Шууд Chart

Адриатын тэнгисийн усан хот-Венец

2017-10-27 11:08:30

-Аян замын тэмдэглэл-

Дундад зууны үеийн гайхамшиг болсон алдарт Ром хотоор хэд хоног аялсны дараа дуулж сонссоноос биш урьд өмнө үзээгүй Венецийг үзэхээр буудлаасаа Ромын хар таксиг дуудаж, Леонарда Да Винчийн онгоцны буудлыг зорилоо.

Ромоос хөөрмөгц онгоцны цонхоор харахад  далайн эрэг хавь харагдаж, төд удалгүй онгоц хөвөн зулсан мэт үүлэн дээр гарав. Барагцаалбал цаг орчим нисээд онгоц буух болоход доош харвал саяхан бороо орсон бололтой манан маш доогуур хөвж, тэнгисийн эрэг хавь үзэгдэн, олон завь онгоц явж байгаа нь харагдав. Манан будан бүрхсэн бүрэг саарал тэнгэртэй , наргүй зэврүүн өдөр байлаа. Онгоцны буудал хавийн ажилчид усны гуталтай, зузаан хувцастай харагдана. 10- р сар гарсан болохоор Адриатын тэнгисийн эрэг хавьд намрын уур орж,  жуулчдын хөл сааран иймэрхүү дүр зурагтай харагддаг биз ээ.

Онгоц газардахад биднийг дамждаг хоолойгоор оруулалгүй автобусанд суулган онгоцны буудлын угталтын танхимд хүргэлээ. Сая хамт ирсэн хүмүүсээ анзаарвал жуулчдын ихэнх нь Оросууд бололтой.

Бид буудлын гадаа хүлээж байгаа таксид сууж хориод минут яваад Венецид ирлээ. Зам зуур таван вагон чирсэн суудлын авсаархан галт тэрэг хоёр ч удаа зөрж харагдсан. Энэ зуур галт тэргээр Венец орж болдог юм байна гэж бодож явав.

Тэгтэл таксин жолооч нэгэн усан порт маягийн газар зогсоод, “Үүнээс цааш газар үгүй.  Цааш /wаtеr taxi/ усан такси буюу завь авах хэрэгтэй “ гэв. Бороо бага зэрэг шивэрч байснаас хавь ойрын наймаачид борооны шүхэр авахыг санал болгож тал талаас ээрнэ.  

Бид ч борооноос яарч хурдхан л нэгэн моторт завь хөлслөн авч, урьдчилан захиалсан буудал болох “Риалто” руу яарлаа.

Бидний суусан моторт завь маань тун тохилог,  дээгүүрээ битүү бүрхүүлтэй. Цонх нь цэлгэр, тансаг цагаан хөшигтэй, зэрэглэл дээгүүр усан такси. Завьчин нь Итали хүний хөнгөн найрсаг зангаар бидэнд үйлчилж, ачаа тээшийг маань эвтэйхэн зөөж тавина. Моторт завь хүнгэнэн дуугарч их уснаа хөвөхүй сая сэхээ авч орчин тойрноо цонхоор харахуй усан дээрх байшин барилга хөврөн өнгөрч тун ч сонин мэдрэмж төрүүлнэ. Яг л кинон дээр гардаг шиг ...

Ийнхүү  арваад минут явахад  завь онгоцуудаа уяан дээрх морьд мэт багшруулсан  усан буудал угтлаа. Завь онгоцоо том том дээс уяагаар модон шонгуудаас уяж аргамжжээ.

Завьчин маань  “Энэ … Риалто буудал” хэмээн тун ойрхон байгаа их усны хөвөөн дээрх эртний  буудлыг бидэнд заалаа. Ташрамд хэлэхэд тохилог моторт таксийн үнэ 40 гаруй евро болж байсныг аялахад дуртай хүмүүст дуулгахад аяллын тооцоонд нь хэрэг болох болов уу.
Миний нөхөр С.Зоригт  бид хоёрт хэл ул болж яваа хүн бол дүү охин С.Оюун-Эрдэнэ маань. Тэр маань Дэлхийн Нарны цирк-д ажиллаж, амралтаараа бид хоёрыг соёлт Европтой танилцуулж яваа нь энэ.

