатартай салах ёс гүйцэтгэх ёслол өчигдөр орой Токио хотноо болж, эцсийн замд нь үдлээ. Салах ёс гүйцэтгэх ёслолд Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү болон ёкозүна Харүмафүжи, Какүрюү тэргүүтэй 500 гаруй хүн оролцсон байна.

Улсын хүчит начин Ж.Алтангадасын хүү тэрээр 1979 оны есдүгээр сарын 10-нд нь Төв аймгийн Алтанбулаг суманд төржээ. Мэргэжлийн сүмод 2002 онд элсэн орж Жонокүчи, Жонидан, Санданмэ зиндаанд дараалан түрүүлж, макүшита зиндаанд зургаан башёд зодоглон, жүрёо зиндаанд дэвшсэн билээ.

Комүсүби цолонд гурван ч удаа хүрсэн түүнтэй барилдахаас олон бөхчүүд халгадаг байсан гэдэг. Сүмо бөхөд хөл мэхээрээ алдаршсан тэрээр Японы иргэн болсон бөгөөд зодог тайлаад Магаки ояката нэртэйгээр сүмогийн холбоонд дасгалжуулагчийн ажил хийж байсан юм.

2015 оны есдүгээр сарын Аки башёд тэрбээр сүүлийн удаа барилдсан бөгөөд эмнэлгийн нарийн шинжилгээгээр цусны хорт хавдар хэмээх хүнд өвчин туссан харамсалтай мэдээ сонссон юм.

Түүний мэргэжлийн сүмо бөхийн ур чадварыг чадамгай эзэмшиж, дээд зиндаанд амжилттай барилдан спортын өндөр амжилт үзүүлж байгааг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Алтан гадас” одонгоор шагнаж байв. Мөн комүсүби цол хүртэж, дэвжээ өвлөн авах эрхийг Японы сүмогийн холбооноос авсан байсан билээ. Түүний багш нь сүмогийн 56 дахь ёкозүна Ваканохана II байсан юм.

А.Хүчитбаатар Японы Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжилээр төгссөн бөгөөд хоёр жилийн өмнө сүмод багшлах эрхийн лиценз авчээ. Түүнд сэтгэлийн дэм өгөх зорилгоор бүх сүмочид сэтгэл санааны дэмжлэг, мөнгөн тусламж үзүүлж байсан юм. Тэрбээр гольф тоглох дуртай, сүмочид дундаа нэлээд наргианч нэгэн байсан.

Харин одоо Монголын хүчит хүү минь мөнх хөх тэнгэрт тайван нойрсдоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Токитэнкү А.Хүчитбаатарыг сүүлчийн замд нь үдлээ  
Үзсэн: 1428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.40.xxx] 2017-02-07 16:43
Их сүмодоо эргэн төрж Ёкозүна болоорой

Бидэнтэй нэгдээрэй