
МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн “Монголын мэдээ” мэдээллийн хөтөлбөрийн зочноор “Адис” нийгмийн хөгжлийн төвийн Гадаад харилцааны захирал Т.Мөнхгал оролцлоо. Түүнээс
болсон талаар тодрууллаа.-“Адис” нийгмийн хөгжлийн төв энэ жил Монголоос 400-450 иргэнийг АНУ-д албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжтой болсон гэсэн. Хэрхэн энэ боломж нээгдэв?
-Сүүлийн арван сарын хугацаанд бид АНУ-д очих боломжийг нээлттэй болгох талаар хичээж ажилласан. Үүний үр дүнд өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр тус оронд очиж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, албан ёсны гэрээ байгуулсан. Тухайлбал, тус орны зуучлагч хоёр байгууллагатай хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөлмөр эрхлэх, мөн хоньчдын хоёр холбоотой гэрээ хийсэн. Мөн H-2 визийн бусад ангилалд Монголын иргэд тухайн оронд албан ёсоор хөдөлмөрлөх гэрээг үзэглэх шатандаа явж байна.
Монголоос H-2A визээр АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд аль ч улиралд очоод ажиллаж болно. Харин H-2B виз дөрөвдүгээр сарын 1 болон аравдугаар сарын 1 гэсэн улирлын шинж чанартай байдаг. Тиймээс энэ ангиллын визийн ажил түр хойшлогдсон байгаа.
-Өмнө нь монголчууд АНУ-д албан ёсоор хөдөлмөр эрхлэх боломж байсан уу?
-Тэнд уулзалт хийхэд АНУ-ын хөдөө аж ахуйн чиглэлийн ажил олгогч нар өмнө нь Монголоос хонь маллах хүмүүс ирж байсан гэсэн мэдээлэл өгсөн. 10-15 жилийн өмнө зарим хүн Монголоос АНУ-д очиж, хонь маллаж байсан юм билээ.
-АНУ-д ажиллаж, амьдрахын давуу тал юу вэ?
-Хүн бүрийн хувийн шинж чанараас хамаарна. Зарим хүнд АНУ болон бусад гадны улсад байхад хэцүү санагддаг байх. АНУ-д ажиллахын давуу тал нь соёлын ялгаатай, цалин өндөр.
-Өмнө нь оюутан, сурагчид л солилцоогоор АНУ-д цөөн сар очдог гэсэн ойлголт байсан. Харин хөдөлмөр эрхлэх гэрээтэй очиж буй хүмүүс ямар хугацаанд тэнд байх эрхтэй вэ. Насны хязгаарлалт зааг бий юу?
-Насны хязгаарлалт байхгүй. Гэхдээ мэдээж ажил олгогчийн тавьсан шаардлагыг хангасан байх ёстой. Тэгэхээр 60 настай хүнийг тэнд хөдөлмөр эрхлүүлнэ гэж баттай хэлэх хэцүү. Хугацааны хувьд хамгийн ихдээ гурван жил тэнд ажиллах боломжтой. Ингэхдээ эхний ээлжид нэг жилийн гэрээ байгуулаад, гэрээний хугацаа дуусгавар болоход дахин хоёр удаа сунгах боломжтой.
-АНУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Ажлын шугамаар явж байгаа учир визийн бусад ангилал шиг санхүүгийн материалууд шаардахгүй. Гэхдээ мэдээж Монгол Улсдаа эргэж ирэх баталгаа байх ёстой. Тухайлбал, гэр бүлтэй, тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй хүн визэнд орвол нааштай хариу гарахад нөлөөлнө.
Үүнээс гадна ажлын туршлага маш чухал. Манай байгууллагын зүгээс анхан шатны англи хэлний мэдлэгтэй, үйлчилгээний болон хөдөө аж ахуйн мэдлэгтэй эсвэл энэ төрлийн мэргэжил эзэмшсэн иргэдийг зуучлах зорилго тавьж байгаа.
-Тэнд амьдрах байр, хоол болон бусад зардал, визний хураамжийг аль тал гаргадаг вэ. АНУ-д хөдөлмөр эрхлэх иргэдээс нийт хэдий хэрийн зардал гарах вэ?
-Хөдөлмөр эрхлэгчээс ямар нэгэн зардал гарахгүй. Үүнийг хуульд ч заасан байгаа. Мөн Хөдөлмөрийн яам болон бусад холбогдох байгууллагаас энэ тал дээр хяналт тавьж ажилладаг. Тиймээс ажил олгогч тал дээрх шаардлагыг хангаж чадахгүй бол ажилтан авах эрх нь хаагдана.
Монголын зуучлагч талаас ажилд орох хүсэлтэй иргэдээс ажлын туршлагыг нь харна. Биеэ авч явах байдал, тухайн оронд ажиллаж, амьдрах, тухайн компанид хэрэгцээтэй ажиллах хүч байж чадах уу гэдгийг харгалзана. Харин АНУ-ын талаас ажил олгогч байгууллагадаа ажиллах хүч авах шаардлагыг бүрэн хангасан эсэхэд 3-4 сарын хугацаатай шалгалт хийдэг.
-Танай төв өмнө нь АНУ-руу ажиллах хүч явуулж байсан туршлага бий юу?
-Манай төв өнгөрсөн жилээс энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж эхэлсэн. Өмнө нь АНУ, Канадын топ сургуулиудад оюутан, сурагчдыг зуучилж, сургаж байсан. Тухайн сурагч, оюутнуудын хүсэлт, материалыг цуглуулж бүрдүүлээд цаад тал руугаа явуулдаг байсан учир ажиллах хүч зуучлахтай төстэй төрлийн үйлчилгээ үзүүлдэг байсан гэсэн үг.
-АНУ-д гадаад иргэд хөдөлмөр эрхлэхэд хууль эрх зүйн орчин нь хэр таатай вэ?
-Эрх зүйн үүднээс БНСУ, Японтой харьцуулахад АНУ-д хөдөлмөр эрхлэх нь илүү давуу талтай. Холбоо тогтоосон АНУ-ын байгууллагуудтай ажил хэргийн уулзалт хийхэд тус улсын төрийн бодлогын хүрээнд Мексикээс ажиллах хүч татахаа багасгах чиглэл барьж байгаа нь ажиглагдсан. Тус улсын ихэнх H-2A H-2B визтэй ажиллах хүч Мексикээс ирдэг. Тиймээс өөр орноос ажиллах хүч татах боломж, бололцоог эрэлхийлж байгаа гэж харсан.
Т.Мөнхгал: Хөдөлмөрийн гэрээгээр АНУ-д өндөр цалинтай, гурван жил ажиллах боломжтой | ||
Үзсэн: 9652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.