Бидний захиалсан Риалто зочид буудал бол эндхийн гол буудал. Яг хажууд нь эртнээс алдартай Риалто гүүр харагдана. Гүүрэн дээр бөөн жуулчид зураг хөргөө татуулж  нэн хөл хөөртэйхэн байх аж.


 
Манай охидууд З.Энхмаа, С.Оюун-Эрдэнэ нарын орчуулж “Соёмбо” хэвлэлийн газраас хэвлүүлсэн Струан Рэйд ийн “Марко Пологийн аян замын тэмдэглэл” номд бичсэнээр  “... Венец нь анх баригдахдаа хэдэн зуун усан сувгаар дөрвөн зүг найман зовхистойгоо холбогдсон гоёмсог гүүрүүдтэй байлаа. Венецийн холбоо сувгууд нь гудамжны үүргийг гүйцэтгэнэ. Венецийн хүмүүс аливаа нэг газарт очихдоо өнгө өнгийн жижиг завиар явдаг байв. Шашины баяр ёслолын үед Венецчүүд дуулж бүжиглэж баяр хөөрөөр дүүрэн байдаг байлаа... “ гэсэн нь  тэр үед өөрийн эрхгүй санагдаж билээ.

Буудлын үйлчлэгч ачаа тээшийг маань тосон авч, зочид буудлын ресепшн интернетээр өгсөн захиалгыг нягтлан өрөөг маань 212 тоот хэмээн түлхүүрийг өгч, бид ч цахилгаан шатаар өгсөн, өрөөндөө орж тухаллаа.

Энэ зочид буудал Венецийн маш эртний Гранд каналын гол буудал учраас хэдэн зууны турш зочин гийчдийг босгоо элээтэл угтаж үдэн буурал түүхийн гэрч болсон аж. Гэлээ ч өнөө цагийн бүх юм бүрэн. Жуулчид ч пиг дүүрэн.  

Венецийг “ Гүүрүүдийн хот ” гэж урьд өмнө сонссон билээ. Гэхдээ Венецийн алдарт жуулчин Марко Поло 1200  оны сүүл үед Хятадын Сүн улсын нийслэл байсан Ханжоу-д очиж  “ ... Энэхүү сая хүнтэй хот Европын хамгийн тансаг хот болох тавин мянган хүн амтай Венецээс бүх талаар илт давуу юм. Хотын дундуур урсах сувгууд дуур арван хоёр мянган гүүр бий ... ” хэмээн дуу алдаж явсан гэдэг. Марко Пологийн тэмдэглэлээс үзэхэд ч хүртэл Венец нь тухайн үедээ Европын хамгийн гайхамшигтай, хамгийн олон гүүр сувгуудтай хот байжээ гэдэг нь эндээс харагддаг.

Бидний буусан Риалто буудлын яг хажууд алдарт Риалто гүүр байрладаг нь нэн завшаантай хэрэг байсан юм.



Тэртээ Сэргэн мандлын үе буюу 16-р зууны үед барьсан энэ гүүр 1854 оныг хүртэл Венецийн цорын ганцхан явган гүүр байсан гээд бодоход энэ олон жуулчин гийчин энд ирж зургаа даруулахыг хүсэлгүй яахав дээ. “Риалто гүүрийг зохион бүтээсэн Антонио Контини гэдэг уран барималч, алдарт Микеланджелотой өрсөлдөж, уг гүүрийг зохион бүтээх эрхийг авч байсан”  гэж түүхэнд бичсэнийг  урьд өмнө уншиж байсан санагдана. Энэ гүүрэн дээр Дэлхийн алдартай кинонуудын зургийг авч, жил бүр болдог Олон улсын кино фестиваль ч энэ гүүрний оролцоогүйгээр явагддаггүй гээд бодоход хүн төрөлхтний бүтээсэн урлагийн түүхийн гэрч гэлтэй. “Венецийн карневал”  гэдэг өвлийн улирлыг үдэх баяр наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг олон мянган жуулчдын заавал очдог газар гэвэл яалт ч үгүй Риалто гүүр гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүнчлэн уран барилга дүрслэх урлагийн үзэсгэлэн, хөгжим бүжиг, театрын фестивалиудад оролцогчид энэ л гүүр рүү хүрэлцэн ирдэг.

Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон “Ер нь соёлт хүн төрөлхтөн Францын Луврийг  үзэхэд нэг гэмгүй” хэмээн хэлсэн гэдэгчилэн, мөхөс миний бодлоор бол “Манай соёл урлагийнхан боломж гарвал Венецийг, тэр дундаа Риалто-г нэг үзээд, дээр нь гарч хөрөг патиараа татуулахад нэг гэмгүй”  гэж хэлмээр байна.

Бидний буусан Риалто буудал   эртний буудал бөгөөд 4 давхар 4 одтой, Гранд каналын дагуу маш эрэлттэй байрлалтай буудал байсан. Энэ буудлын 79 өрөөний 28 нь Гранд канал руугаа харсан байрлалтай.  Дундаж 2 хүний өрөө нь хоногийн 200 орчим ам.доллар болж байлаа. Гранд канал руу харсан зоогийн газартай. Нарлаг дулаан өдөр их тэнгисийн усыг харан гадаа сууж хооллож болно. Бидний очсон өдрийн маргааш бороотой байсан учир гадаах талбайн ширээнүүдийн хөл нь нэл усан дотор байсан нь сонин санагдаж билээ. Адриатын тэнгисийн ус газрын түвшинээс ердөө нэг төө доогуур байлаа. Энд намрын цагт бүгд усны гуталтай явахаас өөр замгүй мэт. Бороотой байснаас бүгд усан дунд, үерт автсан хот гэлтэй байв. Ер нь намар өвлийн цагт далайн түрлэг өндөрсч үе үе усанд автах нь их болжээ. 1966 онд тэнгисийн түрлэг 2 м хүрч, хот бүхлээрээ үерт автан олон зуун хүн бизнесээ орхин явсан гэдэг. Хотын захиргаанаас үерээс хамгаалахын тулд тусгай мэрэгжилтнүүдийн туслалцаатайгаар усан дор 21 хөвөгч хаалга байрлуулж тэнгисийн түрлэгийн хүчийг сааруулах ажил хийсэн гэнэ.

Венецийн барилга байшингууд нь шигүү модон тулгууртай гэсэн. Яагаад өмхрөөд уначихдаггүй байнаа хэмээн үнэхээр гайхмаар. Барилгын тулгуур модыг Хорват, Словянаас зөөж авчирсан гэх бөгөөд усан доор хүчилтөрөгч байхгүй тул мод ялзарч мууддаггүй, эрдэс ихтэй урсгал усанд олон жил сар байсаар аажмаар чулуужсан гэж дуулсан юм байна. Эсвэл хот байгуулагчид тусгай жороор цементийг нь бэхжүүлсэн ч юм бил үү. Лав л эндэхийн 400 орчим гүүрийн  материалыг тусгай технологоор нуман хэлбэртэй барьсан нь дэлхийн гүүрний архитекторын түүхэнд шинэ шийдэл болсон гэж уншиж байсан санагдана.

Венец хот нь 18 арлаас бүрдэх бөгөөд нийт 150 усан суваг, арлуудаа холбосон 400 орчим гүүртэй гэдэг. Хотын нийт хүн амыг 270 гаруй мянга гэсэн боловч,  ирж очих жуулчдын тоог оролцуулбал их тоо гарах нь дамжиггүй.

Нийтийн тээвэр нь том завь онгоцууд. Хэрвээ такси авбал бас л моторт завь юм уу эсвэл сэлүүрт завь нутгийн хэлээр /гондола/ завь авна.

 

Адриатын тэнгисийн ус булингартай хар ногоон өнгөтэй,  далайн устай адил их шорвог аж.  Шорвогийг нь яаж мэдсэн бэ гэвэл, бид гурав 150 ам.доллар төлж моторт завь такси аван бүрхэг шуургатай өдөр Венецийг тойрохоор гарсан юм.

Их тэнгис давалгаа ихтэй, ууртай мэт баргар байсан. Дүү охин маань гондола завь авъя гэхэд нь бид хоёр хорьж байж моторт битүү завь авсан маань их онож билээ. Казеногийн байшин өнгөрөөд задгай тэнгист гарах үед моторт завины маань мотор их усны давалгаанд хүч үзэн ээрч, гадаа завины тавцан дээр зогсож байсан биднийг тэнгисийн  шорвог ус нүүр нүдгүй балбалаа.  Инээлдэж байсан бидний ам руу шорвог ус орж, тэнгисийн ус шорвог байдаг гэдгийг тэр л үед мэдрүүлж билээ. Энэ үед моторт завьчин  биднийг дотогш орохыг анхааруулсан юм. Одоо бодоход их тэнгисийн ус нүүр нүдгүй шавхуурдан байхад  аальгүйтэн хашгирч инээлдэж байсан маань маш болчимгүй хэрэг байж дээ.

Үүнийг  мэдсэн завь таксийн жолооч “Та нар дотогш ор” хэмээн завины моторын чанга дууг даван хашгирч байсан нь аюул ойрхон байсны дохио юм уу даа.

Их ус үзээгүй бид тэнгисийн усны догшин ширүүнийг яахин мэдэх билээ.

Бид дараа нь Венецийн Гэгээн Маркийн талбайд очлоо. Талбай бас л усанд автагджээ. Өргөн нь 56 м, урт нь 175 м гэх энэ талбай Венецдээ л том талбай байлаа. Нарлаг өдөр бол жуулчид нарлан суудаг бололтой дүүрэн сандал өрөөстэй байна. Харин ийм бороотой өдөр тусгай явуулын модон тавцан тавьж түүн дээгүүр нь гутлаа норгохгүй гэсэн хүмүүс цуван явна. Энд иймэрхүү өдөр цув, усны гутал л нэн хэрэгтэй юм.

Гэгээн  Маркийн талбайн голд аль тэртээ 882 онд баригдсан Гэгээн Маркийн Базилик сүм сүндэрлэнэ. Хотыг ивээлдээ авч байсан Евангилист лам Маркийн дурсгалыг хүндэтгэж ийнхүү нэрлэжээ. Гэгээн  Маркийн талбайг урьд өмнө бид бүхэн ОУ-ын кино фистиваль болон “Хатан хаан Сиси” киноноос харсан билээ. Талбайн хажуу талаар дээд зэрэглэлийн зоогийн газрууд байрлана. Ер нь энэ талбай хүртэлх байшин барилгууд нарийхан давчуу гудамжтай,  газар доогуурх оготно зурмын нүх л ийм олон салаалсан давчуухан байдаг байхдаа гэмээр тал тал руугаа үргэлжилнэ. Тэр давчуухан гудамжаар дүүрэн дэлгүүр хоршоо байх нь нэг талаар таатай ч, нөгөө талаар залхмаар. Алхаад л дэлгүүр, хоолны газар. Нөгөө брэнд барааны дэлгүүрүүд ч олон байна.

Ер нь Дэлхийн бүх газраас ирсэн эд барааг харья гэвэл энд ирмээр. Эндхийн дэлгүүр хоршоогоор ороход Оросууд их тааралдана. Хааяа нэг Хятад, Японууд, Африк хүмүүс  явах нь үзэгдэнэ. Венецийн бараа товарын үнэ Европынхыг бодоход харьцангуй хямд аж.  Олон улсын худалдааны боомт хот болохоор ийм байдаг болов уу. Дээр нэгэн цагт Венец, Генуяа хот хоорондоо байлдаж байсан юм гэсэн. Энэ нь зах зээлээ булаацалдсан худалдаа наймаанаас үүдэлтэй гэдэг.

