
- Аян замын тэмдэглэл -
Европ тивийн баруун өмнөд хэсэгт орших Испани орон. Өнгөрсөн зууны эх гэхэд асар олон колонийн эзэмшил нутагтай байсан, тэр битгий хэл тэр цагийн далайн дээрэмчдээрээ алдартай энэ орны тухай үлгэр домог мэт ам дамжин яригдсан үүх түүхээс нь би бээр цухасхан л мэдэж байлаа. Эх газраас далай руу түрж орсон Иберийн хойг нь далай тэнгисийн замаар худалдаа наймаа хийж асар их ашиг олох нэн таатай нөхцөл болж байсан нь мэдээж. Энэхүү далайд гарцтай байдал нь Испани орны улс төр эдийн засаг хийгээд түүх соёлд өөрийн өвөрмөц ул мөрийг үлдээсээр иржээ.
Агуу аялагч Италийн далайчин Христофор Колумб Америк тивийг санамсаргүй нээх эхний аяллаа Испанийн усан портоос эхэлсэн гэдэг. Тэрээр “Европоос Азид очихын тулд Испаниас баруун тийш чиглэн яваад очиж болно” гэж үзсэнээс 1492 онд Испанийн хаанаас их хэмжээний тусламж аван 3 хөлөг онгоц 90 орчим хүнтэйгээр 8-р сард аяллаа эхэлж 2 сарын дараа буюу 10 сарын 12-нд Карибын тэнгисийн Багами арлуудын нэгэн болох Сан Сальвадорт очсон гэдэг. Ийнхүү Европчуудын Америк тивд анх хөл тавьсан энэ өдрийг “Америк тивийг нээсэн өдөр” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.
Христофор Колумб тэр үед шинээр хөл тавьсан газраа Энэтхэг хэмээн эндүүрч, уугуул оршин суугчдыг нь Индианчууд гэж нэрлэсэн нь Монголчуудтай угсаа гарвал нэг гэгддэг Америкийн уугуул үндэстэнд өгсөн анхны нэр байлаа. Нэгэнтээ Колумбын аяллыг Испанийн эзэн хаан санхүүжүүлж байсан учир шинээр нээгдсэн газар орон бүхнийг Испанийн эзэмшилд тооцож байжээ. Ийнхүү Испани орон тухайн цаг үеийн “Газар зүйн их нээлт”-үүдээс хамааран олон колони эзэмшилтэй хүчирхэг орон болж хувирсан түүхтэй аж.
Энэ удаа үүнийг бичигч би бээр Испанийн баруун хойд бүс нутаг болох Каталон мужийн Барселон хотоор аяллаа. Барселон бол Мадридын дараа орох том хот юм. 1,6 сая хүнтэй. Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 хотын тоонд орж байгаа гэсэн. Сүүлийн үеийн хэвлэл мэдээллээр энэхүү Католон мужийн тухай олонтоо бичих болсон бөгөөд Испанидаа нэлээн баян мужийн тоонд ордог энэхүү мужийн иргэд тусгаар тогтноно хэмээн сүрт жагсаалуудыг хийж, үймээн шуугиан дэгдээх болсон билээ. Газар дундын тэнгисийн эрэг дагуу орших энэ мужийн төв Барселон хотыг урьд өмнө хөл бөмбөгийн алдартай багаар нь хэн бүхэн сайн мэддэг.
Бид УБ-аас Москва хүртэл 6 цаг гаруй, Москвагаас Барселон хүртэл 5 цаг Аэрофлотын онгоцоор нисэв. Ер нь нэг нисэхийн компаниас ирэх очихын билетээ аваад нисэх нь харьцангуй хямд байдаг аж. Урьд өмнө Франц, Итали,Хятад, Солонгос, Тайваны агаарын хүлгээр нисэж явахад Оросынхыг бодоход харьцангуй том ч хоолны хувьд Аэрофлотыг гүйцэхээргүй санагдсан. Тэгээд ч Аэрофлотын үйлчилгээ маш сайн болсон байна билээ. Харин Барселоноос Москва нисэхэд Европын холбооноос Оросод тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс болоод ч тэр үү Аэрофлотын онгоцны 200 гаруй суудлын тал нь л зорчигчидтой байлаа. Нэг талаар сэлүүхэн ч нөгөө талаар Оросуудад хохиролтой л байдаг байх.
Онгоц маань Барселонд буухаар доошлоход алдарт Газар дундын тэнгис хөв хөх өнгөөр цэлэлзэн, Испанийн эрэг дагуу жимс ногооны тариалан алаглаж, жижиг том завь онгоц ийш тийш зөрөлдөн байгаа нь тодхон харагдаж байв. Газар дундын тэнгис гээч агуу том тэнгис аж.
Москва-Барселон чиглэлийн 200 гаруй зорчигчдын, хоёр Солонгос, хоёр Монгол, нэг Ази царайтай зорчигчдоос бусад нь Европ хүмүүс. Бид гааль хилийн шалгалтаар орлоо. Гэтэл Европд нэвтрэх гэсэн цагаачдын урсгалаас болоод ч тэр үү нөгөө зүс өөр бид хэдийг тусад нь авч үлдэн маш сайн шалгалаа. Ер нь албан томилолт болон албан ёсоор сурах, жуулчлалаас бусдаар хараар ажиллах, Европд цагаачлах тухай бодохын ч хэрэггүй мэт.
Биднийг Францисс маань тосож байлаа. Гэтэл нэг ачаа маань алга. Нэг ачаа алга байгааг нисэх буудлын ажилтнуудад дугаараар нь бүртгүүлээд бид урьдчилан захиалсан Леонардо буудлаа зорилоо.
Буудал маань гурван одтой. Барселона хотынхоо төвд байрладаг. Өглөөний хоолтой, тун ч тохилог. Францисс, охин бид хоёрыг оройн хоолонд урилаа. Оюун-Эрдэнэ маань орой тоглолттой гэнэ.
Хоолны заалны зохион байгуулагч дунд эргэм насны өндөр нуруутай Испани эр охин бид хоёрыг хаанаас явааг асуугаад, “Монголоос” гэхийг дуулаад ихэд сонирхож, “Манай буудалд анх удаа Монгол хүн буулаа” хэмээн баярлаж байгаагаа илэрхийлж байлаа.
Энэ буудлын өглөөний хоол тун ч сайхан. Нэрийг нь мэдэх мэдэхгүй жимс ногоогоор арвин байлаа. Өглөөний хоолны дараа өрөө рүүгээ явтал бидний алга болсон ачааг буудалд маань бүрэн бүтнээр нь хүргээд ирчихсэн байв.
Дараа нь бид Барселоны Гүэллийн цэцэрлэгт хүрээлэнг зорилоо. Энэ паркыг Барселоны хойд талын Кармел ууланд байгуулжээ. Цэцэрлэгт хүрээлэнг алдартай уран барилгач Гаудигийн уран бүтээлээр барьсан гэж хэлж болно. Испанийн уран барилгач Антони Гауди бол уран барилга дахь тогтсон хэм хэмжээг эвдэж бүтээлээ туурвидаг жинхэнэ “Модернист” уран бүтээлч байжээ. Түүний барьсан уран барилгууд огт өнцөг байхгүй мөлгөр бөгөөд хэлбэр дүрсгүй мэт. Тэгш хэмийг баримтлаагүй, олон өнгөөр хүүхдийн тоглоом мэт, үлгэрийн байшин мэт барилгууд нь цэцэрлэгийн мод бутнуудын дунд өнгө зохицол нийлэн байх нь үнэхээр сонхирхолтой. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ЮНЕСКО-гийн соёлын үнэт өвд бүртгэгджээ.
Барселонд бид Фламенко шоу үзсэн маань бас л нэг сонин сайхан үйл явдал байлаа. Фламенко бол Испанийн уламжлалт дуу бүжгийн төрөл бөгөөд 15-р зууны үед үүссэн гэдэг. Халуун газрын фламинго хэмээх тогоруу шиг зэгзгэр шувууд ороо хөөцөлдөөний үедээ уран ганган хөдөлгөөн үзүүлж бие биенээ татдагийг дууриан Испани бүжгийн товшилттой, эрч хүчтэй ганган шоу дэглэсэн нь энд ирсэн жуулчин гийчдийн үзэх дуртай үзвэрийн нэг болжээ. Билет нь 40 гаруй евро бөгөөд голдуу гадаадынхан үздэг аж. Шоу эхлэхтэй зэрэгцэн Санрияа хэмээх Испанийн улаан дарсанд мөстэй лемон хийж үзэгчдийн гарт бариулан, дарс шимэн шоу үзэх тун ч таатай боломжийг бүрдүүлсэн нь гайхалтай. Ийнхүү цаг гаруй хугацаанд урлагийн өндөр чадвартай арваадхан жүжигчид хатуу модон өсгийтэй гутлыг тачигнатал товшиж, дэвүүр барьсан дэрэвгэр хормойтой эмэгтэйчүүд Орос ардын найрал дуучид шиг хоолой хоршин дуулангаа гал цогтой Испани бүжгийг бүжин, үзэгчдээ хүртэл байлдан дагуулах нь урлаг гээч ийм сэтгэл татам гайхалтай билүү гэх мартагдах шахсан мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Ай Испани бүжиг үнэхээрийн гайхалтайяа.
Энд дурсан санахад тэртээ 1970 онд Булган аймгийн соёлын ордны тайзнаа анх удаа Румыны Марамөршөд / дуудлагаар нь бичив/ бүжгийн чуулгын тоглолт болж, манай соёлын ордны хар модон шалыг золтой л цөмөлчих шахаж билээ. Үүнийг тэр үеийн манай хөдөөгийн үзэгчид дуу алдан үзэж байсансан. Хүүхэд ахуйн энэ гайхалтай дурсамж Испанийн Барселонад дахин сэргэсэн нь энэ ажгуу.
Барселонад байх үедээ бид Испанийн алдарт уран барилгач Антони Гаудигийн гэр музейг бас үзлээ. Ер нь Барселоныг битгий хэл Испанийг Гауди-гүйгээр төсөөлөхийн аргагүй аж.
Нэрт уран барилгач маань өөрийн амьдран сууж байсан байшингаа яг л өөрийн бүтээж буй болгосон өнцөггүй загвараар барьж тэр нь өнөө цагийн хүмүүсийн сонирхлыг татсаар байна. Гэр музейд ороход бүх хүмүүст чихэвчтэй дижитал дэлгэц өгч, түүнийг харж сонсоход олон хэлээр Гауди-гийн амьдарч байсан орон байр амьдрал уран бүтээлийг танилцуулж байх юм. Олон давхар энэ өвөрмөц байрны өнцөг булан бүр нэрт уран бүтээлчийн амьдарч байсан ахуйг санагдуулна. Гэр музейн билет мөн л 40 орчим евро. Сайн уран бүтээлч хүн гэдэг өөрөөр зогсохгүй бүхэл бүтэн улс үндэстнээ үеийн үед тэтгэдэг аж.
Ер нь Барселонагийн хуучин гудамжууд жуулчдын анхаарлыг гойд ихээр татдаг. Өнөө л хэдэн зууны өмнөх шигээ яг хуучнаар нь байлгадаг нь заримдаа жихүүдэс хүрмээр. Эртний Ромын ч гэх юм уу, эсвэл Венецийг санагдуулам нарийн давчуу чулуун гудамжуудтай. Нэг байшингийн цонхноос нөгөө байшингийн цонх хүртэл бараг үсрээд орчихмоор. Хүйтэн чийг даасан нар үздэггүй бололтой байшингуудын нь гаднах хаалга нэг нь нөгөөгөөсөө бараг ялгагдам үгүй. Эрт цагт далайн дээрэмчин сайн эрчүүд бие биетэйгээ буудалцан нуугдахад тохирсон ч гэмээр. Үүнээс өөрөөр төсөөлөх аргагүй мэт. Гэхдээ дотор нь ороход өнөө цагийн янзаар сайхан тохь тухтай болгожээ.
Гаудигийн барьж эхлүүлээд дуусгаж чадаагүй эдүгээ 100 гаруй жил баригдаж байгаа гэсэн Sagrada familia /Ариун сүм/ нэртэй Гаудигийн сүм рүү хөврөх жуулчдын цуваа ер тасардаггүй бололтой. Энэ хүү сүмийн дотор тал үндсэндээ дууссан тул үзэгч жуулчдыг билет таслан оруулж байлаа. Үзэгчдийг сүм рүү оруулахдаа яг л Хятадын эзэн хааны ордон болох “Гу гун” рүү оруулж байгаа мэт тусгай аппаратаар сайтар шалган оруулна. Үзвэрээс олсон орлогоо хуримтлуулан 2026 онд бүрэн дуусгана гэсэн тооцоотой гэнэ. Ганц энэ сүмийг үзэх л гэж зөвхөн Барселонад жилдээ 3 сая жуулчин ирдэг аж.
Дараа нь бид Газар дундын тэнгисийн эргээр явлаа.Тэнгисийн эрэг дагуу хүмүүс амарч байна. Энд хүмүүст үйлчилдэг улс гэвэл голдуу Энэтхэгчүүд байх юм. Тэд худалдаа наймаа эрхэлж бараа товаар авахыг санал болгоно. Тэд биднийг “... хаанахын улс вэ” хэмээн асуухад нь “таа л даа ...” гэхэд “Хятад гэхэд арай л биш дээ ...” гэж гайхана.
Барселон хотын түүх дурсгалыг хэдэн хоног үзсэний дараа бид таван одтой өндөр зэрэглэлийн буудлын дээрх зоогийн газраар үйлчлүүллээ. Хүмүүс энд тун таатайяа нарлангаа Барселоныг өндөр дээрээс харан суух аж.
Эцэст нь хэлэхэд хэлэхэд улс үндэстэн өөрийн үүх түүхээ өөр өөрийн өвөрмөц төрхөөр бичиж үлдээдэг бөгөөд бидний хувьд ч гаднынхныг шууд хуулбарлалгүй эзэнт гүрний байлдан дагуулал хийгээд нүүдэлчдийн давтагдашгүй соёлоо урлаг уран бүтээлдээ мөнхжүүлж, цагийг эзэлсэн мөнхийн бүтээл туурвих хэрэгтэй юм даа.
Монголын радиогийн сэтгүүлч
Рэгзэнгийн Чулуунцэцэг
Испанийн Барселон хотоор | ||
Үзсэн: 2698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.