
/Аян замын тэмдэглэл/
Иргэд хоорондын ойлголцлыг ахиулна
Ажил хэрэгч хамтын ажиллагаа, Шинэ эриний сэтгэлийн гүүр, Нөхөрлөлийн үйл хэрэг, Харилцааны брендийг бий болгоё- энэ бол Хятадын талаас тавьсан илтгэлүүдийн нэгээхэн хэсэг. Хүний хэл сэтгэхүйн толь байдаг шиг аливаа агуулгыг хандлага илэрхийлж байдаг, бичвэрийн тухайд бол гарчиг л даа. Сэтгүүлчид хоёр орны найрамдал хамтын ажиллагаанд ямар их үүрэгтэй ямар шаардлага тавигдаж байгааг 8-р форум, ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаант хотод болсон уулзалт харуулж байна.
Уулзалт аялалд хоёр талаас 60 гаруй сэтгүүлч оролцон Хятадын баруун, баруун өмнөд төвийн бүсийн муж хот тосгоны амьдрал бүтээлтэй танилцсан юм. Ядуурлыг хэрхэн бууруулж болдог вэ, хөгжил гэдэг хаяанд байдаг түүнийг өөрсдийн гараар бүтээж болдог, байгаль дэлхийг хайрлаж баймааж өгөөж нь мөнхийн гэсэн дур зургийг, бүтээн байгуулалтыг харж явлаа.
Хятад-Монголын сэтгүүлчдийн 8-р форумд оролцогчид. ӨМӨЗО-ны Рашаант хот. 2017 оны 11 сарын 21.
Өвөрмонголдоо Манжуур, Эрээн боомтын дараа ордог Рашаант боомт хот манай Дорнод аймагтай хиллэдэг, 70 мянган хүн амтай хот. Хянган толгод мөрлөсөн битүү цасан доторх хотыг байгалийн үзмэр газарзүйн судалгааны төв болгожээ. Тэнгэрийн Рашаан тэртээ өндөрт галт уулын тогоонд мэлтэлздэг бол газрын Рашаан энд савсаж байна. Халх голын эхлэл, шугуй тохой бүрийг ийн зэгсэн тойруулга, модон шаталбарт хүрээлэн болгожээ.
Халуун рашаан буюу газрын нуур руу явж байна
Монголын сэтгүүлчдийг найрсгаар угтсан Хөх хотын суртал ухуулгын хэлтсийн дарга даамлууд, уран бүтээлчид бидний саатсан өглөөний хэдхэн цагт энэ бол Сайхан дүүрэг, шинэ дүүрэг, Монгол Үндэстний сургууль, Зохиолчдын хороо, шинэ метроны байгууламж гээд онгоцны буудал орох замдаа л Хөх хотоо танилцуулж байлаа. Тиймээ үзсэн харсан бүхэн үг бүтээл болно.
Форумын илтгэлд МҮОНРТ хоёр орны найрамдал хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж ирснийг уран сайхны кино солилцоо, уран бүтээлчдийн аяллыг дурдан мөн ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой өнгөрсөн наймдугаар сард болоход ойн ёслол хүндэтгэлийг МҮОНР-ийн FM 100.9 долгионоор шууд дамжуулсныг МҮОНР-ийн захирал Б.Баярсайхны “Гүүр” илтгэлийн гүнзгий агуулгыг онцолж байлаа.
Хятад-Монголын сэтгүүлчдийн 8-р форум хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан хүндэтгэлийн ажиллагаагаар өндөрлөсөн юм. Жишээ нь ETV хүүхдэд зориулсан комикс гаргана, "Зууны мэдээ" сонин, Хятад хэлний хэлц үг буланг үргэлжлүүлнэ, МҮОНР “Хятад дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг зохион байгуулна гэх мэт хамтын ажиллагааг өрнүүлэхээр боллоо.
Улаан хот бол бүс нутгийн хөгжлийн нэг жишээ
Тавиад онд Хянган аймгийн нийслэл байсан Улаан хотод бид ирлээ. 300 гаруй мянган хүн амтай энэ хотод Чингис хааны тахилгын сүм бий. 40-өөд онд барьж байгуулсан энэ сүм Хан уулын оройгоос Улаан хотыг алган дээр буулгана гэнэ. Гэвч бид зөвхөн үдлээд л буцсан юм. Гэхдээ их хаанынхаа тахилгад сөгдөн есөн есөн түүхэн гишгүүрт хөл тавин зүүн баруунаа 44-өөр эгнэсэн мөнх ногоон гацуурыг тойрон /их хаанд заларсан 44 насыг бэлгэджээ/ өндөр босгыг гэтлэн мөргөлөө. Тахилгын сүмийн монгол дээлтэй эрэгтэй, эмэгтэй хүн Өвөрмонгол аялгуугаар тахилгын ёс, түүхэн үйл явдал, дэлгэн тавьсан үзмэрийг хичээнгүйлэн тайлбарлана.
Улаан хотын хөгжил дэвшлийг үдлээд буцаж байгаа бидэнд урлаг соёлын төв харууллаа. Хэдхэн сарын өмнө ашиглалтад авсан асар өндөр багана, гял цал шил толь болсон энэ ордныг өнө удаан жил ашиглан түүх соёлын гайхамшиг болгохын тулд Германаас чулуун шалыг авчирсан, дуу тусгаарлагч Бельги хана, эдгээр 20-30 танхим уран бүтээлчдийнх гэж танилцуулахаас харагдана.
Соёлын ордны тоглолтын бэлтгэлийн тайз
Эргэн Бээжин хотод ирлээ. Бээжин хотод бидний форум үргэлжлэв.
CCTV байр
Техник эдийн засгийн үндэслэл буюу тээргүй хөгжих гарцыг Хятадын Төрийн зөвлөлийн судалгаа хөгжлийн төв өгдөг байна. Эдийн засаг нийгмийн хөгжлийн урт богино стратегийг дэлхийн хөгжлийн цар хүрээ бодлоготой уялдуулан судалж, нотолж байна. "Нэг бүс-нэг зам" санаачилгын хүрээнд дэлхийн хүн амын 60 хувийг эдийн засгийн 3-ны 1-ийг эзэлж байгаа бүс нутгийн хөгжлийн санаачилгыг 29 орны төр, засгийн тэргүүн олон улсын 70 гаруй байгууллагын өндөр дээд албан тушаалтан, 130 улсын 1500 гаруй төлөөлөгч оролцсон их чуулган дээр 2013 оны 9-р сард Хятадын удирдагч Си-Зиньпин тунхагласан билээ.
Евро-Азийн их газрын зүүн тал буюу Ази-Номхон далайн эдийн засгийн бүс нутгаас эхлээд, баруун талаараа Европын эдийн засгийн бүсийг хамрах XXI зууны “Торгоны зам”-ын эдийн засаг, далайн бүсийн илэрхийлэл болсон төслийг ийн хэрэгжүүлж эхэлснээс хойш энэ санаачилгад нэгдсэн улс оронд 50 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг, хамтын ажиллагааны 56 бүсийг байгуулж, 1.1 тэрбум ам.долларын татварын орлого олж, дотооддоо 180 мянган ажлын байрыг бий болгожээ.
Энэ санаачилгыг Баян хөрш орны нэгэн тусгал ч гэж шинжээчид үздэг. Зөвхөн энэ өдрүүдэд бидний форумын үед ХСҮТ-ийн эмч нар Шан-яань хотын 195 сая хүн амтай хотын эмнэлэгт туршлага судлан ажиллаж, Улаанбатар хотын ХУД-ийн нутагт технолгийн парк байгуулах шав тавигдаж байх жишээтэй юм.
"Өдрийн сонин"-ы сурвалжгагчийн "Манайд төмөр замын бүтээн байгуулалт яригдаад удаж байна. "Нэг бүс -нэг зам" санаачилгын хүрээнд энэ хөтөлбөр хэрхэн тусгагдсан бэ" гэсэн асуултад "Нэг бүс- нэг зам" санаачилгын хүрээнд 2018 оныг дуустал эдийн засгийн 6 коридор байгуулагдана. Хятад-ОХУ-Монгол гэсэн хөтөлбөрийн судалгаа 2014 онд дууссан бол 2018 оноос төлөвлөлт эхэлнэ. Хөх хот болоод Эрээн хот дахь судалгааны багийн санаачилга Монголын талтай хамтран ажиллаж энэ ажилд их нөлөөтэйг онцлон, эрдэм шинжилгээний багийг Монголын талаас урихад ч бэлэн байна. Бид таатай байх болно" гэж хариулсан юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан 60 тэрбум ам.долларыг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй хөрөнгө оруулалтыг ирэх 5 жилд хийх ажээ.
Нэг дэлхийн хүмүүс бидэнд өндөр байшин барилгаас гадна ая тухтай амьдрал харилцан бие биенээ ойлгож амьдрах явдал агаар, ус мэт юутай хэрэгтэй вэ гэсэн бодлоор гадна, дотногүй өндөр харуул хамгаалалт болсон Төрийн зөвлөлийн судалгаа хөгжлийн төвийг орхин бид гарлаа.
Хятадын зүүн өмнөд бүсийн Фужянь хотыг бид зорилоо. Форум-аяллын хугацаанд 250 км/цаг хурдлах цахилгаан галт тэргээр 2 удаа зорчсоныг эс тооцвол 9 хоногийн аялалд агаарын хөлгөөр 9 хот 4 сууринтай танилцаж 12 мянга орчим км газрыг туулжээ. Эртний цайны замын эхлэл хот бол Фужянь ажээ. Рашаант, Улаан хотын хасах 36 хэмийн хүйтнээс Бээжингийн 1 хэмээс 16 хэмийн дулаан, бороо шивэрсэн газар нутагт далайн эрэгт газардлаа бид. Шигүү мод шугуйг шувуу яаж гэтэлдэг байна. Ийм их ус- тохой байхад усыг дахин хашаад тосоод байдаг нь сонин.
Дэлхийн 10 аварга гүүр хоолойн 7 нь Хятад улсад, дэлхийн дүүжин урт гүүрийн 3 нь мөн л Хятадад, дэлхийн хамгийн урт автозам Хятадад, хамгийн урт төмөр замыг Хятад улс байгуулаад байна.
Хамгийн, дэлхийн гэсэн тодотгол нээрэн л энд байна гэдгийг Фужяны автозамын гүүр хоолой харуулна. Тэр ширэнгэн өндөр уул хадыг нүхэн гарцаар давна, машин, галт тэрэг хөлхөлдөн сүлэлдэнэ, огцом хаднаас автобус бууж байхад галт тэрэг тэртээх уулын хадыг тойрон сүнгэнэж харагдана. Хүний олондоо бус хөдөлмөрч чанарт байна даа.
Фужянь хотод
Фужянь муж аялал жуулчлалаар төдийгүй дижитал хөгжлөөр онцгойрч байна. Дижитал дэлгэц үйлдвэрлэлээр дэлхийд 3-р орж байгаа "ВОЕ" группт зочилж дэлхийн хамгийн том зурагтын дэлгэцийг харж шилэн хаалга нь зурагт болох хөргөгчийн дэргэд ирлээ. Дижитал хэрэглэлийн эд ангийг 1600 дахин томсгон харуулаад байхад л хумсны толион чинээ болж буухыг бодоход гайхмаар инжинерчлэл.
Геннисийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн том дэлгэц
Фужянь хотын Сүлжээний радио ТВ-тэй танилцаж байна. Улсынхаа 126 суваг, мужийнхаа 23 сувгаас мэдээллүүдийг сайтуудад эмхэтгэн байршуулдаг нэг ёсондоо интернэт сайт ажээ. Уран бүтээлчдийн өрөөнд саатан сонирхлоо.
Фужянь мужийн бас нэгэн гайхамшиг бол 3 цамхаг, 7 гудамж хэмээх түүх соёлын 1100 жилийн түүхтэй 2012 онд ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн Мин Чин улсын эртний барилгын чуулбар газар байна.
Ноёдын, бичигтний худалдаачдын гэсэн 3 цамхаг, ноёдын, ордны, суваргын хэмээх 10 гудамжаар гадаад, дотоодын жуулчид хөлхөнө.
Фужянь мужийн Тайнин хойгийн 9 луугийн цээл буюу Жюлүнтань хавцал бол аялалынхны анхаарлыг татсан сэтгэлийг хөглөх газар ажээ. 1000 метрийн өндөртэй цахим хавцал хоорондоо 3 метрийн зайтай зэрэгцэн 9 горхины нийлсэн ус л аварга хад, асгыг тусгаарлана. Хавцал хонгилын зүсэн бүрийн шувуу мэрэгч амьтдаас хавцлын сармагчин хамгийн адтай нь гэнэ гээд хавцал- өндөр хясаа дагуулан тавьсан хэдэн зуун метр урт модон шат, гүшгүүрээс баттайяа атган алхаж байхад айх юмгүй хэмээн хулсан завины эзэн бүсгүй хэлж байна. Дэлхийн өвд бүртгэгдсэн энэ хавцал дэлхий ээж таньдаа би хайртай хэмээн аргагүй хэлүүлж байсныг нуух юун.
Дараа өдөр бид Тайнин хойгийн Цунжи гацаанд ирж ядуурлыг бууруулах хөтөлбөртэй танилцлаа. Төвөөсөө 18 км зайтай орших, уул хад асга дунд байрлах энэ суурин дэргэдээ 8 тосгон, 16 иргэний баг 1750 хүн амтай ажээ. Нэг хүнд ноогдох орлого 12 мянган юань болж хүүхдийн сургууль цэцэрлэг тохилог болсон гэж байна. Биднийг очих үеэр ядуу өрхүүдийн хувцас хангамж ирсэн байлаа.
Гацааны иргэд хулсан завь, эдлэл хийж, жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйл урлаж, самар, будаа, жимс жимсгэний аж ахуй эрхэлж байна.
