
Аав, ээжүүд бидний хамгийн том аз жаргал бол үр хүүхдүүд минь эрүүл саруул өсөн торних байдаг. Гэхдээ хэлж ирдэггүй хийсч ирдэг, зугтах боломжгүй өвчин, эмгэг гэж байх юм.
Жил бүрийн 4-р сарын 2-ны өдрийг Олон улсын Аутизмын эмгэгийг таниулах өдөр болгон зарласан байдаг. Энэ өдөр хэвлэл мэдээллээр Аутизмын эмгэгийн талаар зөв мэдээлэл хүргэдэг. Иргэд Аутизмын эмгэгийн тухай мэдээлэл хомс, мөн ийм хүүхдүүдийн талаар буруу ташаа мэдээлэлтэй байдгаас өөрийгөө нийгмээс тусгаарлах төрөлхийн эмгэгтэй хүүхдийг “Буруу эрхэлсэн, зөрүүд хүүхэд” гэх мэтээр ойлгож, аав, ээжийг нь хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй хэмээн буруутгах хандлага ажиглагдаж байна. Тиймээс бид “Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлэгтээ “Аутизм Монгол-АНД” төрийн бус байгууллагын сэтгэл зүйч, “АНД-Хүүхдүүд” цэцэрлэгийн ахлах бүлгийн багш Г.Нямпагамыг урьж оролцууллаа.
Эрт оношлох тусам засал сайн авдаг
-Аутизмын эмгэгийн талаар анх сонсож байгаа хүмүүст энэ талын мэдээлэл өгөөч?
-Аутизм гэдэг үг нь “Өөр рүүгээ төвлөрөх, өөрийнхөө бий болгосон ертөнцөд амьдрах” гэсэн утгатай. Мөн нийгмийн харилцаа болон бусадтай харилцах харилцаанаас тургаарлагдсан, өвөрмөц зан үйл, давтагдмал зан үйлтэй, мөн хүний нүүрний хувирал ойлгодоггүй. Зарим тохиолдолд насан туршдаа хэлд орохгүй тохиолдол байдаг. Хэлд орсон ч зөв дараалалтай ярьж чадахгүй байх хэв шинж илэрдэг. Саяхан манайд нэг хүүхэд оношлогдохоор ирсэн юм. Тэр хүүхэд жишээ нь түлхүүрэнд дуртай, янз бүрийн түлхүүрээр өдөржингөө тоглодог байх жишээтэй.
-Манайд 2012 оноос Аутизмын талаар ярьж эхэлсэн харьцангуй шинэ ойлголт. Тодорхой тоо баримт байдаг уу?
-Манай байгууллага 2012 оны тавдугаар сард байгуулагдаж байсан. Зорилго нь Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхүүдэд зориулж үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогоор манайд 170 гаруй хүүхэд бүртгэлтэй байна. Үүнээс 79 хүүхэд нь албан ёсны оноштой. СЭМҮТ-ийн Энхтуяа эмч Аутизмын эмгэгтэй хүүхдийн анхан шатны оношлогоог хийдэг.
Аутизмтай хүүхдүүдийн 40% нь энгийн хүүхдүүдээс ямар нэг зүйлээрээ илүү байдаг
-Та мэргэжлийн сэтгэл зүйч, мөн Аутизмын эмгэгтэй хүүхэдтэй өдөр тутам ажилладаг хүний хувьд онцлогийг нь хэлж өгөөч?
-Ихэвчлэн хэлний бэрхшээлтэй байдаг. Мөн давтагдмал зан үйлтэй буюу нэг үйлдлээ байн байн давтдаг. Бас хоолны бэрхшээлтэй хүүхэд ч байдгаас гадна хүүхэд бүр өөр өөр. Тиймээс тэр онцлог бүрт нь зориулж харилцах хэрэгтэй байдаг юм.
-Таны зүгээс Аутизмын эмгэгтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Аутизмтай хүүхэдтэй ажиллахад үр дүн сайн гардаг гэдгийг хэлж ойлгуулдаг. Ийм эмгэгтэй хүүхэд нь ихэвчлэн хэл ярианы бэрхшээлтэй байдаг тул өөрийнхөө хүслийг уйлж илэрхийлдэг. Үүнийг нь зарим хүн буруу эрхэлсэн хүүхэд гэж ойлгодог.
-Танай цэцэрлэгээс сурвалжлага авч байхад хүүхэд бүрийн онцлог харагдаж байсан. Зарим нь хаа сайгүй үсэрч харайж байхад зарим суудлаасаа босохгүй байх жишээтэй. Нэг охины хувьд маш гоё зурж, бичиж байсан. Аутизмын эмгэгтэй зарим хүүхэд гоц авьяастай байдаг гэсэн. Танайд тийм хүүхэд байдаг уу?
-Аутизмын эмгэгтэй хүүхдээс гоё зурдаг, бичдэг хүүхэд их байдаг. Манайд тоондоо сайн нэг хүүхэд байсан. Аутизмын эмгэгтэй хүүхдийн 60 хувь нь энгийн хүүхдүүдээс хөгжлөөрөө хоцрогдмол байдаг бол 40 хувь нь ямар нэг талаараа илүү байдаг. Ерөнхийдөө харааны ой сайтай хүүхдүүд байдаг учраас тухайн зүйлийнх нь зургийг давхар харуулаад цээжлүүлэхэд амархан тогтоодог.
Аутизмын эмгэгтэй, сургуулийн насны хүүхэд 55-р тусгай сургуульд хандаж болно
-Мессежээр ирсэн сонсогчийн асуулт: -7 настай хүүхэд хэлд ороогүй хэрнээ жоохон байхдаа даам тоглож сурсан. Та бүхний яриаг сонсоод Аутизм байж магадгүй гэж бодлоо. Бид хаана хандах вэ?
-70134053 дугаарын утасаар холбоо бариад ирж болно. Мөн СЭМҮТ-ийн Энхтуяа эмч дээр очиж Аутизмын эмгэгтэй эсэхийг тогтоолгож болно.
-Утсаар ярьсан сонсогчийн асуулт: -Манай охин одоо 16 настай. Гэрээсээ гарч нийгмийн харилцаанд ордоггүй. Юм ярихгүй дуу сонсоод л гэртээ байж байдаг. Юм сурдаггүй ч гэсэн сургуульд явуулдаг байсан юм. Аутизмын эмгэгтэй юм болов уу?
-Та хотод ирээд мэргэжлийн хүнээр оношлуулж болно. Том болсон хүүхэд учраас өөрийнх нь сонирхлыг харж байгаад тэр чиглэлээр нь хөгжүүлж бас болно.
-Сэтгэл зүйч, эмч, багш нарын хэлж байгаагаар Аутизмын эмгэгтэй хүүхдийг эрт оношлуулж зориулалтын тусгай сургалттай сургууль, цэцэрлэгт хамруулах тусам засал сайн авдаг гэх юм?
-Энэ үнэн. Эрт оношлох тусам засал сайн авдаг. Тэр хүүхдүүд ярьж чадахгүй учраас өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ авахын тулд уйлж илэрхийлдэг. Сургалтаар жишээ нь, зурган харилцаагаар зарим хичээлийг ордог. Хүүхэд чипс идэхийг хүсч байгаа тохиолдолд уйлахын оронд чипсний зургийг багшдаа авч ирдэг. Энэ маягаар хүүхэд бүрийн онцлогт тохируулж сургалтаа явуулдаг.
Таван настай Аутизмтай хүүхэд байлаа гэхэд өөрийнхөө хүссэн зүйлийг төдий хугацаанд уйлж аваад сурчихсан гэсэн үг. Тиймээс аль болох эрт оношлуулж онцлогт нь тохирсон сургалттай цэцэрлэг, сургуульд хамруулснаар таны хүүхэд зөв дадал хэвшилд суралцаж, засал авна гэсэн үг юм.
Ээжүүд бид хүүхэд нь ханиад хүрэх төдийд л сэтгэл нь хямарч, сүр дуулиан дэгдээдэг хүмүүс. Гэтэл хүүхэд нь “Аутизм” гэж яаж үүсч, ямар эмчилгээ хийж бүрэн эдгэрэх нь тодорхойгүй эмгэгтэй төрнө гэдэг, түүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг тийм амар зүйл биш. Тиймээс бид бүгдээрээ Аутизмын эмгэгтэй хүүхдүүдийг, тэдний гэр бүлийг СОНСЪЁ, ОЙЛГОЁ, ХАЙРЛАЦГААЯ.
Г.Нямпагам: Аутизм эрх хүүхдийн өвчин биш | ||
Үзсэн: 3224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.