Шууд Chart

Гэр бүлдээ ямар харилцаа тогтоох нь эхнэр, нөхөр хоёроос л шалтгаалдаг

2017-03-29 11:27:19

Монголын радиогийн Даваа гарагийн Тэнхлэг хөтөлбөрөөр “Гэр бүлийн цаг” нэвтрүүлэг сонсогч танд хүрдэг. Бид нэвтрүүлгээрээ гэр бүлд тулгамдаж байгаа асуудлууд болон гэр бүлийн гишүүн бүрт хэрэгтэй мэдлэг мэдээллийг хүргэхийг зорьдог. “Гэр бүлийн цаг” нэвтрүүлгийг та бүхэн  долоо хоног бүрийн Даваа гарагт Монголын радиогийн 1-р суваг 106.0 долгионоор 16.05 минутаас 16 цаг 55 минут хүртэл шууд сонсох боломжтой. Гуравдугаар сарын 20-ны дугаарт  “Гэр бүлийн нээлттэй харилцааг хэрхэн бий болгох вэ” сэдвээр ярилцсан бол гуравдугаар сарын 27-ны хөтөлбөртөө  “Гэр бүлийн гишүүдийн хүндлэл, ойлголцол” сэдвийг сонсгож ярилцлаа. Аливаа зүйлээс сайхныг нь олж харж өөртөө хэрэгтэйг нь  авч үлдэнэ  гэдэг хамгийн эрхэм чанар. Энэ удаагийн зочноор “Олон улсын Улаанбаатар их сургууль”-ийн “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-ийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач С.Баржав оролцлоо.


Гэр бүлийн гишүүдийн хүндлэл ойлголцол

-Гэр бүлийн гишүүд нэгнээ  хүндэлдэг, ойлгодог байхад эхлээд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Эхлээд гэр бүлийн хоёр ямар ч асуудлыг сайн ярилцаж байх хэрэгтэй. Ярилцсаны үндсэн дээр ойлголцдог. Энэ нь гэр бүл нэгнээ хүндлэх гол үндэс болдог. Ингээд хэлэхээр зарим хүмүүс ярилцаад ойлголцох нь амархан гэж бодох байх. Гэр бүлүүдийг ажиглаж, зөвлөгөө авч байгаа хүмүүсийг харж байхад эхнэр, нөхөр хоёр ярилцаж байх зуураа нэгнээ ахнааралтай сонсож чаддаггүй. Гэтэл сайн ойлголцохын тулд сайн сонсогч байх хэрэгтэй. Мөн сайн сонсдог байх нь эхнэрээ, нөхрөө хүндэлж байгаагийн нэг хэлбэр юм. Ихэнх эмэгтэйчүүд нөхөр маань намайг сонсдоггүй гэж гомдоллодог. Харин нөхрүүд эхнэрээ хэтэрхий их юм ярьдаг, үглэдэг гэдэг. Нөхөр ажлаасаа орж  ирэхэд  эхнэр тосч аваад ярьж эхэлдэг. Энэ зуур нөхөр хувцсаа сольж байдаг, ном уншиж байдаг, зурагт үзэж байдаг. Эхнэр мэдээж анхаарлаа зөвхөн өөрт нь хандуулж яриаг нь сонсоогүйд дургүйцнэ. Харин нөхөр хэлэхдээ би зурагт үзэнгээ сонсч л байсан ш дээ гэдэг. Ингээд үл ойлголцол үүснэ. Сонирхолтой судалгаа байдаг. Ойлголцлын явцад хэл яриагаар дамжуудагддаг зүйл нь 7 хувь, нүүр царайны хувирал, үйл хөдлөлөөр дамжуулагддаг нь 55 хувь, дууны өнгө болон аялгаар дамжуулагддаг нь 38 хувь байдаг. Энэ судалгаанаас харахад нөхрүүд юун дээр алдаж байгаа нь тодорхой байгаа биз дээ. Хамгийн гол нь  өөрийгөө буруу зүйл хийж байна гэдгээ мэдэхгүй байна. Энэ тохиолдолд эхнэрийн хувьд сэтгэл ханамжгүй, ярилцлага нь үр дүнгүй талаар өнгөрч байгаа гэсэн үг.

Сайн ойлголцохыг хүсвэл сайн сонсогч бай

 -Эхнэр, нөхрөө хүндэлж байгаагийн энгийн жишээг хэлж өгөөч?

-Манай Монгол ёс уламжлалд эхнэр нь нөхрөө хүндлэх нь хэзээнээсээ байсан. Нөхрөө ороод ирэхэд сүүтэй цайгаа аягалаад барьдаг энгийн жишээ. Орчин үед ихэнх залуу гэр бүл сүүтэй цай чанахаасаа илүү буцалсан ус, эсвэл дүрдэг цай уудаг болжээ. Гэхдээ яг юу өгч байгаа нь гол нь биш. Хамгийн гол нь нөхрөө хүндэлж байгаа нь чухал.

Эхнэр, нөхөр хоёр бие биенийхээ сонирхлыг ойлгож, дэмжиж байх хэрэгтэй

-Эхнэр, нөхөр хоёр ярилцаж байж ойлголцдог. Харин ярилцах явцдаа үгээ буруу сонгосноос, биеийн хэлэмж буруу байснаас төдийлөн ойлголцолд хүрдэггүй. Үүнийг яаж засах вэ?

-Нэг жишээ дурдъя. Нэг айлын нөхөр ажлаасаа оройтож ирдэг. Харин эхнэр нь нөхрөө орж ирэнгүүт нь бухимдаж хэлж байгаа нь:

Жишээ 1: Өнөөдөр ч гэсэн оройтож байх шив дээ. Хүүхэд өвдөөд хүн өдөржин ийш тийшээ гүйж байхад нэг өдөр ч гэсэн эрт ирээд гэрийн ажилд туслаад өгөхөд яадаг байна аа. Яаж тийм хувиа хичээсэн байж чаддаг байна аа. Ийм ч нөхөр байх гэж.

Жишээ 2: Хань минь чи өдөр болгон л 10 цаг өнгөрөөж ирэх юм аа. Сүүлийн хэдэн өдөр хүүхэд өвдөөд эмнэлгээр явж, хүүхэд асарч, гэрийн ажлаа хүртэл ганцаараа хийнэ. Энэ бүхнийг ганцаараа хийх гэж ядарч туйлдаж байна. Сүүлдээ бүр энэ дэлхийд би ганцаараа, надад туслах хүн байхгүй юм шиг сэтгэгдэл төрж байна. Бид хоёрын л хүүхэд байтал жаахан ч гэсэн туслахгүй болохоор ганцаардаад, уур хүрээд байна аа. Маргааш жаахан эрт ирээд надад туслах юм бол их зүгээр байна.

Энэ хоёр жишээг уншихад яг адилхан зүйлийг хоёр өөрөөр илэрхийлж байна. Мэдээж жишээ 2 нь оновчтой. Сонсож байгаа хүнд ч гэсэн зөөлөн бууж байна. Тэгэхээр эхнэр ч бай, нөхөр ч бай бухимдалтай байх үедээ аливаа зүйлийг ойлгуулахдаа уураа дарж, эрүүл ухаанаар эвтэйхэн тайлбарлаж сурах хэрэгтэй.

Гэр бүлдээ ямар харилцаа тогтоох нь эхнэр, нөхөр хоёроос л шалтгаалдаг

Дараагийн нэвтрүүлгээр “Сэтгэл зүйн ойртон дотносол гэж юу вэ” сэдвээр ярилцах болно. Энэ нэвтрүүлгийг та бүхэн дөрөвдүгээр сарын 3-нд Монголын радиогийн 1-р суваг 106.0  долгионоор хүлээн авч сонсоорой.

Нийтэлсэн: Б.Эрдэнэцэцэг

Гэр бүлдээ ямар харилцаа тогтоох нь эхнэр, нөхөр хоёроос л шалтгаалдаг  
Үзсэн: 2134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй