Шууд Chart

Д.Нямаа: Манай сэтгүүлийн 2018 оны шагналтан ирэх гуравдугаар сарын 21-нд тодроно

2018-12-10 14:09:23

“Улирал ба зохиолч” сэтгүүлийн 20 дахь дугаар уншигч, захиалагчиддаа очлоо. Бид тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Данзангийн Нямаатай цөөн хором ярилцлаа.

-“Улирал ба Зохиолч” сэтгүүл улирал тутамд гардаг уран зохиолын сэтгүүл гэдгийг бид мэддэг болсоор таван жил болжээ. Анхны дугаар 2014 оны хавар гарсан байдаг шүү дээ ...

-Цаг хугацаа цахилан оддог нь үнэн. Анхны дугаараа гар дээрээ тавиад догдлон зогссон тэр мөч алсран оджээ. Гол нь уншигчдынхаа боловсролыг дээшлүүлж, жинхэнэ мэргэжлийн уншигчдыг бий болгох юм шүү гэж бодож “Нобелийн шагналтнуудын өгүүллэг”булангаа Польшийн сонгодог зохиолч, 1905 оны нобелийн шагналт Хенрик Сенкевичийн “Хөгжимч Янко” өгүүллэгээр эхэлж байв. Түүнээс хойш дэлхийн сонгодогуудын олон өгүүллэгийг тавьлаа. Энэчлэн Монголын зохиолчдынхоо 20 туужийг нийтэлж, Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува, Шинжаан Уйгар, Дээд Монголын 50 орчим яруу найрагчийн шүлэг, найраглалыг Монгол уншигчиддаа хүргэжээ. Ер нь манай сэтгүүлийн нэг зорилго бол Монгол туургатан түмнээ хэл, соёл, уран зохиолоор нэгтгэх юм шүү дээ.

-Тухайлбал энэ удаагийн дугаарт ямар тууж орж байгаа вэ?

-Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Өрлөг эхийн дууль” тууж орж байгаа. Мөн содон, сонин материалуудаа хэлье. Жишээ нь Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдагаас яруу найрагч Ш.Сүрэнжав абугайд бичсэн захидал, зохиолч Л.Чойжилсүрэнгийн “Нью-Йорк 61”, “Дилав хутагт” романуудаа хэрхэн бичсэн тухай сонирхолтой хууч, 2015 оны нобелийн шагналт зохиолч эмэгтэй Светлана Алексиевичийн ярилцлага, зохиолч Г.Аюурзанын аяны богцонд дайгдаж ирсэн Казакстаны орчин цагийн яруу найргийн нэрт төлөөлөгч Бахытжан Канапьяновын шүлгүүд гээд уншууртай олон материал энэ дугаарт орсон. Мэдээж дээр нь “Яруу найраг”, “Өгүүллэг”, “Сүүтэй дөрөө”, “Сондор”, “Дэлхийн шилдэг өгүүллэг” зэрэг уламжлалт булан хуудсанд ч уншигчдын сохирхлыг татахуйц материалууд тавигдсан. Түүнчлэн уран зохиол судлаач Б.Содномын 110 жилийн ойд зориулсан “Боржигон уурхайн эрдэнэсийг нээгч балдангийн содном” судалгааны өгүүлэлийг нэрлэх учиртай.

-Дугаар болгондоо зохиолчдын мэндэлсний ойд зориулж намтар цадиг, судалгаа шинжилгээний өгүүлэл, дуртгал,дурсамж зэргийг тавьсан байдаг, энэ 2018 онд олон зохиолчийн мэндэлсний ой тохиов шүү дээ...

