Шууд Chart

Сүрьеэ сүжгээр эдгэхгүй

2018-11-17 11:06:23

            Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэж ярьдаг. Гэвч энэ хэлц үгнээс улбаатай буруу зуршил иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж байна. Өдөр ирэх тусам өвчлөгсдийн тоо нь нэмэгдэж буй сүрьеэ өвчний тархалтыг зогсоох, эл өвчнийг улсдаа тэглэх зорилгоор Засгийн газраас “Сүрьеэгүй Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Гэвч зарим иргэн хувь хүний ухамсар, эрүүл мэндийн боловсрол дутмагаас үүдэн өөрийн болон бусдын эрүүл мэндэд аюул учруулж байна.

            Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ. Жил бүр  сүрьеэгийн 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн эл өвчний улмаас нас бардаг. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо нэг саяд хүрч, 200 мянга орчим хүүхэд эндсэн гэх тоо баримт бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-гаас хэрэгжүүлсэн Сүрьеэгийн өвчлөлийг бууруулах идэвхтэй үйл ажиллагаануудын үр дүнд 2000-2015 оны байдлаар энэ өвчний улмаас нас барсан тохиолдол 22 хувиар буурчээ. Тиймээс сүрьеэгээр нас барах өвчтөний тоог 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар бууруулахаар зорьжээ.

             Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчнөөс сүрьеэ дунджаар 9.8 хувийг эзэлж байна. Түүнчлэн жил бүр 4000 гаруй хүн сүрьеэ туссан гэх тоо баримт бий.

              2013 онд Монгол Улс дахь бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалтыг 100 мянган хүн амд 254 гэж тооцоолсон ч 2014-2015 онд хийсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт бүх насны 100 мянган хүн ам тутамд 757 гэж гарчээ. Энэ тоо нь өмнөх тооцооллоос бараг гурав дахин их юм. Тэгэхээр гурван сая гаруй хүн амтай Монгол Улсад сүрьеэгээр өвдсөн 22 мянга буюу түүнээс олон хүн амьдарч байна гэсэн үг. 

              Халдварт өвчин бол ажиллах хүч, татвар төлөгчдийн ажлын бүтээмжийг буулгаж, улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө учруулдаг “нийгмийн өвчин”. Сүрьеэ өвчний тархалт тухайн орны ядуурал, эдийн засгийн байдалтай шууд хамааралтай гэдэг. Гэхдээ Монгол Улсад сүрьеэгийн илрүүлэг, эмчилгээ үнэ төлбөргүй.  Гэвч энэ өвчний тархалт яагаад буурахгүй, эсрэгээрээ ихсэх хандлага бий болсон бэ.

               Засгийн газраас 2013-2015 оны хооронд Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төсөл, ДЭМБ-ын хамтарсан санхүүжилтээр “Хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох” судалгааг үндэсний хэмжээнд зохион байгуулсан.  Эл судалгаанд Улаанбаатар хотын найман дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, хөдөөгийн 32 сумаас нийт 50300 гаруй хүнийг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулан, уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалтын түвшинг анх удаа тодорхойлсон. Энэ судалгааны үр дүнг харахад Монгол Улсын хүн амын дундах уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн тохиолдлоос өндөр гарсан. Мөн тус судалгаагаар сүрьеэгийн сэжигтэй буюу 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүний 50 орчим хувь нь эмнэлэгт хандаагүй, 16.6 хувь нь шууд эмийн сангаар үйлчлүүлсэн байдаг.  

                Ийн сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн үед иргэн өөрийгөө дур мэдэн оношилж, антибиотик хэрэглэх нь өвчнөө хүндрүүлэх, эмэнд тэсвэртэй сүрьеэ тусах эрсдэл үүсгэдэг. Мөн сүрьеэгийн халдвар авсан шинж тэмдэг илэрсэн ч эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдалгүй лам, бөөгөөр засал хийлгэж, өвчнөө хүндэрсэн хойно эмнэлэгт ханддаг өвчтөн байдаг аж.

