Шууд Chart

Миний сумын хавар

2019-03-06 11:41:38

Миний сум бол говийн араншинд хөтлөгдсөн элсэн шуурга, тэмээн туйлаадастай энгийн л нэг хавартай. Урь унаж, цас ханзраад алаг тарлан болоход цагаан өвс ботиул тойрон хураагдаж, хаврын их үүц ил гарна.

Харгана бутны ёзоор, хамхуул өвсөөр бүслэгдээд хааяадаа орсон цас туулайлан нэг л алаг тарлан болчихно... Тэгснээ хэсэг шуурна. Тэнгэр, газар тэмтрэхийн аргагүй битүүрч угалз болох нь ч бий. Тэнгэрийн муухай арилдгийн үлгэрээр маргааш өглөө нь өдөржин, шөнөжин элсээр зүлгүүлсэн тэнгэр цэв цэнхэртэн дүнэрээд ажин түжин болж, хунгарласан элсэн дээр шувууны мөр бичиглээд тэр аяараа их цэвэрлэгээ хийсэн юм шиг цэмцийчихнэ.

Хаврын хаварт мал ногоолуулах их отор эхэлнэ. Ялангуяа манай Цоохор нуурынхан. Хөтөл, гашуун, буудал гээд олон цагаан гэр бөмбийн цайравч хонин гүрвэлээс өөр эзэнгүй болчихно. Үүд хаалгаа цоожилно гэж үгүй. Олс дээсээр уячихна. Миний л мэдэх Хөтөл гашууныхан жижиг отрын гэрээ ачаалаад Хүйсийн алдарт говийг туулан Хонгор толгой өнгөрөөд Ховдын Дарвийн Баянцагаан, Хөх үзүүр, Тунгалаг, Алаг дором гээд нүүцгээнэ дээ...

Хөөгдөн туугдан энд хоёр сар шахам болж наадмын өмнөхөн нутгийн зүг хүн, малын хошуу эргүүлнэ. Сургуулийн зуны амралт болоод алсын отор хүний нутагт яваа гэртээ очих унаа хомс их л ажил болдог сон. Наадмын өмнөхөн нутагт хур хөллөж, нялх ногооны анхилам үнэрээрээ угтах мөн ч сайхан сан.

Гашуунд хавраар орхисон том гэртээ ирвэл манайд хонин гүрвэл, зараа, туулай гээд олон амьтад амьдарч байна даа. Эзэн нь ирэхийн үес тэд ч дайжиж байгалийн гэр рүүгээ одоцгооно. Том гэрийнхээ элс, хогийг цэмцийлгээд орохоор мөн ч сайхан шүү...

Хэдэн сар жижиг гэрт багтаж цөхөн явсан болохоор хөл, гар тэнийлгээд сонин, сэтгүүл эргүүлээд нэг их соёлжино доо.

Миний нутгийн хавар харлаг сайран дээр адууны мөрөнд ногтруу өндөглөнө. Өнгөрсөн жилийн хамхуулийн үр түүж идэн бондойтол таргалсан ногтрууны баасыг хавар хонь мал түүж иднэ. Ногтруу үнэндээ малд багсармал тэжээл үйлдвэрлэж өгдөг ачтай шувуу...

Хар элэгтэй хул шувуу сүрэглээд байвал өн болно гэж нутгийхан ярьдаг сан. Хаврын хаварт миний сумынхан малчид нь нүүдлийн замыг сонгоно. Элснийхэн бол бөөрөг толгодоо дамжсаар урт хаврыг үднэ.

Сургуулийн хүүхдүүд элснийхээ хормойд очин хичээл давтах нэрээр зугаална. Би наймдугаар анги төгсөхдөө сумын хойд элсний хаяанд хүрээд хэдүүлээ жаахан барилдсанаа билетийн дугаараа элсэнд булж сугалаад л тэр дугаарыг унших маягтай байдаг сан...

Хавар гэж их уярал хайр, сэтгэл догдлолын улирал юм даа... Олон залуус ийм л нэг говь нутгийнхаа хавраар сэтгэлийн моринд дөрөөлж, хайр дурлалаа цэцэглүүлж, хань ижлээ олж байсан биз ээ...

Элсээр шуурна. Тэнгэр бүүдийнэ. Тэрлэг хүндэднэ... Жаргалант хайрханы оройд үүл сууна.


Миний сумын хавар   
Үзсэн: 3640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-07 09:33
Уншаад үнэхээр сайхан боллоо. Цаг зав гарган оруулсанд баярлалаа.
хүүхнээ [127.0.0.xxx] 2019-03-06 16:57
зурагтай хөрөгтэй сэтгэлд дотно өгүүлэмжтэй сайхан нийтлэл байна

Бидэнтэй нэгдээрэй