
Бид “Аз жаргал” гэхээр хэтэрхий том, эсвэл хэт холын зүйлийг хүлээгээд байдаг юм биш байгаа. Дуртай цагтаа хайртай хүмүүсээ харж, тэвэрч байна гэдэг нь маш том аз жаргал, хамгийн гоё тансаглал юм. Энэ удаа бид “Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлгээрээ “Аз жаргалтай мөчөө эргэн санаж, сайхан амьдралыг бүтээх нь” сэдвээр ярилцаж, зөвлөгөө өглөө. Зочноор “Гэр бүлийн боловсрол” сэтгүүлийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ оролцлоо.
-Амьдралаа аз жаргалтай болгож байж, аз жаргал гэж юу вэ гэдгийг мэдэрч байж дараа нь хүн энэ мөчөө эргэн санах болов уу?
-Хүний амьдралд аз жаргалтай, гэгээн сайхан мөчүүд олон байдаг. Гэхдээ энэ аз жаргал нь амьдралын явцад санаандгүй бий болоод байдаг зүйл биш. Яг өөрийн чинь хэлдгээр хүн аз жаргалыг бүтээж байж дараа нь түүнийгээ эргэн дурсах юм. Тэр сайхан аз жаргалыг гэр бүлийн хосууд хамтдаа бүтээж чадахгүй бол хожим нь дурсах зүйл тэр чинээгээрээ бага байна гэсэн үг. Тиймээс гэр бүлдээ аз жаргалыг бүтээж, харилцаагаа сайн сайхнаар сүлж байх хэрэгтэй байдаг.
-Биднийг сонсож, уншиж байгаа хүмүүст аз жаргалыг хэрхэн бүтээх талаар дэс дараатай, тодорхой хэлж өгөөч?
-Аз жаргал гэдэг нь харьцангуй ойлголт юм. Хүн бүр аз жаргалыг өөр өөрөөр харж, мэдэрдэг. Гэр бүлийн шинжлэх ухаан аз жаргалтай гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон байдаг. Маш энгийнээр хэлбэл, “Аз жаргалтай гэр бүл гэдэг нь гэр бүлийн гишүүд нь бие биедээ хүсэн хүлээсэн зүйлдээ сэтгэл хангалуун, харилцан бие биенээ хайрладаг, ойлгодог, хүндэлдэг, халуун дулаан уур амьсгалтай, амар тайван гэр бүлийг аз жаргалтай гэр бүл гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байвал тэр гэр бүл хамгийн сайхан гэр бүл. Харин гэр бүл нь аз жаргал, баяр хөөрийн хомсдолд ороод, уур бухимдал, айдас түгшүүр нь ихсээд ирвэл аз жаргалгүй гэр бүл болдог. Тухайн хүн аз жаргалтай байгаа үгүйг мэдэхийг хүсвэл нүд рүү нь харахад л хангалттай. Нүд бол сэтгэлийн толь. Тийм ч учраас хүний сэтгэл зүрхэнд болж байгаа бүх зүйлийг нүд илэрхийлж байдаг юм.
Гэр бүлийн аз жаргалыг бүтээхэд тодорхой алхмууд хэрэгтэй. Дөнгөж гэр бүл болсон цагаас эхлээд яах хэрэгтэй вэ гэсэн алхмаас эхлэе.
