
Швейцарийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн (парламентын Дээд танхим) Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нар бараалхлаа. Эдгээр уулзалтуудаар хоёр тал хамтын ажиллагаагаа парламент хооронд төдийгүй худалдаа, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, үзэсгэлэнт байгальтай, түүнийгээ хайрлан дээдэлдэг өв уламжлалтай орнуудын хувьд аялал жуулчлалыг харилцан хөгжүүлэх, соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгөх, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд харилцан бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид ч хадгалах, шинэ чиглэлээр баяжуулах зэрэг нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтуудаар Монгол Улсын Засгийн газраас баталсан Оффшор бүсийн жагсаалтад Швейцарийг оруулсан тухай асуудал хөндөгдсөн юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар асуудлыг зохистой шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдээллээ.
Энэ өдөр Швейцарийн Холбооны Улсын парламентын удирдах албан тушаалтан, ажилтнууд тус улсын сонгуулийн зарчим, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүтэц, үйл ажиллагааны онцлог, парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг арга барил, хуралдааны дэг зэрэг асуудлаар Улсын Их Хурлын дарга тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдөд танилцуулга хийж, сонирхсон асуултад нь хариулсан байна.
Ийнхүү Монгол Улсын Их Хурлын даргын Швейцарийн Холбооны Улсад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө.
УИХ-ын даргын Швейцарийн Холбооны Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө | ||
Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.