Алдарт жуулчин Марко Поло Генуяагийн шоронд хоригдож байхдаа  хамт хоригдож байгаа хүндээ үзэж туулсан амьдралаа ярьсан нь эдүгээ бидэнд “Марко Пологийн аян замын тэмдэглэл” нэртэй ном болж ирсэн гэдэг. Хожим манай хоёр охин З,Энхмаа, С.Оюун-Эрдэнэ нар дунд сургуульд байхдаа орчуулан хэвлүүлж билээ.

Ийм агуу юм болж, дараа нь өвгөн бид хоёр алдарт Венецээр аялахын чинээ ерөөсөө бодож явсангүй. Юм гээч болох бүтэх цаг нь ирэхээр болж бүтэж, цаг бус бол бүтэхгүй байх нь элбэг байдаг хорвоо.

 Бид Парис Ромоос авч чадаагүй гутал хувцсаа Венецээс л  худалдаж авсан билээ.
Струан Рэйдийн “Марко Пологийн аян замын тэмдэглэл” номд дурдсанаар:
“ ... Венец хот нь орд харш, байшин барилга, худалдаачдын бараагаа агуулах газраар дүүрэн. Алс газраас ирсэн усан онгоцууд Венецийн усан зогсоолд зангуугаа хаяж ачаа бараагаа буулгана. Худалдаачид Африкаас алт, зааны яс, Арабаас хүж, Энэтхэгээс эрднийн чулуу зандан мод, харин Алс Дорнод  Хятадаас хоолны амтлагч халуун ногоо болон торго дурдан авчирдаг байв. Тэд өглөөнөөс орой хүртэл авчирсан бараагаа зарж, үнэ хаялцан худалдаалдаг байлаа. Худалдаачдын авчирсан үнэт зүйлсээр дархчуул, хаад хатдын захиалгын гоёл чимэглэлийг урладаг байлаа. Венец хоромхон хугацааны дотор маш баян хүчирхэг хот болсны уг учир нь Өрнө Дорнын хооронд оршиж байсан газар нутгийн аятай таатай нөхцөл юм. Ийм янзаар Дорно зүгээс ирсэн маш их эд бараа Лондон, Парис, Кёльн хотуудад хүргэгддэг байжээ... ” гэсэн нь үнэхээр үнэн аж.  Мянга сонсохоор нэг үз гэдэг энэ.

Италийн алдарт жуулчин Марко Поло Венецийн худалдаачин байсан учир бид Венецийн номын дэлгүүрийг хайж олон, Марко Пологийн тухай ном бичвэрийг эрж үзвэл, зөвхөн Итали хэл дээр байх нь харамсалтай байлаа. Англи хэлээр бичсэнийг  олсонгүй. Гэхдээ бид ганц хоёр л номын дэлгүүрт орсон хэрэг шүү дээ. Эндээс бид Английн зохиолч Лорд Байроны англи хэлээр бичсэн Венецийн тухай номыг л худалдаж авч чадсан юм.
Ингээд бид алдарт Риалто гүүрэн дээр гарч зураг патиараа татууллаа.

Энэ гүүрэн дээр аялагч жуулчид пиг дүүрэн. Венец хотын дундуур урсдаг Гранд каналын сувгийг гол гудамж  гэж үздэг юм байна. Эргийн хоёр талын 3 км орчим үргэлжлэх хэсэгт 100 гаруй эртний орд харш, сүм барилгууд эгнэнэ. Дээхэн үед энэ сувгаар нэг түмэн завь хотын тээврийн хөдөлгөөнд оролцож байсан бол одоо зөвхөн жуулчдад үйлчлэх зорилгоор 600 гаруй завь явдаг гэнэ.

Бүр 500 жилийн тэртээгээс завины өнгө, хэмжээ, суудлын хэлбэрийг хүртэл хатуу тогтоосон дүрэм журмын дагуу хийж иржээ. Энэ нь өнөө ч хадгалагдсаар байгааг эндээс харж болно. Сэлүүрчдийн хэллэг нь хүртэл жирийн хүн ойлгомгүй тусгай хэлээр харьцдаг гэсэн.

Үүнтэй холбогдуулан нэг зүйлийг дурдвал,  Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:  “ ... Дуурийн урлаг нь Италид загасчдын бие биеэ дуудах аялгуунаас үүссэн байж болох. Яагаад гэвэл далайн түвшинтэй тэнцэх нам газар хүмүүсийн дуу хоолой ингэж дуулдах магадлалтай. Харин өндөр газрын агаар сийрүү тал нутгийнхнаас манай уртын дуу үүсэлтэй ... ” гэсэн нь нутаг бүсийн соёлын гарвал ялгааг хөгжмийн зохиолчийн мэдрэмжээр хэлсэн хэрэг мэт санагддаг.

Италийн дуурийн урлагийн өндөр соёл Венецийн сэлүүрчдээс эхтэй байж мэднэ.
Дугуй малгай эрээн цамцаар ижилссэн Гондолан завийн сэлүүрчид нь зорчигчдоо суулгахын тулд завиа сэлүүрдэнгээ дуу дуулан гудамжаар явдаг байжээ. Тэгвэл Италийн дуурийн дуу Гондоланы сэлүүрчдээс гаралтай гэсэн яриа ч бас байдаг гэсэн.

Гранд канал дээгүүрх Риалто гүүрнээс одоо олон зүйл харж болох ч тэртээ зууны чинадаас Испанийн жуулчин Перо Тафурын бичсэн: “ ... Венецийн боомтоор ороход дундуураа ус урссан өргөн гудамж угтаж, гудамжны нэг талаар зэвсгийн үйлдвэрийн байшингийн гадагшаа харсан цонхууд, нөгөө талаар нь мөн л үүнтэй адил барилгууд ... дэлхий дээр үүнтэй зүйрлэх гайхамшигтай зүйл байхгүй гэмээр ... “ гэсэн үг арга эрхгүй санагдана. Хэдэн зуун өнгөрөвч хүмүүний түүх янзаараа мэтээ  ...

Бид Риалто гүүрийг даван Риалто зочид буудлынхаа эсрэг орших нэгэн зоогийн газар, гадаа оройн хоолоо зооглолоо. Алдартай Итали хоолыг янз янзаар нь идэж зоогловч, идээшиж  заншсан сүүтэй цай, Монгол хоолыг минь яахин давж гүйцэх билээ.

Маргааш нь бид Венецийн тун ч нарийхан “Бээжингийн ху тун” гудамжийг санагдуулам нарийн гудамжаар цааш сонирхон алхвал, тийм ч таатай биш сэтгэгдэл төрүүлмээр зүйлүүдийг ч үзэж болох байлаа. Нэн хуучны ёстой л нурж унамаар өмхөрсөн  байшингийн ханануудыг Венецээс л харж болохсон. Интернетэд Венецийн тухай сэтгэгдлээ бичсэн нэгэн Монгол аялагч: “... Венец нээрээ их өмхий хот байна лээ шүү. Очвол ер нь 4 сард юм уу 10 сард очсон дээр. Зун очвол ер лайтай муухай үнэртэй. Арга ч үгүй нэл ус юм чинь ” гэсэн санагдана.

Нээрээ Дэлхийн дансанд 4 одтой гэгддэг Риалто зочид буудал хүртэл нэн эртний хуучны чийг нэвширтэл үнэртсэн буудал байсан даа. Ромд байрлаж байсан хоногийн 300 долларын зочид буудал хүртэл бас л дарагшсан чийгний үнэртэй байлаа. Ер нь эртний буудлууд нь их үнэтэй.

... За даа ингээд сонжвол хээрийн салхинд илбүүлэн өсөж, онгон тансаг байгалийн дунд хүн болсон Монголчууд бидэнд эх орноос минь таатай сайхан диваажин хаа олдох билээ?

Ёстой л мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй газарт мөрөө үлдээсэн бидэнд  олон түмэн хүн холхиж мөлхсөн иймэрхүү газрыг нэг л үзэхээс биш нэлээн хугацаанд баймааргүйг  хэлмээр ...

Гэхдээ хүн төрөлхтөн яажшуухан амь зууж ирснийг газар газар явж үзэж байж гэмээнэ мэдэх хойно. “Суусан цэцнээс явсан тэнэг”  байж л  өвөг удмынхаа үлдээсэн энэ их газар нутаг, мал сүрэг, цөөхөн тоотой ч чадал чансаа дүүрэн ард түмнээ жинхэнээр нь үнэлж ойлгох ухаан суухдаг.
 Юм үзэж нүд тайлахын утга учир ердөө энэ.

Тэртээ зууны чинадаас ирсэн түүхийн мөрийг мөшгөж үзвэл миний Монголын хөх цэрэг Адриатын тэнгис хүрч Ром улсыг сандаргасан гэдэг.  Атриатан давалгаалах их тэнгисийг хараад Монгол хүн “Атриатай их усан байна”  хэмээсэн нь эдүгээ Адриатын тэнгист өгсөн Монгол нэр байлаа. Монголын байлдан дагуулагчдаас зугатаасан нутгийн хүмүүс амь гарах гэхдээ их усанд тултал явж Венецийн анхны суурьшигчид болсон ч гэдэг. Энэ бол түүх.

Адриатын тэнгисийн эрэг дээрх усан хот Венец-д эдүгээ хөх Монголын хөх цэргийн хойчис болох олон олон Монгол хүн зочилсон нь мэдээж. Тэдний нэгээхэн хэсэг болсон бид гурав ч сонирхолтой гэгддэг усан дээрх хотод зочилж, өвөг дээдсийнхээ өгсөн нэрийг гайхалтай ч,  гайхах юмгүй Венецид сануулан буцав аа.

Нийтэлсэн: Р.Чулуунцэцэг

Адриатын тэнгисийн усан хот-Венец  
Үзсэн: 6993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.217.xxx] 2018-08-04 03:45
АЙМАР САЙРХУУ ХҮНҮҮ ГҮЙ ЮУ. ПАРИС РОМООС АВААГҮЙ ГУТАЛ ХУВЦСАА АВЛАА Ч ГЭХ ШИГ ККК
Зочин [127.0.0.xxx] 2019-03-26 07:56
Социализмийн үед хүүхнүүд Австри гутлыг л гуталд тооцдог байсан. Үнэн л юм байна л даа.
Andrea Maur [5.59.78.xxx] 2017-11-02 18:57
Өнөөдөр зээлээ аваарай. Би мөнгө олоход хүндрэлтэй хүнд зээл өгдөг. Би бас хөрөнгө оруулалт, гол санхүүжилттэй хамтарч ажилладаг. Надад мөнгө хэрэгтэй, маш энгийн нөхцөлд 3% -ийн жилийн хүүтэй зээл авахад надтай холбоо бариарай. Э-мейл дээр миний нөхцөл байдлыг шууд мэдэгдээрэй: andreamaur3@gmail.com
Зочин [182.160.34.xxx] 2017-10-30 08:19
Сайхан нийтлэл байна. Тэнд очсон юм шиг л санагдлаа.
Иргэн [66.181.185.xxx] 2017-10-28 05:47
За бараг Венецийг үзчихлээдээ
Иргэн [66.181.185.xxx] 2017-10-28 05:47
За бараг Венецийг үзчихлээдээ
Иргэн [66.181.185.xxx] 2017-10-28 05:47
За бараг Венецийг үзчихлээдээ
Иргэн [66.181.185.xxx] 2017-10-28 05:47
За бараг Венецийг үзчихлээдээ
Иргэн [66.181.185.xxx] 2017-10-28 05:47
За бараг Венецийг үзчихлээдээ
Иргэн [66.181.185.xxx] 2017-10-28 05:47
За бараг Венецийг үзчихлээдээ
Зочин [66.181.160.xxx] 2017-10-27 23:07
Гоё бичжээ. 4-5 сард халуун ч биш сэрүүн ч биш зүгээр юм билээ.
Зочин [103.229.121.xxx] 2017-10-27 21:34
За за Венец орж үзье гэж бодсон болилоо

Бидэнтэй нэгдээрэй