-Тийм. Олон зохиолчдын ой тохиосон 80, 90 насны ой элбэг байлаа. Гэхдээ бид 100 болон түүнээс дээшхи ой нь тохиосон зохиолчиддоо сэтгүүлийн хуудсаа зориуллаа. Жишээлбэл хаврын дугаартаа эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнгийн 110, зуны дугаартаа зохиолч Э.Оюуны 100, намрын дугаартаа түүхч, зохиолч Ш.Нацагдоржийн 100, өвлийн дугаарт бол дээр хэллээ, судлаач Б.Содномын 110 жилийн ойг онцлон тэмдэглэлээ. Тэгэхдээ намтар төдийг дурссангүй, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтарч эрдэм шинжилгээ, судалгааны цогц өгүүлэл тавив. Энэ нь уншигч, захиалгчдад төдийгүй уран зохиол судлаач залуучууд, багш, оюутнуудад гарын авлага болохуйц сонирхолтой материал байв.

-Таван жил гэдэг богино хугацаа ч он, оны шилдэг бичлэгийн шагналтнуудын нэрлэвэл урт нэрс гарах байх даа...

-Анхны жилээсээ эхлээд л сэтгүүлийн оны шагналтнуудаа тодруулж, батламж, 100 мянган төгрөг гардуулж ирлээ. 2014 оны шагналтнууд бол “Аргагүй амраг” тууж бичсэн С.Пүрэв, “Хилийн овооны нууц” найраглал бичсэн Т.Галсан, Нобелийн шагналт зохиолчдын цуврал ярилцлага бэлтгэж нийтлүүлсэн орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадулам нар байв. Харин 2015 оны шагналтнаар “Бэр нь хүргэнээ, хүргэн нь бэрээ зодсон нь” сонирхолтой эсээ бичсэн Л.Түдэв, 2016 оны шагналтнаар “Хөөрхийдээ, чи хэний нохой вэ?” Art house-absurd animation бичсэн Д.Урианхай, 2017 оны шагнналтнаар “Бууны сумыг буцааж болдоггүй” тууж бичсэн Б.Догмид нар тодорч байв. 2018 оны шагналтан ирэх оны гуравдугаар сарын 21-нд тодроно доо.

-МСНЭ эвлэл өчигдөр “Ган үзэг-2018”-аа зохион байгуулж, оны шилдэг сэтгүүлч, бүтээлээ тодруулсан. Шилдэг сэтгүүл номинацад танайх өрсөлдсөн байсан. Ямартай ч цахим санал асуулгаар бусад нэр дэвшсэн сэтгүүлүүдээсээ хувь илүү санал авч тэргүүлсэн байсан. Эцсийн шатанд ямар амжилт гаргав.

-Юуны өмнө цахимаар “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн төлөө саналаа өгсөн нийт уншигч, дэмжигчдэдээ баярлаж гялайснаа дуулгая. Найман сэтгүүл нэр дэвшсэнээс эцсийн шатанд “Тойм”, “Гранд” сэтгүүлтэй гурвуул үлдэж “Тойм” сэтгүүл оны шилдэг сэтгүүлээр шалгарсан. Таван жилийн зам туулсан сэтгүүлийнхээ гаргасан амжилтанд манай хамт олон баяртай байна. Сэтгүүл минь одоо хөдөөгийн бүх сумын номын санд хүрдэг боллоо. БСШУС-ын яамны дэмжлэгээр энэ жил гэхэд л 111 сумын соёлын төвийн номын санд бүтэн жилийн дугаар минь хүрлээ. Одоо тэдгээр сумд 2019 оны нэгдүгээр улиралаас эхлээд үргэлжлүүлэн захиалж, хөдөөгийн ард түмнээ уран зохиолоор үйлчлэх ариун үйлсээ дэвжэээнэ гэдэгт найдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Нямаа: Манай сэтгүүлийн 2018 оны шагналтан ирэх гуравдугаар сарын 21-нд тодроно   
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-16 11:58
Хэдэн зохиолчдын эсвэл тэнгэр болсон хүний бүтээл л гараад байдаг. Уйтгартай сэтгүүл. Залуучууд сонирхохгүй байх

Бидэнтэй нэгдээрэй