
Дорнод аймгийн Наян мянга дахь иргэн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 09 цаг 12 минутад Сэргэлэн сумын харьяат Б.Мягмарын гэр бүлд мэндэлж, Дорнодчууд бидэнд баяр нэмсэн.
Сэргэлэн сумын 2-р багт нутаглах залуу малчин Б.Мягмарынд өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сэргэлэн сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Л.Түвдэнням, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын хамтаар очиж, бяцхан иргэндээ батламж дурсган, мөнгөн хадгаламж, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа.
Наян мянга дахь иргэндээ зориулан бүтээлгэсэн Дорнод нутгийн бахархал мандаж буй наран, голдоо гурван үеийг билэгдсэн дүрслэлтэй, хоёр талаараа өсөж үржихийн билэгдэл тариан түрүү бүхий цор ганц дурсгал, батламжийг залуу гэр бүлд дурсгалаа. Мөн хүүгийн ирээдүйд зориулан 8,0 сая төгрөгийн хадгаламж нээлгэн өгч байна.
Залуу гэр бүлийн 3 дахь хүү дээрээ хоёр ахтай бөгөөд Дархан бэр хэмээх алдрыг ээждээ авчирсан. Будаанд шигшсэн нэрнээс Дарханбат гэдэг нэр сонгогдсон нь давхар давхрыг билэгдсэн тохиол гэлтэй.
Сэргэлэн сум 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд Наян мянга дахь иргэн тус сумаас төрсөнд Сэргэлэнчүүд машид бэлэгшээж байгааг сумын Засаг дарга Н.Гүррагчаа онцлов.
Наян мянга дахь иргэнтэй нэг өдөр мэндэлсэн дөрвөн үе чацуутны нэг нь мөн Сэргэлэн сум, хоёр нь Баяндун сум, нөгөө нь Хэрлэн сумын харьяат бөгөөд үе чацуутнуудад мөн батламж, бэлэг дурсгал, тус бүр 800,000 төгрөгийн хадгаламж гардуулах юм.
Хэрлэн сумын 10-р баг Б.Цогт-Эрдэнийн гэр бүлд мэндэлсэн үе чацуутанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл хадгаламж, бэлэг дурсгал, батламжийг гардууллаа. Мөн залуу гэр бүлд мэндэлсэн охин хоёр эгчтэй, айлын гурав дахь охин ажээ.
Сонирхуулахад, Наян мянга дахь иргэн мэндэлсэн өдөр нийт 5 хүүхэд төрсөн бөгөөд хоёр нь айлын 2 дахь, гурав нь айлын 3 дахь хүүхэд болжээ. Мөн бүгдээрээ залуу гэр бүл, залуу ээжүүд байсан ба нэг нь Хэрлэн сум, хоёр нь Баяндун сум, хоёр нь Сэргэлэн суманд амьдардаг байна. Харин Наян мянга дахь иргэн тухайн өдрийн 3 дахь төрөлт, 2018 оны 700 дахь хүүхэд, айлын 3 дахь хүү зэрэг олон алдрыг хүртсэн бол сүүлийн үе чацуутан охин, айлын 3 дахь охин болон мэндэлжээ гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Наян мянга дахь иргэний батламжийг дурсгав | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.