                Ерөнхий сайдын  ивээл дор зохион байгуулагдсан "Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" сэдэвт Үндэсний чуулган энэ сарын эхэнд болсон. Энэ хурлын үеэр яригдсан олон тохиолдлын нэг нь “19 настай Э сүрьеэ өвчтэй гэж оношлогдоод эмчилгээнд хамрагдсан боловч дундаас нь таслан, 2-3 хоногоор PC тоглоомын газар өнжжээ. Улмаар Э-н ѳвчин хүндэрч олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр ѳвдсөн. Ийн эмчилгээгээ дуусгаж чадалгүй нас барсан” тухай.

                Энэ төрлийн өвчин туссан хүнийг сүрьеэ, эмэнд дасалтай, олон эмэнд дасалтай сүрьеэтэй гэж ангилдаг. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр ѳвдсѳн хүн ѳдѳр бүр 10-15 антибиотик хэрэглэхээс гадна тариа хийлгэдэг. Энэ нь тухайн хүнээс удаан хугацааны тэвчээр шаарддаг. Тиймээс зарим өвчтөн няцаж, шантрах эхэн үеийн эмчилгээний үр дүнд сүрьеэгийн зовиур багасах, арилах үед дараагийн эмчилгээгээ таслах тохиолдол гардаг аж.

                Түүнчлэн эмчилгээгээ тасалсан өвчтөн бусдад халдвар тараах эрсдэлтэй. Хамгийн аюултай нь  олон эмэнд дасалтай сүрьеэтэй хүнээс эрүүл хүн энгийн сүрьеэ бус олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар авдаг аж.

                Тиймээс сүрьеэ өвчнөөс сэргийлэхийн тулд сэжиглэх бус урьдчилан сэргийлэх, эрт оношилгоо илрүүлэгт хамрагдах хэрэгтэй. Сүрьеэ эдгэрдэг өвчин. Гэхдээ сүрьеэ сүжгээр эдгэхгүй, гагцхүү тууштай эмчилгээ хийлгэснээр сүрьеэ өвчнөө бүрэн эдгээж чадна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сүрьеэ сүжгээр эдгэхгүй  
Үзсэн: 2839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.94.xxx] 2018-11-20 09:37
ШШШ ШШШ ШШ ИЙМ ХООСОН ТОЛГОЙНУУД ТАРХИ УГААЖ ЧАДАХ УУ????
Зочин [103.57.94.xxx] 2018-11-20 09:34
БАТАЛГААГҮЙ, УЛСЫН ЭМИЙН БҮРТГЭЛД ОРООГҮЙ ЭМЭЭР ЭМЧ, ЭМИЙН САНЧИД БИЗНЕС ХИЙЖ, АРД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГОЛЖ ИРСЭН НЬ ХУДЛАА ЮУ???
Зочин [103.57.94.xxx] 2018-11-20 09:31
СҮЛЖЭЭНИЙ ЭМЭЭР ЧИНЬ ӨВЧИН ЭДГЭДЭГГҮЙ БОЛОХООР АРД ИРГЭД ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНД ЧИНЬ ИТГЭДЭГГҮЙ ЮМ...
Зочин [103.57.94.xxx] 2018-11-20 09:30
ГАДНЫ ШАШНУУД, ХРИСТИЙН СҮМИЙН ЗУРГАА ТАВЬ. . .
Зочин [103.57.94.xxx] 2018-11-20 09:29
ЁС СУРТАХУУНГҮЙ БАЙДАЛ МУУ БҮХНИЙ ҮНДЭС. ЗӨВ СҮЖИГ ЁС СУРТАХУУНААС ЭХТЭЙ. ЖИШИХ ЮМАА ЗӨВ ОЛ !!! ДАЛД САНААГАА ИЛ ИЛЭРХИЙЛ. МУУ НУУХААР САЙН ИЛЧИЛ. . .

Бидэнтэй нэгдээрэй