Шууд Chart

Б.Сайнзаяа: Гэр бүлдээ зориулсан цаг хугацааг тань амьдрал аяндаа шагнадаг

2017-05-18 10:31:04

Монголын радиогийн "Сэтгэл зүйчийн цаг" нэвтрүүлгийн ээлжит дугаар “Хосууд цаг заваа нэгэндээ зориулах, цагийг хамт өнгөрөөх нь” сэдвээр үргэлжиллээ. Бүх зүйлийг цагтай уралдан хийж байгаа өнөө үед хүмүүсийг гэр бүлдээ илүү анхаарахыг шаардаж байна. Зарим тохиолдолд хэтэрхий их ажилтай улмаас амьдралын утга учир болсон гэр бүлдээ хангалттай цаг зарцуулж чадахгүй байгаа нь олон зүйлээс харагддаг. Гэтэл тоохгүй өнгөрөөж байгаа энэ цаг хугацаа эргэж олдохгүй, харамслаа гэхэд буцааж болохгүй нь үнэн. Өнөөдрийн нэвтрүүлэгт холбогдож асуулт асуусан сонсогчид ихэвчлэн гэр бүлд нь асуудал үүсч, бүр зарим нь гэр бүл салах тухай ч ярьж байна. Энэ бүхний үндэс, суурь нь гэр бүлийн хоёр нэг нэгэндээ цаг гаргаж ярилцдаггүй, цагийг хамтдаа өнгөрөөж нээлттэй харилцдаггүйгээс болжээ. Бид бүгдээрээ  аз жаргалтай амьдрах гэж гэр бүл зохиодог. Мөн өөрсдийн буруугаас болж аз жаргалтай гэр бүлээ үгүй хийдэг байх нь... Өнөөдрийн зочноор Цахим сэтгэл зүйч Б.Сайнзаяа оролцлоо.

-Та радиогийн нэвтрүүлэгт анх удаа уригдаж оролцож байна. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. Цахим сэтгэл зүйч гэхээр өвөрмөц санагдаж байна л даа?

-Би их сургуулиа сэтгэл зүйч мэргэжлээр 2011 онд төгссөн. Түүнээс хойш гэр бүлийн сэтгэл зүйч, хүүхдийн сэтгэл зүйч, хувь хүний хөгжил, харилцааны сэтгэл зүйч зэргээр мэргэшээд ажиллаж байна. Одоо доктурантурт сурч байна. Цахим хэлбэрээр сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд 5 жил болж байна. Интернэт болон техник технологи хөгжсөн энэ үед цахим хэлбэрээр зөвлөгөө өгч болдог болсон. Ялангуяа хөдөө орон нутагт байгаа мөн гадаадад байгаа хүмүүсийн хувьд сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авах хэрэгцээ байгаа хэрнээ уулзаад зөвлөгөө авах боломж тэр болгон байхгүй шүү дээ. Хүмүүс гэр бүлд нь асуудал үүсэхэд гарц олохын тулд интернэтээр мэдээлэл хайдаг. Ингэж хайх явцдаа сэтгэл зүйчийн нүүр номоор хандан мэдээлэл, зөвлөгөө өгөхийг хүсдэг байсан учраас цахимаар зөвлөгөө өгч эхэлсэн. Хүүхдийн сэтгэл зүй, хүүхэд асрагч бэлтгэх, сэтгэл зүйчээр сурах сонирхолтой байгаа хүмүүст цахимаар болон танхимын сургалт зохион байгуулдаг.

-Тантай холбоо барихын тулд ямар хаягаар хандах вэ?

-“Сайнзаяа сэтгэл зүйч” гэж бичихэд гараад ирнэ ээ.

/Зөвлөгөө өгөхийн өмнө:  Эхнэр нь ажил дээрээ үүссэн асуудлаа шийдэхийн тулд нөхрөөсөө биш нөхрийнхөө найзаас тусламж хүссэнийг нөхөр нь мэдээд тухайн гэр бүлд үл ойлголцол үүсч байгаа тухай зохиомж сонссон болно/

-Энэ хэдийгээр зохиомж ч гэсэн ийм гэр бүл байдаг шүү дээ. Та энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Энэ зохиомж дээр хамгийн буруу хандлага нь хэн нэгэндээ юу болсноо хэлэхгүй байх байлаа. Өөрөөр хэлбэл, нөхрөөсөө биш өөр хүнээс тусламж хүссэн нь эхнэрийн алдаа юм. Нөхөр нь хэдийгээр завгүй байсан ч эхнэр нөхрөөсөө тусламж хүсэх хэрэгтэй байсан. Нэг удаа асуухгүй хоёр удаа асуухгүй ингээд өөрт тань хэвшил болно. Энэ хэрээрээ нөхөртэйгээ нээлттэй харилцахад чинь саад болно. Ялангуяа эрэгтэй хүн эхнэрийнхээ өмнө нэр нөлөөтэй байх, бүх асуудлыг нь шийдвэрлэдэг байх хүсэл зориг их байдаг. Ийм байхад эхнэр нь өөрөөс нь биш өөр хүнээс тусламж хүсэх нь өөрийг нь доромжилж байгаагаас өөрцгүй хэрэг. Тиймээс эхнэр дахин ийм үйлдэл гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй.

