Шууд Chart

“Мөнхийн зул” ба “зулай нь битүүрээгүй” сүм

2018-10-29 14:20:00

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт Л.Түдэвийн "Оройгүй сүм" номын тэмдэглэл

Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын өдөр тутмын нэр хүндтэй сонины Улс төрийн албаны даргын албыг хашиж явсан, тэтгэвэрт гарсан тоймч ах “Чи Түдэв гуайн “Оройгүй сүм” романыг уншаарай” гэж хэлж билээ. Угаас би Ре ахын амнаасаа унагасан үг бүрийг газар унасан бүхэл мөнгө мэт санаж түүж аваад дэвтрийнхээ завсарт “хавчуулдаг”. Тийм дээ ч би дэвтэртээ “Лодонгийн Түдэв “Оройгүй сүм” заавал унших” хэмээн тодоос тод бичиж билээ.

            “Оройгүй сүм”-ийг эхлүүлэхэд эхний бүлгийн дээд хэсэг дэх ертөнцийн гурав титэм аятай харагдаж билээ. Яг л ихэнх байгалийн уран зурагт дээд буланд нар байдгийн адил харагдсан. Тэгтэл бүлэг бүрийн эхэнд ертөнцийн гурвыг шигтгэсэн бөгөөд тухайн ертөнцийн гурав тэр бүлгийнхээ “spoil” гэдгийг номын дунд хэсэгт мэдсэн.

Санжийг гэцэлийн сахил хүртсэн хоёрдугаар бүлгийг эхлүүлэхэд надад нэг муу ёрын мэдрэмж төрсөн нь эхний бүлэгт өгүүлдэг цөлөгдсөн сохор эрийг Санж гэдгийг мэдэрсэн юм. Цагаан толгойн үсэг нүдлээгүй байх даа л зулын гол ороож сурсан би багаасаа л буддын шашны сүсэглэж өссөн билээ. Тийм дээ ч эл романы цаг хугацааны шугам До яам, ногоон малгайтнуудтай холбогдох юм байна. Тэднээс өөр Санжийг сохолж, цөлөх хэн байх вэ гэж бодож билээ. Харин энэ бодол минь номын дунд хэсэгт, тэр дундаа Зовлонгийн хүрд эргүүлэгч бүлгээс өөрчлөгдсөн юм.

Санжийн багш Чоймчиг надад өвөөг минь санагдуулдаг байлаа. Тэдэнд адил төстэй зүйлс их. Тиймдээ ч Чоймчиг өөрийгөө зулын гол болгох мөч надад маш хүнд туссан. Мөн Төвөдийг тэдэнтэй хамт зорьсон  Хархүү, Отгон, Өлзийгийн хувь тавилан тун чиг эмгэнэлтэй санагдсан.  Айдас, бартаа саад ихтэй ч, хүсэл тэмүүлэлд хөтөлсөн тэр “зам” эцэст нь бүгдийнх нь амийг авсан. Хэдий дүр бүрийн үхэл хэт хатуу ч, уншигч надад маш их ухаарал хайрласан.

Мөн өгүүлэгдсэн бүх л дүр энгийн туслах дүр атлаа бүгд гүн ухааны болон туйлын үнэний олон сургамж үлдээсэн. Хархүү эд хөрөнгөтэй, Бөхмагнай  зориг, хүч тэнхээтэй эр ч аль аль нь Отгоны хүссэн зүйлийг өгч чадаагүй. Гэтэл эхнэр авах эрхгүй, өөрөөс нь олон дүү Санж Отгонд түүний хүсэн мөрөөдөж байсан ээж болох жаргалыг мэдрүүлсэн. Гэвч энэ жаргалтай өдөр хоног тийм ч урт удаан үргэлжилдэггүй. Хэрэв Отгон, Санжтай анх Төвөд яваагүй, тэгж танилцаагүй байсан бол үр хүүхэдгүй ч, урт наслах боломж байсан. Мөн Санжийг эдгээдэг Шимнанцын дүр амьдралын туршлага гэдэг хамгийн чухал эрдэм гэдгийг нотлон харуулдаг. “Оройгүй сүм”-д гардаг дүр бүр завсрынх юм шиг атлаа богинохон хугацаандаа асар их зүйл уншигчид зааж сургадаг.

Үүнээс гадна Санжийн дэггүй бага насны хөөрүү зангаас болж нүүрэндээ сорвитой болсон Пагсан Санжтай цаг үргэлж таагүй харьцаж байсан ч амь насанд нь аюул тулгарсныг анхааруулснаар амийг нь авардаг. Гэтэл эсрэгээрээ байнга тал засч явсан зусарч бялдууч Чогсон Санжийг хороох гэж нэг бус удаа оролддог. Үүнээс харахад Санжаас бусад тэр бүх дүрүүд зохиолчийн баруун, зүүн мөр дээр ялгаран суусан хар, цагаан онгодууд гэлтэй. Тэд бодит бус хийсвэр ертөнц эсвэл өнгөрсөн цаг хугацааны оньсыг нэвтлэн номын хуудаснаас уншигчдад амьдралын зөөлөн хийгээд хатууг учирлана.

Эцэст нь Санж шашны өндөр цолд хүрч орон гэртээ буцаж ирснийхээ хойно одоо л нэг юм аюул ард хоцорлоо гэтэл жинхэнэ гай түйтгэр Буянзалбирах хийдэд нуугдан түүнийг хүлээж байсан нь туйлаас эмгэнэлтэй. Мөн Санж нас барсан ижийдээ буян хийж, сүм бариулан “мөнхийн зул” өргөх сүүлчийн ганц хүсэлтэй байсан ч мөн л бүтдэггүй. Ийн сүмийн зулай битүүрч амжаагүй байхад Санж жанч арилждаг.

Эцсийн бүлэг цөлөгдсөн сохор эр оройгүй сүмийг тэр чигээр нь үлдээхийг хүссэн. Учир түүнд одоо бурхан ном хамаагүй.

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Мөнхийн зул” ба “зулай нь битүүрээгүй” сүм  
Үзсэн: 2830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй