
GMO гэдэг нь генетикийн өөрчлөлттэй хүнс, барааг илэрхийлдэг америк нэршил. Албан ёсны монгол нэр нь хувиргасан амьд организм. Ийм хүнсний ургамалд ихэвчлэн улаан лооль, эрдэнэ шиш, төмс, рапс, хурган гуа, улаан лууван, алим, усан үзэм, байцаа, чэс, өргөст хэмх, улаан буудай, шар буурцаг, цагаан будаа, хөх тариа, лавс буюу хөвөнлөг ургамал, тамхи багтдаг аж.
Манай оронд энэ бүтээгдэхүүнүүдийн ихэнхийг тариалдаггүй, импортоор авдаг гэдгийг санах хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнийн удамшлын материалыг өөрчлөх замаар шинж чанартай амьд биеийг гарган авч байгальд урьд нь байгаагүй генетикийн шинэ бүрдлийг үүсгэх явцыг GMO гэж нэрлэдэг. Яагаад ингэж өөрчлөх болов. Өндөр ашиг шимтэй ургамал, амьтан, эм гарган авах нь шим тэжээл сайтай, хүрэлцээтэй, өртөг зардал багатай гээд эдийн засгийн хувьд олон давуу талтай. Дэлхий нийтээр бүрэн технологижих, бэлэнчлэх сэтгэлгээнд шилжиж байгаа нь цаад утга учир нь гэж хэлж ч болно. Дэлхийд тариалж буй өдөр тутмын хүнс, шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын 26-77 хувь нь хувиргасан амьд организм буюу GMO байдаг аж. Хамгийн анхны генийн өөрчлөлттэй хүнсний ургамлуудыг АНУ-ын “Монсанто” корпораци гаргаж авчээ. Энэ корпораци 1988 онд анхны трансген арвайг суулгасны дараа генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч эхэлжээ. Үүнээс 1-2 жилийн дараа зах зээлд биотехнологийн фирмүүд генийн өөрчлөлттэй улаан лооль, эрдэнэ шиш, төмс, тамхи, шар буурцаг, рапс, хурган гуа, улаан лууван зэрэг олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэх болжээ.
Тухайлбал, АНУ-д трансген төмсөнд колорадын цох хорхойг алж устгадаг аалзнаас генийг нь авч суулгасан бол хүйтэнд тэсвэртэй улаан лоолийг гаргаж авахдаа генийн бүтцэд нь Хойд Америкийн далайн загасны генийг суулгаж, ган гачигт тэсвэртэй гэх улаан буудайн сортыг гаргаж авахын тулд хилэнцэт хорхойн генийг ашигласан байна.Орос, Европын хэрэглэгчид бүтээгдэхүүний шошгон дээрх “non GMO” “без ГМО” зэрэг тэмдэглэгээг чухалчлан үздэг. Генийн өөрчлөлттэй хүнсийг заавал шошгожуулж байхыг үйлдвэрлэгчдээс шаарддаг байна. Европын холбоо, Япон, Австрали зэрэг орнууд заавал шошгожуулах журамтай, харин АНУ зэрэг орнууд сайн дурын үндсэн дээр шошгожуулна гэж заасан байдаг. Хэдийгээр өнөөдөр генийн өөрчлөлттэй хүнснээс болж эрүүл мэндээрээ хохирсон гэсэн тохиолдол, баталгаа байдаггүй ч алсдаа хүний удамшилд хор хөнөөл үзүүлнэ гэж үздэг эрдэмтэд бий аж. Тухайлбал, хүний идсэн хоол хүнс хоол боловсруулах замд орсноор ферментүүдийн үйлчлэлд орж эцэст нь аминхүчлүүд ба генүүд болж задардаг. Аминхүчлүүд нь хүний бие организмд хүч чадал өгдөг бол генүүд нь бие организмыг нөхөн бүтээхэд оролцдог. Энэ үйл явц нь ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генүүд шимэгдэж орохоос эхэлнэ. Тэгвэл бие организмд урьд өмнө хэзээ ч байгаагүй генүүдийг хүний ходоод боловсруулж чадахгүйгээс дотор гаж хөгжил буюу мутаци эхэлдэг.
Генийн өөрчлөлттэй хүнсийг байнга хэрэглэснээс болж аюултай харшлууд шинээр үүсэх, хүнсний хүнд хордлогууд, өмөн үүгийн нэг гол шалтгаан болоод зогсохгүй хүний үр хөврөлийн болон бие эрхтний гаж хөгжил буюу дээр өгүүлсэн мутаци үүсэх шалтгаан, эрсдлийг нэмэгдүүлж байгаа, түүнчлэн хүний организмыг антибиотикуудад мэдрэмжгүй болох явдлыг ихэсгэж байгаа талаар олон эрдэмтэн судлаачид анхааруулдаг байна.
Генетикийн өөрчлөлттэй буюу GMO бүтээгдэхүүн | ||
Үзсэн: 8439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.