Шууд Chart

Аутизмын эмгэгт хөвгүүд охидоос 4 дахин их өртөж байна

2017-04-05 17:49:50

“Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлгийн ээлжит дугаар танд хүрч байна. Бид нэвтрүүлгээрээ гэр бүлд тулгамдаж байгаа асуудлууд болон гэр бүлийн гишүүн бүрт хэрэгтэй мэдлэг мэдээллийг сонсогчдодоо хүргэхийг зорьдог. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын Аутизмын эмгэгийг таниулах өдөр болгон зарласан байдаг. Харин манай улсын хувьд энэ сард “Сонсъё, Хайрлая, Ойлгоё” гэсэн уриатайгаар  Аутизмын эмгэгийн  тухай олон нийтэд таниулж байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 3-ны  дугаартаа бид “Аутизм Монгол-АНД” ТББ-ын сэтгэл зүйч И.Бумбаяаг урьж оролцууллаа.

-Аутизмын эмгэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар цөөн байдаг байх. “Аутизм Монгол-Анд” ТББ тухай эхлээд танилцуулаач?

-Манай байгууллага анх  2012 оны 5 сарын 4-нд “АНД-хүүхдүүд” нэртэй байгуулагдаад, 2014 оны 9 сараас эхлэн “Аутизм Монгол-АНД” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн байгууллагынхаа дэргэд  2014 оны 9 сард Аутизмтай хүүхдэд зориулсан “Анулан- Аз жаргал” нэртэй цэцэрлэг байгуулаад ажиллаж байна. 4-р сарын 2-ны өдрийг 2008 оноос эхлэн олон улсад Аутизмыг таниулах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Харин манай улс 2014 оноос эхлэн Аутизмын эмгэгийг таниулах өдөр болгон тэмдэглэж байна.

-Сүүлийн жилүүдэд л Аутизмын тухай ярьж, сонсож байна. Аутизм гэж юу вэ?

-Аутизм нь энгийн үгээр хэлбэл нийгэмшил, харилцааны бэрхшээл юм. Албан ёсны тодорхойлолт нь “Нийгэмшил болон харилцааны дутмагшил, давтагдмал зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг” гэж тодорхойлдог. Үндсэн  гурван бэрхшээлээр илэрдэг.

  • Нийгэмшлийн
  • Үгэн болон үгэн бус харилцааны
  • Давтагдмал зан үйл, хязгаарлагдмал сонирхол гэсэн гурван үндсэн бэрхшээлээр илэрдэг.

Дэлхий дахинаа 6 сартайгаас нь оношлох боломжтой гэдэг боловч манайд 4-5 настайд нь  оношлох туршлага бий. Энэ нь Аутизмын эмгэгийн тухай ойлголт Монголд хожуу орж ирсэнтэй холбоотой. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд Аутизмийн тухай ойлголтыг олон нийтэд өгснөөр 3 настайд оношлох боломжтой болж байна.

-Аутизмын эмгэгтэй хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Хүүхэд хэдэн насандаа ямар үйлдэл үзүүлж байвал эцэг, эхчүүд Аутизмын шинж тэмдэг байж болзошгүй хэмээн дараагийн арга хэмжээ авах вэ?

-Одоогоор манай эцэг эхчүүд хүүхдээ хэлд орохгүй болохоор ямар нэгэн эмгэг өөрчлөлт байна гэж эмч мэргэжилтнүүдэд ханддаг. Аутизмтай хүүхдэд  илэрдэг гол шинж тэмдэг нь нэрээр нь дуудахад харахгүй байх, нүднийхээ булангаар харах, өлмий дээрээ явах зэрэг өвөрмөц үйлдэл үзүүлдэг. Тэгэхээр эцэг эхчүүд эдгээр шинж тэмдгийг сайн ажиглаж байх хэрэгтэй.

-Хэвийн хөгжилтэй хэрнээ оройтож хэлд, хөлд ордог хүүхэд байдаг. Тэгэхээр Аутизмтай хүүхдээс илэрч гардаг бусад шинж тэмдгээс тодорхой хэлж өгөөч?

-Гаднаас нь харахад энгийн хөгжилтэй хүүхдээс ялгагдах зүйл байхгүй. Харин хэлд орохгүй удах, хэлд орсон ч гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Жишээ нь: хүний яриаг давтдаг, эсвэл зөвхөн өөрийнхөө хэрэгцээ сонирхолоо хангах төдий ганц хоёрхон үгээр харилцдаг. Хэлж буй өгүүлбэрийн бүтэц нь энгийн хүүхдийнхээс өөр байдаг. Эсвэл өөрсдийн гэсэн үг хэллэг зохиож ярина.

-Хүүхдүүд яагаад Аутизмын эмгэгтэй төрөөд байна вэ. Шалтгаан нь юу вэ?

-Аутизмын эмгэг  бий болж байгаа шалтгааныг одоогоор тодорхойлоогүй байна. Дан ганц зүйлээс биш олон хүчин зүйл энэ эмгэгт  нөлөөлдөг  гэдэгтэй харин сүүлийн үед  санал нэгдэж байна. Аутизм нь өвчин биш эмгэг учраас эмчилгээ гэхээсээ илүү сургалт засал гэж байдаг. Манай орны хувьд сургалт засал хийгдэж, амжилттай хэрэгжиж байна.

-Утсаар холбогдож асуусан сонсогч: Манай зээ одоо 2 ой 2 сар хүрэх гэж байна. Хэлд ороогүй “БАБАБА” “ДҮДҮДҮ” гэхээс өөр зүйл хэлэхгүй байна. Хаана хандах вэ?

-Хэвийн хөгжилтэй хоёр настай хүүхэд өөрийн гэсэн 10 гаран үгтэй болсон байх ёстой. Гэхдээ хэл яриа нь л хоцрогдолтой байлаа гээд Аутизмтай хүүхэд байна гэсэн үг биш. Тэгэхээр мэргэжлийн хүмүүстэй холбогдож ялгаж оношлуулах хэрэгтэй. Зүгээр хэл ярианы хоцрогдол байж болно.

-Аутизмын эмгэгийн талаар судалдаг, оношилдог газар манайд хэд байдаг вэ. Хаана хандах вэ. Яаж холбоо барих вэ?

-Аутизмын анхан шатны оношийг СЭМҮТ-ийн хүүхдийн тасгийн эрхлэгч Энхтуяа эмч тогтоодог. Хэрвээ таны хүүхдэд дээр хэлсэн шинж тэмдэг илэрвэл эхлээд СЭМҮТөвд хандах хэрэгтэй. Дараа нь холбогдох ТББ-тай холбоо барих боломжтой. Одоогоор Аутизмын эмгэгтэй хүүхэдтэй ажиллах албан ёсны 3 газар байна. “ Монголын Аутизмын  холбоо”, “Аутизм Монгол-АНД”  ТББ, мөн энэ жилээс ээжүүдийн санаачилгаар бий болсон “Монголын Аутизм судлал” ТББ ажиллаж байна.

-Утсаар Улаанбаатар хотын сонсогчийн асуулт: Манай хүү удахгүй 5 нас хүрнэ. Уг нь нэг ойтой байхдаа ааваа, ээжээ гэж хэлдэг байсан. Нэг настай байхаа түлэгдсэнээс хойш юм яриахаа байсан. Зурагт үзсээр байгаад Англи хэлээр үг хэлнэ. Монголоор ааваа, байна уу гэдэг үгтэй. Ярихдаа дохио зангаагаар л ойлголцоно. Хаана хандах вэ?

-Та хүүхдээ СЭМҮТөвд хандаж Энхтуяа эмчид үзүүлээрэй.  Цаг алдаж болохгүй хүүхэд  тань 5 нас хүрэх гэж байна. Учир нь Аутизмтай хүүхэд англиар ярих тохиолдол их ажиглагддаг.

-Хөвгүүд охидоос илүү Аутизмын эмгэгт өртөж байна гэсэн судалгаа байсан. Манай орны хувьд ийм зүйл ажиглагдаж байна уу?

-Хөвгүүд охидоос 4 дахин их  өртөж байгаа нь Олон улсын судалгаагаар тогтоогдсон. Манай цэцэрлэгт 18 хүүхэд явж байгаагаас 3 нь охин 15 нь хүү.

Эцэг эхчүүд хүүхдээ сайн ажиглаж, хэл, хөлд орохгүй удаж байвал “ингэж байгаад болно доо” гэж алгуурлахгүй мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авахад илүүдэхгүй.

“Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлгийн энэ дугаарт “Аутизм Монгол-АНД” ТББ-ын сэтгэл зүйч И.Бумбаяа оролцож Аутизмын эмгэгийн талаар мэдээлэл зөвлөгөө өглөө. Үр хүүхэд минь эрүүл саруул өсөн торних л эцэг эхчүүд бидний аз жаргал байдаг шүү дээ, тиймээс та бүхэн хайртай үрийнхээ үг,үйлдэл, хөдөлгөөн бүрийг нь сайн ажиглаж, ямар нэг хэвийн биш зүйл анзаарагдвал дээр дурдсан мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандаарай. Мөн “Аутизм Монгол-АНД” ТББ-тай холбоо барихыг хүсвэл 70134053 дугаарын утсанд залгаарай.  “Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлгийн дараагийн дугаарыг 4-р сарын 10-ны даваа гарагт 16 цаг 05 минутаас  Монголын радиогийн 1-р суваг 106.0 долгионоор хүлээн авч сонсоорой.

Нийтэлсэн: Б.Эрдэнэцэцэг

Аутизмын эмгэгт хөвгүүд охидоос 4 дахин их өртөж байна  
Үзсэн: 4712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй