
Хагас зуун жилийн түүхт Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Цагийн хүрд хөтөлбөрийг зургаан настай балчраас зуун настай буурай андахгүй. Монгол Улс болоод дэлхий дахинд болсон үйл явдлыг цаг алдалгүй мэдээлдэг тус хөтөлбөрийн үе үеийн нэвтрүүлэгчийн дуу хоолой, дүр төрх үзэгчдэд хэдийн танил дотно болсон билээ. Тэгвэл МҮОНРТ 1967 оны есдүгээр сарын 27-нд өргөн нэвтрүүлгээ цацсанаас хойш 51 дэх намартайгаа учран золгож буй Цагийн хүрд хөтөлбөр болон тус нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэдэг Монгол мэдээ суваг дөрвөн төрлийн иж бүрэн шинэчлэл хийснээ өнөөдөр танилцуулсан. Эл арга хэмжээнд Монголын мэдээ сувгийн баг хамт олон, Цагийн хүрд хөтөлбөрийн ахмад уран бүтээлчид болон гадны зочид төлөөлөгч нарын хүндтэй эрхмүүд хуран цуглалаа. Мөн гавьяат жүжигчин, уртын дууч Б.Мөнхбаатар, морин хуурч н.Бум-Эрдэнэ шинэ студийн жаврыг үргээлээ.
Техник, технологийн болон бүхий л шинэчлэлийн бодлого цаашид улам эрчтэй үргэлжилнэ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголын мэдээ студидээ хуран цугласан ахмад буурлууд гавьяатууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ бүх шинэчлэл хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Турк улсын Олон улсын хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (ТИКА)-гийн төлөөлөгчдөд мэндчилье. 51 жил гэдэг бол урт хугацаа. Энэ хугацаанд “Монголын мэдээ” студи улс орныхоо хөгжлийн үе шатанд тохирсон, тухайн үеийнхээ технологийн хөгжлөөс хамааран ахиц шинэчлэлт 20 шахам удаа хийсэн. Харин өнөөдөр XXI зууны технологийн хамгийн өндөр боломжуудыг агуулсан техник, технологи, бодлогын иж бүрэн шинэчлэл хийж байгаад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс гүйцэтгэх удирдлага, Монголын мэдээ сувгийн удирдлага, гүйцэтгэл хийсэн байгууллага, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ТИКА байгууллага болон бүх хүмүүст талархал илэрхийлье. Шинэчлэл үүгээр дуусаагүй. МҮОНРТ-ийн техник, технологийн бүхий л шинэчлэлийн бодлого цаашид улам эрчтэй үргэлжлэх болно. Үндэсний зөвлөл энэ ажлыг цаашид ч анхаарах болно” гэсэн юм.
МҮОНРТ-ийн ажилсаг, хөдөлмөрч хамт олноороо бахархаж байна
Мөн нээлтийн үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “Хамт олноороо бахархаж байна. Манай хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд “Монголын мэдээ”, MNB world, “Студи 600”, “Студи 150” зэрэг олон студидээ маш олон шинэчлэлт хийж чадсан. Мөн МҮОНР дүрстэй дамжуулалт хийдэг болсон. Техник технологийн шинэчлэл цаг, минутаар хөгжиж байна. Энэ цаг үетэй хөл нийлүүлэн алхах нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хамгийн эрхэм үүрэг. Биднийг дэмжсэн Үндэсний зөвлөл, үзэгчдэдээ баярлалаа. Нийт ажилсаг, хөдөлмөрч хамт олон тэр дундаа “Монголын мэдээ” студийн баг олноороо бахархаж байна” гэлээ.
Цагийн хүрд хөтөлбөрт техник, технологи, агуулга, бодлогын дөрвөн том шинэчлэл хийгдсэн
МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн захирал Р.Гандиймаа “Үндэсний телевизийн түүхийг аль нэг студиэр хүүрнэн өгүүлэх болвол “Монголын мэдээ” студийг нэрлэж болно. МҮОНРТ 1967 оноос хойш Монгол Улсын бүхий л түүхийг бичсэн цорын ганц студээ иж бүрэн шинэчиллээ. Бид ахмадуудаасаа асууж, судлахад энэ студийн маань тайз бараг 20 орчим удаа солигдсон байдаг. Гэхдээ өмнөх технологийн шинэчлэлийг харахад нэг ханан дээр суурилсан хоёр нэвтрүүлэгчийн суудалтай, хавтгай орон зайтай байсан. Үүнийг бид эрс өөрчилж чадсан. Нэвтрүүлж буй мэдээний онцлогт тохируулан тайз солигдож байхаар тооцоолж, үндсэн тайзыг эргэдэг болгосон.
Үүнээс гадна хоёр дэлгэц нэмж суурилагдах, нийт 12 дэлгэцтэй “Video wall”-тай болсон. Дэлхийн мэдээ, зарим булан, зочны ярилцлагыг “Video wall”-тай нэвтрүүлнэ. Тухайлбал, зочин нэвтрүүлэгт оролцох үеэр арын дэлгэцүүдэд зочинтой холбоотой бүх дүрс нэгэн зэрэг гаргана.
Үүнээс гадна Цагийн хүрд хөтөлбөр дэлхийн хаанаас ч, Монгол Улсын аль өнцгөөс үүрэн телефоны сүлжээ нэвтэрсэн л бол сумын төв, ойн захаас, малчны хотхон, нуурын эргээс ч шууд дамжуулалт хийх боломжтой. Мөн дэлхийн аль ч улс орноос шууд хийх боломжтой болсон. Монголын мэдээгийн мандаттай 21 аймаг болон гадны 18 оронд байгаа манай сурвалжлагч нар гар утсаараа маш өндөр нягтаршилтай дүрс дамжуулах, эфирт шууд холбогдож мэдээ, мэдээлэл болж буй үйл явдлыг цаг алдалгүй үзэгчдэд хүргэх техник, технологийн боломж бүрдсэн. Жишээлбэл, өнгөрсөн жил Монголын мэдээ суваг хүршгүй гэгддэг Отгонтэнгэр хайрханы оройгоос дээрх технологийн тусламжтай шууд дамжуулалт хийж байсан.
Цагийн хүрд хөтөлбөрийн агуулгын шинэчлэлийнхээ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сараас цогц мэдээлэл хүргэдэг Хөндөх сэдэв булантай болсон. Учир нь нийгэмд өрнөж буй том асуудлыг ганц мэдээлээд өнгөрөх нь хангалтгүй. Тиймээс том сэдвийг тухайн долоо хоногт, долоон талаас нь долоон өөр өнцгөөс хөндөж үзэгчдэд хүргэж байгаа. Үүнээс гадна эдийн засаг, эрх зүй, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, байгаль орчин гэсэн долоон сэдвийн тогтмол буланг Цагийн хүрт хөтөлбөрт оруулж Эдгээр буланг үзэгчдэд хүргэхэд тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн долоон зөвлөх хамтран ажиллана. Бид зөвлөхөөр Боловсролын булангийн зөвлөхөөр БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр, байгаль орчны булангийн зөвлөхөөр Хөрс судлаач, биологийн ухааны доктор Ш.Пүрэвсүрэн, Соёл урлагийн зөвлөхөөр УДЭТ-ын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, эрүүл мэндийн зөвлөхөөр гавьяат эмч, доктор, профессор, зөвлөх эмч О.Сэргэлэн нарын долоон эрхмийг сонгосон” гэсэн юм.
Цагийн хүрд хөтөлбөрийн шинэчлэгдсэн студийн нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “МҮОНРТ-д ирээд шинэчлэлтэй нь танилцсаны хувьд сэтгэл маш их хөдөллөө. Мэдээ мэдээлэл гэдэг бол ард түмэнд маш чухал. Харин тэрхүү мэдээллийг шуурхай, чанартай хүргэх цогц шинэчлэл хийж чадсан телевизийн нийт хамт олонд амжилт хүсье” гэсэн юм.
Монголын мэдээ студийн шинэчлэлийн ажил өнгөрсөн есдүгээр сараас эхэлжээ. Тус студийн шинэ гэрэлтүүлгийн 80 хувийг Итали улсаас авчирч суурилуулжээ. Мөн гол тайз, шалны гэрэлтүүлгийг хөтөлбөрийн онцлогоос хамаарч долоон өнгөөр солигдож, асаж байхаар тохируулсан байна. Түүнчлэн мэдээ шууд дамжуулах систем шинэчлэгдэж, интернетийн 3G, 4G сүлжээг ашиглан гар утсаар тусгай сервер дээр мэдээ дамжуулах технологи нэвтрүүлсэн. Ингэснээр дэлхийн аль ч өнцгөөс дуу дүрсний өндөр чанартайгаар мэдээлэл хүлээн авч эфирт цацах боломж бүрдэж байна. Эрхэм үзэгч та бүхэн Монголын мэдээ студийн дөрвөн төрлийн цогц шинэчлэлтэй өнөөдөр 20:00 цагаас Цагийн хүрд хөтөлбөрөөр дамжуулан танилцаарай.
“Цагийн хүрд” хөтөлбөр эхлэх мөчийг тэсэн ядан хүлээж байна
Шинэ студийн нээлтийн үеэр МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаагийн сэтгэгдлийг сонсоход “Уран бүтээлч бидний хувьд маш их баяртай тэмдэглэл үйл явдал болж байна. Монголын мэдээ дэлхийн 18 оронд байнгын сурвалжлагчтай. Миний хувьд хамгийн таалагдсан шинэчлэл нь гэвэл эфир шууд явж байх үед дээрх сурвалжлагч нартай холбогдож, мэдээллийг нь үзэгчдэд хүргэнэ гэдэг бол гайхамшиг. Цагийн хүрд хөтөлбөр тайз гэрэлтүүлгээс гадна хэлбэр агуулгын шинэчлэл хийгдсэн. Шинэ тайзнаас үзэгчидтэйгээ уулзана гэхээр хөтөлбөр эхлэх мөчөө тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм.


Цогц шинэчлэл хийсэн Цагийн хүрд хөтөлбөр өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ | ||
Үзсэн: 1931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.