МЭӨ 759 онд байгуулагдсан Тан улсын эртний сууринг тэр хэвээр нь хадгалан үлдсэн Тайнин хотын Хань-Тангийн эртний туурьтай бид танилцлаа. Чулуун шал, чулуун гишгүүр дундуурх суваг шуудуугаар хавцлын ус энд байна гэсэн шиг хоржигноно, чулуун сандал-ширээ, чулуун мөргөцөг, чулуун тогоо, ваар сав арай чулуун савх л алга. Өнө эртний юм гэдэг үргэлжид ховор нандин түүхийг өгүүлэх ажээ.
Хятад-Монголын сэтгүүлчдийн 8-р форумд оролцогчид бид 6 дахь өдрөө Жянши мужид Хөх мөрөн хөвөөлсөн эртний түүх соёлын байгалийн үзэсгэлэнт газар аялал жуулчлалын бааз хот Бээжин-Жуологийн, дэлхийн хамгийн урт төмөр замын зангилаа хотод ирлээ. Энэ хотод ирэхийн тулд Наньчан хотыг дайрсан юм. Таван цаг хурдны автозамаар сүнгэнэн өнгөрөхөд машин үйлдвэрлэлийн усан боомтын хот Наньчаныг дайран гарч байгааг өндөр чингэлэгт машин, суудлын тэргийг өрж эгнүүлсэн цуваа харуулна.
Нэг ч хүн хөгжлөөс ангид байх ёсгүй гэсэн Хятадын Төрийн бодлогыг ядуурлыг бууруулах хөтөлбөр харуулж байна. Шэньшань гацаа гэхэд 231 хүнийг хэрхэн ажилтай болгон ажил эрхлэх боломжгүй нэгд нь Төрийн тэтгэлгийг олгон мөн мэргэшүүлэх сургалт хийдэг талаар хөтөлбөрийн зохицуулагчид хэлж байлаа. Нэг иргэний жилийн орлого 7700 юань болжээ. Хулсны аж ахуй, цайны тариалалт, самар жимс эрхлэлт гацааны иргэдэд нэмэр тусаа өгч хөтөлбөрийн хүрээнд бүх айл тохилог орон сууцтай болжээ. Өрхүүдийг орлого ажил эрхлэлтээр нь ангилан улаан, цэнхэр, шар тасалбараар үйлчилдэг юм байна. Хэрэв цэнхэр тасалбартай бол төрийн тэтгэлэг авангаа ажил эрхлэх эрхтэй. Шар тасалбартай бол тэтгэлэг дээр нь мэргэшүүлэх сургалтад заавал сууна.
Ядуу гацаанд бид өргөн дардан хатуу хучилттай авто замаар, уужим цэлгэр хонгил хоолойгоор цэцэг навч болсон цэцэрлэгт гудамж сүлжин хүрч ирлээ. Хөдөлмөр хүнийг хүсэл тэмүүлэлд жаргалтай болох амьдралд хөтөлдөг ажээ. Хятадын удирдагч энэ гацаанд биечлэн ирснийг баримтат киногоор харуулж удирдагчтайгаа гар барьсан өндөр настан гадны биднийг гар өргөн угтаж байлаа.
Жянши мужийн Жинганшан уулын өндөрлөгт байрлах хувьсгалын музейг бид үзлээ. Мао-Зедун тэргүүтэй хувьсгалчдын тухай өгүүлэх энэ үзмэрийг дотоод, гадаадын жуулчид тэр дундаа оюутан цэргийнхэн үзэх нь их юм.
Хувьсгалын музей
Монгол хүн аль л өнгөтэйгөө айлчин гийчиндээ барьдаг. "Аяганы алаг муухай адууны алаг сайхан" гэж монголчууд бид хэлдэг. Тэгвэл Хятадын ард түмэн ядуурлаас гарч байгаа арга замаа дэлгэн хөрш улс оронтойгоо, бүс нутгаараа хөгжил цэцэглэлтэд хамтын хүчээр хүрч болохыг харуулахыг зорьж байна.
Хэлэхээсээ хийх нь хавьгүй сайн гэсэн үг бий. Ганц хоног хуралдаад 8 хоног аялан айлчиллаа. Хүний олондоо бус хөдөлмөрч чанарт Хятад орны үсрэнгүй хөгжил байна гэсэн нэг үзүүрт бодолд хүлэгдэн ирлээ.
Радио цуврал нэвтрүүлгийг МҮОНР-ийн 1-р сувгаар нэвтрүүлж байна.
Үргэлжлэл бий...
Хүний олондоо бус хөдөлмөрч чанарт байна | ||
Үзсэн: 2906 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.