
Өнөө цагийн шилдэг улсын начин, аймгийн арслан цолтой хүчтэнүүд энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд халз барилдахаар болжээ.
Тус барилдаан нь “Эрүүл ирээдүй” аяны хүрээнд хорт удааны эсрэг зохион байгуулагдах гэнэ.
Дээрх аяныг Ховд аймгийн Буянт сумын харъяат, аймгийн хурц арслан О.Хангай анх санаачилсан бөгөөд сүүлийн барилдаануудынхаа бай шагналын мөнгийг цуглуулан эцэг эхийн хайр халамжаас хол өсөж буй “Өнөр бүл” төвийн багачуудад агаар цэвэршүүлэгч авч бэлэглэснээр эхэлсэн юм.
Тэрбээр “Эхнэр бид хоёр охиноо хорт утаагаар амьсгалуулахгүй, эрүүл байлгахын төлөө хөдөө өвөөгийнх рүү нь явуулсан. Хэдийгээр охин маань цэвэр агаараар амьсгалж байгаа ч биднийг их үгүйлж байгаа. Эхнэр, бид хоёр ч бас охиноо санаж байна. Тиймээс нэг ч болтугай хүүхдийг эрүүл агаараар амьсгалуулахын тулд энэ аяныг эхлүүлсэн. Чин сэтгэлийн тус багаддаггүй гэдэг. Бүх аав, залуус, бөхчүүдээ утааны эсрэг аянд нэгдэж, боломжийнхоо хэрээр эрвийх дэрвийхээрээ туслахыг уриалъя” гэжээ.
Түүний энэ аяныг МҮБХ дэмжин ажиллаж байгаа бөгөөд барилдаанд ямар ямар бөх оролцохыг нэгдсэн байдлаар тун удахгүй зарлах юм байна.
Энэхүү сайн үйлсийн аянд одоогоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, Монгол Улсын харцага Т.Амартүвшин, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Тайван, МҮБХ-ны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан нар нэгдээд байна.
Улсын начин, аймгийн арслан цолтнууд халз барилдана | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.