Амиа хичээсэн, хувийн ашиг сонирхол хөөсөн гэр бүлд аз жаргал гэж байдаггүй
Зарчим 1: Нэгдмэл санаа зорилго, нийтлэг үзэл бодол
Гэр бүлийн гишүүд нь нэгдмэл сэтгэл санаа, зорилготой байснаараа ирээдүйнхээ төлөө хамтдаа хичээдэг. Хосууд амьдралдаа холын болон ойрын зорилго тавьж, түүнийхээ төлөө тууштай тэмцэж, өөртөө байгаа нөөц боломжоо дайчлан амьдралын хором бүхнийг ирээдүйд хүрэх зорилгынхоо төлөө үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Зорилготой байна гэдэг нь өөрийнхөө амьдралын хүрэхийг хүссэн сайн сайхан зүйлсийн оргилыг урьдчилан харж байгаа ойлголт юм. Гэр бүл гэдэг нь багийн хамтарсан тоглолт гэж хэлж болно. Багийн гишүүд нэг нэгнээсээ илүү байх хэрэгтэй. Нэг нэгэдээ тусалж, бусдынхаа дутууг гүйцээж байх нь чухал. Хэзээ ч нэг нэгийгээ өрсөлдөгч гэж төсөөлж болохгүй. Амиа хичээсэн, хувийн ашиг сонирхол хөөсөн гэр бүлд аз жаргал гэж байдаггүй.
Зарчим 2: Харилцан дэмжсэн хамтын харилцаа
Хосуудын аз жаргалтай, эвсэг, найрсаг, сэтгэл ханамжтай байдал тэдний бие биенээ урамшуулан дэмжих хандлага, арга барилаас ихээхэн хамаарна. Хосууд бие биенийхээ хичээл зүтгэл, хийж байгаа зүйлийг нь урамшуулах, хамтран дэмжихийн оронд буруутгах, зэмлэх, үгүйсгэх, шүүмжлэх, үл ойшоох, түрэмгийлэх арга барилаар харилцвал зөрчил үүснэ. Сэтгэлийн зовлон, тулгарсан бэрхшээл асуудлуудыг хамтдаа шийдэн нэг нэгэнтэйгээ хуваалцсанаар гэр бүлийнхээ эв нэгдлийг хадгалдаг. Хүлээцтэй тэвчээртэй байх, өөрийгөө зөв илэрхийлэх, сонсож чаддаг байх, бодлоготой хариулт өгөх зэрэг нь энэ харилцааны үндэс болно.
Зарчим 3: Сонсох чадвар
Сайхан харилцаатай эхнэр, нөхөр байхаас гадна нэг нэгэндээ сайн найз, дотны анд нь байх хэрэгтэй
Харилцан бие биенээ сонсож сурах хэрэгтэй юм. Нэгнийхээ санаа бодлыг сонсохгүйгээр түүнийг ойлгох боломжгүй шүү дээ. Магадгүй зарим үед асар их тэвчээр гаргаж сонсох хэрэг ч гарна. Сайхан харилцаатай эхнэр, нөхөр байхаас гадна нэг нэгэндээ сайн найз, дотны анд нь байх хэрэгтэй. Үүнийг хийж чадсан гэр бүл амьдралаа чимэх аргаа олсон гэж хэлж болно.
Зарчим 4: Ярилцаж ойлголцох
Хэдий чинээ их ярилцана төдий чинээ илүү ойлголцоно
Аливаа асуудлыг ярилцахгүйгээр шийдэж чадахгүй. Хэдий чинээ их ярилцана төдий чинээ илүү ойлголцоно. Олон хосууд ярилцаж чаддаггүйгээс асуудлаа шийдэж чаддаггүй. Ханьдаа ямар нэгэн зүйлд гомдож явдаг, өөрийг нь гомдоодог тэр үйлдлээ өөрчлөөсэй гэж хүсдэг ч хэлж зүрхэлдэггүй байна. Мөн зарим нь өөрийн санаатай болон санамсаргүй үйлдлээрээ ханиа хэрхэн гомдоож байгаагаа огтхон ч мэддэггүй байна. Иймээс хосууд дотоод сэтгэлд нь нууцхан байр эзэлдэг гомдол, асуудлаа хэн хэндээ хэлж тайлбал сэтгэл уужрахаас гадна цаашид гомдоохгүй байх эх үндэс тавигддаг байна. Хосууд бие биедээ их хайртай, хүндэлдэг гэдгээ батлахыг хүсвэл шийдвэр гаргахдаа ханьтайгаа зөвлөлдөх хэрэгтэй. Бодол санаа, сэтгэл хөдлөл, хүсэл мөрөөдлөө хуваалцаж ярилцаж байгаарай.
Зарчим 5: Уучлах сэтгэл
Уучилж чаддаг хосууд л хамгийн удаан хамтдаа байдаг
Зөвхөн түүнийгээ уучилж байж л сэтгэл тань хөнгөрдөг. Өмнө нь хийж байсан зүйлүүдээс тань хамгийн хэцүү нь уучлах байж мэднэ. Гэхдээ уучилж чаддаг хосууд л хамгийн удаан хамтдаа байдаг. Уучлахыг хүссэн сэтгэл байхад уучилж боломгүй алдаа гэж байдаггүй юм. Уучлахгүй байснаараа өөрийгөө аз жаргалгүй болгохоос гадна хань ижлээ гацаанд оруулдаг. Ялангуяа эрэгтэй хүн алдаагаа үргэлж чичлүүлснээр өөрчилдөггүй бөгөөд харин ч эхнэрийнх нь ааш аяг нөхрийг улам цааш түлхлэг. Иймээс эхнэр, нөхрийнхөө алдааг зүрхэндээ уучил. Ингэснээр сэтгэл тань хөнгөн, ирээдүй тань гэрэлтэй болдог.
Хамгийн түрүүнд буулт хийж уучилсны талд асуудал шийдэгддэг. Тэгээд ч буруутай нь бус ухаантай нь буулт хийдэг юм.
Зарчим 6: Бие биедээ талархаж амьдрах
Харилцаандаа урам, магтаалын үгийг байнгын хэрэглээ болгох хэрэгтэй. Жишээ нь, миний хань өнөөдөр ямар сайхан харагдаж байна вэ... Чи минь сайхан шүү... Миний хань ухаантай шүү... Сайхан хоол хийжээ... гэх зэрэг энгийн зүйлээс эхлээд ажлын амжилтыг нь үнэлж байх хэрэгтэй. Гэрлэснийхээ дараа яагаад анх хайрлаж, дурлаж байсан шигээ хайрлахаа больдог вэ гэхээр аль аль нь анхныхаа ялдам зан аашийг гаргахаа больсонд байдаг юм. Иймээс магт, бас дахин магт, урамшуул. Хань нь өөрийг нь үнэлж, дэмжиж байгааг мэдэрснээр илүү урам зоригтойгоор ажил амьдралаа зохицуулдаг. Хосууд гэр бүл болж, хоёр өөр замыг нэгтгэн нэг зам бий болгож байгаагаа мартаж болохгүй. Энэ нь “Би” гэсэн ойлголтоос бид гэсэн ойлголт руу шилжиж байгаа хэрэг юм.
Мэдээж гэр бүлд зарим жижиг маргаан гарах нь хэвийн үзэгдэл. Хамгийн чухал нь сэтгэлийн хөдөлгөөнөөрөө бус ухаанаараа өөрийгөө жолоодож, маргааныг зөв зохицуулан сайхан харилцаатай байх хэрэгтэй.
Зарчим 7: Хайрлах
Хайрыг хүсч байвал хайрлаад л бай. Хариу нь хайр болон ирдэг жамтай
Гэр бүлийн амьдралын сайн сайхан байдлын үндэс бол хайр юм. Хайр нь услахгүй бол үхдэг ургамалтай адил болохоор хайр хайрыг төрүүлдэг зүй тогтолтой. Хайрлахгүй байна гэж гомдоллох биш өөрөө тэвчээртэйгээр хайрла. Хайрыг хүсч байвал хайрлаад л бай. Хариу нь хайр болон ирдэг жамтай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн онцлогоос шалтгаалж хайрлах, хайрлуулах хэрэгцээ өөр байдаг. Жишээ нь:
- Эмэгтэй хүний хайрын хэрэгцээ нь:
- Халамж, анхаарал
- Ойлголцол
- Хүндлэл
- Үнэнч байх
- Баталгаа өгөх
- Эрэгтэй хүний хайрын хэрэгцээ:
- Итгэл
- Хүлээн зөвшөөрөлт
- Талархал
- Бахархал
- Сайшаал, магтаал, урам зориг
Хайр зүрхэнд оршдог ч түүнийг нуух хэрэггүй. Түүнийг хэзээ ямагт илэрхийлж байх хэрэгтэй.
Зарчим 8: Итгэлцэл
Ханиасаа хардах шалтгааныг биш итгэх шалтгааныг хайж амьдар
Гэр бүлийн аз жаргалтай амьдралын үндэс бол хайр гэдэгтэй онолын хувьд практик түвшинд ч хүмүүс санал нийлдэг. Гэхдээ ач холбогдлын хувьд хайраас дутуугүй үүрэг гүйцэтгэдэг ойлголт бол итгэл юм. Хэдий чинээ нэгэндээ итгэнэ төдий чинээ итгэлийг алдахгүй байх хичээл зүтгэл гарч байдаг. Итгэлийг эвддэг гол зүйл бол хардалт, хууралт юм. Ханиасаа хардах шалтгааныг биш итгэх шалтгааныг хайж амьдар.
Ханьдаа зохих ёсны эрх чөлөөг олго. Түүнийг үргэлж хянаж цагдаж байх нь дарамтанд байгаа мэт, эрх чөлөөгүй болсон мэт мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь сөрөг тэмүүллийг бий болгох, эсэргүүцэх байдлыг бий болгоно.
Зарчим 9: Сэтгэл ханамж
Гэр бүлийн харилцааны уур амьсгал, бие биедээ нөлөөлөх нөлөөлөл, гэр бүлийн амьдралын чанар нь тухайн хүний ажлын бүтээмж, нийгмийн байр сууринд шууд нөлөөлдөг. Гэр бүлдээ асуудалтай хүн ажилдаа оюун ухаан чадвараа бүрэн зориулж чаддаггүй, сэтгэлийн шаналгаатай байдаг. Хайр сэтгэл халуун дулаанаараа байх эсэх, гэрлэлтийн сэтгэл ханамж буурахгүй байх нь эхнэр, нөхөр хоёр бие биенийхээ хэрэгцээг хэрхэн хангаж чадаж байна вэ гэдгээс шалтгаалдаг. Бид эрэгтэй, эмэгтэй хүний хүйсийн ялгааг сайн мэдэх боловч сэтгэл зүйн хувьд ямар ялгаатай хийгээд түүний цаад учир нь юундаа байгааг төдий л сонирхдоггүй.
- Эмэгтэйчүүд тархиныхаа хоёр тал бөмбөлөгийг зэрэг ашигладаг. Энэ нь ой тогтоолт сайтай гэсэн үг. Мөн анализ хийх хандлагатайгаас гадна олон зүйлийг зэрэг амжуулах чадвартай.
- Харин эрэгтэйчүүд тархиныхаа хоёр тал бөмбөлөгийг ээлжилж ашигладаг.
Иймд тэдний гэр бүлээсээ хүсэн хүлээдэг хэрэгцээ өөр байдаг юм.
“Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлгийнхээ энэ дугаарт бид “Аз жаргалтай мөчөө эргэн санаж, сайхан амьдралыг бүтээх нь” сэдвээр зөвлөгөө өглөө. Та бүхэн эдгээр 9 зарчмыг санаж, амьдралдаа хэрэгжүүлэн, аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүлийг бүтээгээрэй.
Дараагийн нэвтрүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 16 цаг 05 минутаас Монголын радиогийн 1-р суваг 106.0 долгионоор хүлээн авч сонсоорой.
Аз жаргалтай мөчөө эргэн санаж сайхан амьдралыг бүтээх нь | ||
Үзсэн: 4563 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.