-Нөхөр том цохилтод орсон. Эхнэр, нөхөр хоёр үл ойлголцсон байдалтай байгаа. Энэ тохиолдолд эхнэр бууж өгөөд уучлалт гуйх уу. Нөхөр эхнэрээ аргадаж учирлах уу?

-Алдаа гэдэг хоёр талтай. Эхнэр яагаад нөхөртөө асуудлаа яриад тусламж хүсээгүй юм бэ гэдэг нь нөхрөөс бас шалтгаалж байгаа. Тэгсэн хэрнээ эхнэр яагаад нөхрийнхөө эвийг олоод асуудлаа шийдүүлээгүй вэ гэдэг эхнэрийн алдаа. Ингээд бодохоор гэр бүлийн хоёр хоёулаа буруутай. Манай хосуудын дунд ийм алдаа байдаг. Тэр буруутай бол өөрөө л буруугаа засах ёстой, би яагаад уучлалт гуйдаг юм гэдэг. Би яагаад аргадаж амьдрах ёстой юм гээд гүрийгээд байдаг. Энэ нь буруу. Нөгөө талаасаа таны хань дахин дахин алдаа гаргаад байгаа бол энэ тантай мөн холбоотой. Яагаад гэвэл та хяналтаа муу тавьсан байна. Тухай бүрт нь цаг гаргаж ярилцаагүйгээс болоод таны итгэлийг дааж чадахгүй байна гэж ойлгож болно.

-Ажлын цагаас бусад үед хамт байдаг. Гэхдээ нэгэндээ цагаа зориулна гэдэг арай өөр ойлголт болов уу?

-Хүмүүсийн дунд ажиглалт хийхэд 3 төрөл байгаа нь ажиглагдсан.

  1. Тодорхой цаг гаргаж ярилцдаггүй хэрнээ ойлголцоод явж чаддаг. Ямар ч үл ойлголцолгүй, энэ хүн минийх гэдгээ мэдрээд явдаг хосууд байна.
  2. Өдөр болгон хамт байдаг, болж байгаа үйл явц нь нүдэн дээр нь ил байгаа хэрнээ байнгын зөрчилтэй амьдардаг хосууд байна. Энэ тохиолдолд бага зэрэг зай барих хэрэгтэй.
  3. Онц чухал биш ажилд цагаа их зарцуулах тусам танд дургүй болж эхэлнэ. Яагаад би найз залуугийнхаа РС тоглоомноос хямд юм бэ, надтай гуравхан цагийг өнгөрөөдөг хэрнээ найзуудтайгаа өдөр болгон уулздаг юм бэ гэх зэргээр өөрийгөө голж эхэлнэ, өөртөө итгэлгүй болно.  Үүнээс болоод хардалт бий болдог. Харилцаа холдох тусам хардалт нэмэгддэг. Хардалт бол харин өвчин юм.

-Эхнэр, нөхөр хоёр цагийг хамт өнгөрөөснөөр, нэгэндээ цаг гаргаснаар гэр бүлийн амьдралд яаж нөлөөлөх вэ?

-Цаг гаргах асуудал дээр хамгийн чухал нь цагийн менежмэнт юм. Тогтсон цаг хугацаа байх хэрэгтэй. Энэ долоо хоногт ажилдаа тэдэн цагийг  зарцуулна, гэр бүлдээ тэдэн цагийг зарцуулна гэх зэрэг. Гэр бүлийнхээ үнэ цэнийг орхигдуулснаас болоод манай нөхөр дандаа завгүй, эсвэл манай эхнэр дандаа завгүй гэдэг үг гардаг. Таны эхнэр, нөхөр дандаа завгүй байх юм гэж буруутгаж байгаа бол тэр хүний зөв. Та цаг гаргах ёстой, санаачилгатай байх ёстой.

Хамгийн гол санаа нь цагаа нарийн төлөвлөх хэрэгтэй. Энэ долоо хоногт эхнэртэйгээ болзоно, цаг агаар сайхан байвал хүүхдүүдээ аваад гарна, аав, ээж завтай бол очно гэх зэрэг. Парк дээр ганцхан эхнэрээ дагуулаад тоглож үзсэн хүн байдаг юм уу. Тэр хүнээ юу хүсч мэдэрч байгааг ойлгохын тулд тэр хүндээ цаг гаргах хэрэгтэй. Энэ нэвтрүүлгийг сонсож байгаа, уншиж байгаа та эхнэрээ, нөхрөө ойлгохгүй байгаа бол цаг гаргаад үз. Гэхдээ байдаг л нэг орчиндоо, байдаг л нэг газраа суучихаад “Чи яагаад байгаа юм” гээд байвал тэр хүнд чинь ярилцаж зөвлөлдөх санаа төрөхгүй. Ямар байцаагдаж байгаа биш. Ер нь яасан байлаа ч хүнээр шахуулж шаардуулж, муу муухайгаараа дуудуулж байж хэлэхийг хүсдэг хүн гэж байхгүй шүү дээ.

  • Сонсогч: Солонгосоос холбогдсон эмэгтэй: Энд ирээд нэг жил гаруй болж байна. Нөхөр, хүүхэд Монголд байгаа. Би нөхрөө анхнаасаа давраасан юм шиг байна. Бүх юм нь бэлэн байдаг байсан. Миний тэвчээр алдраад байна. Заримдаа бид хоёрын үүрэг, хариуцлага солигдсон юм шиг санагдаад салъя гэхээр салахгүй байна. Хүүхдээ бодоод л тэсч байна. Би яах вэ? /хоолой нь зангирч ярив/ –

-Энэ асуудал их нийтлэг. Нөхөр маань ажилгүй ээ. Би ингэж ажиллахгүй бол манай гэр бүл өлсөж байна гэдэг. Үүнийг хэн үүсгэдэг вэ. Шалтгаан нь юу вэ гэхээр ханиа зөв сонгосон уу гэдэг юм. Та үерхэж байх хугацаандаа хүнээ таниагүйгээс ажилд ямар гэдгийг нь мэдээгүйгээс ийм байдалд хүрч байна. Хайртай гэдгээс өөр цензур байх ёстой. Ийм ажил хийж чаддаг байх ёстой, халамжтай байх ёстой зэрэг. Тэгвэл эрчүүд анхнаасаа тэр цензурт нь хүрэх гэж оролдож эхэлдэг. Сая холбогдсон сонсогчид хэлэхэд таны нөхөр өөртөө таарсан ажлаа олоогүй байж болно. Хүн чадахгүй ажлаа муу хийдэг. Энэ байдалд хүрэхэд таны буруу байна. Яагаад та нөхрөө ажил хийхгүй байхад нь өөрөө өмнүүр нь орж хийсэн юм бэ. Яагаад та нөхрөө үлдээгээд өөрөө хүний нутагт ажил хийж байгаа юм бэ. Энэ нь та хоёрын гэр бүлийн зохион байгуулалт муу байна гэсэн үг. Тэглээ гээд нэгэнт явсан таныг өөрөө ирээд нөхрөө явуул гэж болохгүй. Нэгэнт явсан юм чинь ажилладгаараа ажиллаад ирэх хэрэгтэй. Харин энэ хугацаандаа нөхрөөсөө салж огт болохгүй. Таны нөхөр өөрчлөгдөх, ажилд идэвхтэй болох, гэр бүлээ авч явах хүсэл эрмэлзлэлтэй болох боломжтой.

Эмэгтэйчүүд би нөхрөө яаж засах вэ, яаж засахаа мэдэхгүй байна гэдэг. Хүн хүнийг засна гэж бараг байхгүй. Машин техник биш шүү дээ. Нэг эрэг шураг нэмчихээр хөөрхөн болох гээд байгаа юм шиг хандаж болохгүй. Түүний оронд өөрийгөө яаж засч өөрчилвөл энэ хүнд нөлөөлж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хажуудах хүнээ өөрчлөх гэж оролдох тусам тэр хүн танаас холдоно гэдгийг сайн бодоорой.

-Гэр бүлийнх нь уур амьсгал халуун дулаан биш болсон, харилцаа нь хөндийрөөд байгаа хосууд харилцаагаа яаж сэргээх вэ. Ямар алхам хийх вэ?

-Яагаад ийм асуудлууд хөндөгдөж, яригдаж байна вэ гэхээр хүн хүнтэйгээ цагийг өнгөрөөх, ярилцах, тогтож үлдэх чадвар сул байгаагийн илрэл. Та хэн нэгэнтэй хамт байхаар шийдсэн бол тууштай байж чадахгүй байгаагаас үүдэлтэй. Хайр халамжаа өгсөн шиг өг. Нэг хүн ярьж байсан юм: “Манай эхнэр намайг ажлаас орж ирэх болгонд арцаар ариулдаг” гэж. Би шашин сурталчлаагүй. Гэхдээ тэр эмэгтэй нөхрөө гэсэн сэтгэл үүнээс харагдаж байна. Бас хүнээс өө сэв хайхаас илүүтэй өөрөө хөтөлж яв гэж хэлье.

Гэр бүлээ аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай байлгахын тулд бид өөрсдөө хичээх хэрэгтэй. Бусдыг биш өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй байх нь ээ. Үнэт цагаа гэр бүлдээ зориулж, яаран яарсаар очих сайхан гэр бүлийг хамтдаа бүтээцгээе. Дараагийн нэвтрүүлгийг тавдугаар сарын 22-ны Даваа гарагт 16:05 минутаас Монголын радиогийн 1-р суваг 106.0 долгионоор хүлээн авч сонсоорой.

Нийтэлсэн: Б.Эрдэнэцэцэг

Б.Сайнзаяа: Гэр бүлдээ зориулсан цаг хугацааг тань амьдрал аяндаа шагнадаг   
Үзсэн: 3884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй