Шууд Chart

Э.Дөлгөөн 22 оноогоор багаа тэргүүллээ

2013-12-02 08:57:25

Сэтгэл сэргээм сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн 1-р тойргийн тоглолтууд өнгөрсөн 7 хоногт СТО-нд явагдлаа. Лигийн эхний тоглолтууддаа хожигдол хүлээгээд байсан “Говь-Алтай МонТорх” болон “Баянгол Гурван Тамир” багууд хоорондоо учраа таарсан. Энэ тоглолтонд Монголд ирээд удаагүй байсан “Говь-Алтай МонТорх” багийн легионер тоглогч Quinton McDuffie багтайгаа хамт, анх удаа талбайд гарсан. Түүний хувьд Америкийн NCAA-н 1-р дивизионд Алабамагийн их сургуулийн тоглогч байсан юм. Ийнхүү энэ улирлын Үндэсний Супер Лигт шилдэг легионер тамирчид нэгдсээр байна.

Тоглолт эхнээсээ л “Баянгол Гурван Тамир” багийн давамгайллаар өрнөсөн. Тоглолтын эхэнд P.J.Gaynor гоёмсог слэм-данк үзүүлж, СТО-нд цугласан үзэгчдийн сэтгэлийг сэргээсэн. Тэрээр энэ тоглолтонд 15 оноо, 17 самбар авчээ. Мөн “Баянгол Гурван Тамир”-н хамгаалагч Э.Дөлгөөн энэ өдрийн шилдэг нь байлаа. Тэрээр 11 довтолгооныхоо 9-г нь, холын зайнаас 4 шидэлтээ амжилттай болгож, 22 оноогоор багаа тэргүүлсэн. Мөн багийн холбогч Chris Lawson 15 оноо, 8 оновчтой дамжуулалт, 7 самбар, довтлогч Г.Цэнгүүнбаяр 14 оноо, 5 о,д, 5 самбар, 3 блок хийжээ. Энэ тоглолтонд “Баянгол Гурван Тамир”-н 6 тоглогч 10-с дээш оноог авч, багаараа 53 хувьтай довтолсон байна. Ингэснээр 114:66 харьцаатай “Баянгол Гурван Тамир” баг өрсөлдөгчөө буулган авч, лигийн эхний хожлоо авлаа. Харин “Говь-Алтай” багаас Н.Нямбаяр 13 оноо, 10 самбар, Quinton McDuffie 14 оноо, 8 самбар, С.Сайнтөр 12 оноо авчээ.

Үүний дараагаар маш сонирхолтой тоглолт болсон. Энэ улирлын эхний хожлуудаа аваад байсан өнгөрсөн улирлын аварга “Дорнод Танан Гарьд” баг, “Баянзүрх Их Өргөө Аравтууд” багтай учраа таарсан юм. Аравтуудын багийн ахлагч А.Од торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжсөн. Харин Гарьдуудын легионер тоглогч Freddie Woods багтайгаа эргэн нэгдэж, эхний тоглолтондоо оролцсон. Өнгөрсөн улирлын шилдэг хамгаалан тоглогчийг үзэгчид маш халуун дотноор угтан авсан юм.

Тоглолтын эхний хагаст оноо тун ойрхон явагдаж байсан. Харин 3-р үе болон 4-р үеийн эхэнд “Баянзүрх Их Өргөө Аравтууд” багийн хамгаалалт тун нягт байж, улмаар хурдан довтолгоонууд нь амжилттай болж байлаа. Ингэснээр оноо зөрүүг 17 болтол нь холдуулж чадсан. Тэднээс Э.Цэвэлдорж багаа тэргүүлж 20 оноо, 10 самбар, Э.Дорж-Арилд 15 оноо, 3 бөмбөг таслалт, Aundre Williams 13 оноо, 16 самбар, Cory Boone 13 оноо, 13 самбар авчээ. Аравтуудын 6 тоглогч нь 10-с дээш оноо авчээ.

Харин тоглолтын 4-р үед Гарьдууд онооны зөрүүг 9 болтол ойртуулж чадсан. Гарьдуудаас довтлогч О.Ууганбаяр 22 оноо авч багаа тэргүүлжээ. Өрсөлдөөн дүүрэн өрнөсөн энэ тоглолт олон гоё оролт, хууралт, тохолт, блок шотоор дүүрэн байж, СТО-нд цугласан сагсан бөмбөг сонирхогчидын сэтгэлийг сэргээсэн. Ингэснээр “Баянзүрх Их Өргөө Аравтууд” баг 86:70-н харьцаатай хожиж, лигийн 2 дахь ялалтаа авлаа.

Сэтгэл сэргээм сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лиг ирэх даваа гарагт “УБ Альянс Тех ШУТИС-н Харцага” болон “Баянзүрх Их Өргөө Аравтууд” багуудын тоглолтоор эхэлнэ.
 


Э.Дөлгөөн 22 оноогоор багаа тэргүүллээ  
Үзсэн: 3040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй