
МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Зочны цаг” хөтөлбөрт Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа оролцлоо.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улс, ОХУ хоорондын олон жилийн түүхэн харилцаанд Эрхүү хотын гүйцэтгэсэн үүргийн талаар дурдаач?
-Баярлалаа. Нэгдүгээрт, Эрхүү хот бол ОХУ-аас Монгол Улсад хамгийн ойрхон Сибирийн хот. Хоёрдугаарт, ОХУ, Монгол Улстай холбогдож буй төмөр зам, автозамын сүлжээний дагуу байдаг. Гуравдугаарт, Эрхүү хотын боловсролын байгууллагууд Монгол Улсын дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ онцлогоороо хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн хот, муж юм. Эрхүү хот байгуулагдаад 358 жил болж байна. Манай Да Хүрээ хоттой цаг хугацааны хувьд ойролцоо байгуулагдсан. 1920-иод оноос өмнө ямар нэг хэмжээгээр харилцаа холбоотой байсан нь ойлгомжтой. Тэрнээс хойш манай хоёр орны улс төр, нийгмийн харилцаа туйлын идэвхтэй явж эхэлсэн. Яагаад гэвэл тухайн оны 7-8 дугаар сард ардын хувьсгалын удирдагчид Эрхүүд цуглаж, хойд хөршийн Засгийн газрын төлөөлөгчтэй уулзалт хийсний ард нэг хэсэг нь тусламж хүсэхээр Москва руу явсан. Харин нөгөө хэсэг нь Эрхүүд үлдэж, үлдсэн нь Да Хүрээ рүү буцсан байдаг юм. Тэр үеийн зохион байгуулалт их мундаг байжээ. Эрхүүд байсан манай төлөөлөгч нар Москва руу холбоо барьж, авсан мэдээллээ Да Хүрээ рүү өгдөг. Да Хүрээгээс Эрхүүд ирсэн мэдээллээ Москва руу дамжуулдаг нарийн зохион байгуулалттай байсан байгаа юм. Тэр цаг үеэс эхлэн Монгол Улс, Эрхүү мужийн харилцаа идэвхжиж, олон жилийн түүхэн уламжлал үргэлжилсэн. Энэ харилцаа одоо ч хадгалагдаад явж байна.
-Монгол Улсаас Эрхүү хотод нийтдээ хэчнээн оюутан суралцсан байдаг вэ?
-Түүхэн талаас нь авч үзвэл анх 1926 оноос Монгол оюутнууд Эрхүү хотод сурч эхэлсэн байдаг. Тухайн жил долоон оюутан Эрхүүгийн их сургуульд орос хэл судлахаар очсоноор оюутан сургах эхлэл тавигдаж байсан. Эдгээр оюутны араас маш олон тооны оюутан очиж сурсан. Жишээлбэл, 1934-1938 онд монгол оюутан анх удаа хойд хөршийн их сургуульд буюу Сибирийн СЭЗИС-д элсэж суралцсан. Тухайн суралцагч бол Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал гуай юм. Үүнээс хойш Эрхүүгийн их, дээд сургуулиуд Монголын маш олон тооны мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэсэн. Тодруулбал, эдийн засагч, банк санхүүгийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, хуульч, геологич, сэтгүүлч, төрөл бүрийн мэргэжлийн багш нар, эмч болон хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүд Эрхүүд бэлтгэгдэж байсан. Үүнээс голлох нэг хэсэг бол яахын аргагүй төрөл бүрийн мэргэжлийн инженер, техникийн боловсон хүчин. Тэд Эрхүүгийн их сургууль, Техникийн их сургууль, Байгалийн ухааны их сургууль, Анагаах ухааны их сургууль, Хөдөө, аж ахуйн их сургуульд сурч боловсорсон. Мөн 1986 оноос Эрхүүгийн зам харилцааны их сургуульд манай төмөр замын чиглэлийн боловсон хүчнүүд сурч бэлтгэгдсэн. Монгол Улс оюутнуудаа 1960-аад оны эхэн үеэс тухайн үеийн ЗХУ-д олон тоогоор сургасан. Ингэхдээ Орос хэлний бэлтгэл байх шаардлагатай гэж үзээд нэг жилийн хэлний бэлтгэлийг Эрхүүгийн их сургуулийн дэргэд 1966 онд байгуулж байсан. Энэ бэлтгэлээр дамжиж ОХУ-ын Эрхүү болон бусад хотын их дээд сургуулиудад суралцсан оюутны тоог нийтэд нь гаргавал 6000 мянга гаруй болж байна. Цаашлаад Эрхүүд сурсан Монгол хүний тоог нийт дүнгээр нь гаргавал 11 мянга хүн сурсан тоо баримт бий.
Монгол, ОХУ-ын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчиж байгаа. Жилд хэчнээн тооны иргэд харилцан зорчиж байгаа вэ. Мөн танай Консулын газраас өөрийн орны иргэддээ ямар байдлаар туслалцаа үзүүлж, хамтарч ажилладаг вэ?
-ОХУ болон Монгол Улсын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчдог гэрээ хэлэлцээр мөрдөгдөөд 4-5 жил болж байна. Үүнд, энгийн гадаад паспорттай, албан гадаад паспорттай, дипломат гадаад паспорттай иргэд аль нь ч ялгаагүй 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Эрхүүгийн хэмжээнд авч үзвэл жилдээ 13-14 мянган Монгол зорчигч очдог. Үүнээс таван мянга орчим нь аялах зорилгоор очиж байна. Бусад зорчигчдын хувьд дайран өнгөрөх, төр захиргааны ажил, бизнес, хувийн ажлаар урт, богино хугацаагаар очоод буцдаг.
Манай иргэд хойд хөршид зорчих хугацаандаа сахилга бат сайтай байдаг. Заримдаа хувь хүний болгоомжгүй байдал, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн өөрийн бичиг баримт, паспортаа гээж үрэгдүүлэх, Монгол Улсын хилээр буцаж орохын өмнө энэ асуудлаараа Ерөнхий консулын газарт ханддаг тал бий. Ингэхдээ ОХУ-ын хууль хяналтын байгууллагуудтай холбогдоод бичиг баримтыг минь богино хугацаанд олоод өгөөч, хурдан хугацаанд хэвлээд өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Мөн Эрхүүд сурч буй оюутан, сурагчид визийн хугацаагаа хэтрүүлэх тохиолдол бий. ОХУ гадны иргэд визийн хугацаагаа хэтрүүлэхэд маш хатуу ханддаг. Заавал шүүх хурлаар хэлэлцэж, торгууль ногдуулдаг. Энэ төрлийн асуудалтай тулгарсан иргэддээ манай Ерөнхий консулын газар байнга тусалдаг. Манайхаас дээрх асуудал тулгарсан иргэдэд заавар зөвлөгөө өгөх, бичиг баримтаа олоход нь туслах, дэмжлэг үзүүлэх зэрэг ажил үүрэг гүйцэтгэдэг.
-Та Ерөнхий консулоор томилогдоод гурван жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монгол Улсын болон Эрхүү мужийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр ямар ажлыг амжуулав?
-Би энэ албан тушаалд томилогдоод ямар асуудалд онцгой анхаарал тавьсан бэ гэхээр Эрхүү мужийн удирдлага буюу амбан захирагч, Амбан захирагчийн газар, Эрхүү мужийн хууль тогтоох хурлын байгууллага, Эрхүү хотын даргын ажлын алба, Эрхүү хотын Дум болон манай консулын газартай байнга харилцан холбоотой ажилладаг бусад албан тушаалтнуудтай ойр дотно харилцаа тогтоож, зөв ойлголцохыг эрмэлзсэн. Дээр дурдсан албан тушаалтнуудтай бүрэн хэмжээний харилцаа холбоо тогтоож, харилцан ойлголцсон. Тиймээс манай Ерөнхий консулын газар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ямар нэг саад бэрхшээл байхгүй гэхэд болно.
Сүүлийн үед манай улсын баримталж буй гадаад бодлогын нэг гол онцлог нь эдийн засгийн харилцаа. Бид энэ бодлогод онцгой анхаарал тавьж байгаа. Эрхүү муж манай хоёр улсын хооронд гадаад худалдааны гол гүүр болж байсан газар. Бид бүхэн хамгийн гол нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийг байгуулж ажиллуулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Албан ёсоор бүртгүүлээд түрүүчээсээ үйл ажиллагаагаа эхлээд явж буй аж ахуй нэгжүүд бий. Тиймээс тодорхой үр дүн гарна гэж найдаж байна.
-Улаанбаатар, Эрхүү хот хоорондоо ямар харилцаа, хамтын ажиллагаатай байдаг вэ. Мөн Эрхүү хотоос судлах туршлага гэвэл та юуг нэрлэх вэ?
-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон ОХУ-ын Эрхүү хотын удирдлага 1998 оны аравдугаар сарын 30-нд “Хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ”-нд албан ёсоор гарын үсэг зурсан. Түүнээс хойш нэлээд цаг хугацаа өнгөрсөн учир цаг үеийн шаардлагаар дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд өнгөрсөн жил Улаанбаатар хотын Засаг даргын урилгаар Эрхүү хотын дарга Монгол Улсад айлчилж, дээрх гэрээний нэмэлт хавсралтад гарын үсэг зурсан. Манай хоёр хотын хувьд мэдээж харилцан суралцах зүйл их бий. Эрхүү хотынхны хувьд Монгол Улсаас, монголчуудын зах зээлийн нийгэмд хурдан хугацаанд шилжсэн шилжилт, Ардчиллыг ул суурьтай, гүнзгий нэвтрүүлэхийн төлөө хийсэн ажлууд, зүтгэлийг судлах хэрэгтэй юм байна гэдэг.
Бидний хувьд ч Эрхүүгээс суралцах зүйл их бий. Миний бодлоор нэн тэргүүнд Улаанбаатар хот Эрхүүгийн хот төлөвлөлтийн бодлогыг судлаасай гэж боддог. Эрхүүгийн удирдлагууд хот төлөвлөлтийн асуудалд маш хатуу, нарийн ханддаг. Тухайлбал, Эрхүүд хотын төв хэсгээрээ хуучны байшин барилга олон бий. Гэлээ ч тэр бүсийнхээ хоосон зай талбайд буюу байшин барилга, гудамжны завсарт шинээр барилга бариулдаггүй. Харин захын хэсгээрээ шинэ хороолол, байшин барилга барих зөвшөөрөл олгодог. Яагаад гэвэл хот төлөвлөлтөө маш хатуу барьж байна. Хоёрдугаарт, манайд автозамын түгжрэл гэсэн тулгамдсан асуудал бий. Эрхүүгийн удирдлага энэ асуудлыг ерөнхийд нь шийдсэн гэхэд болно. Энэ талын туршлагыг судалж, хэрэгжүүлээсэй. Бид энэ төрлийн судалгаа материалыг боловсруулаад өөрийн орны холбогдох байгууллагуудад санал хүргүүлсэн. Үүнээс санаа оноо аваад түрүүчээсээ хэрэгжүүлэх тал дээр ажил хэрэг болоод явж байгаа. Гуравдугаарт, Улаанбаатар хотод нэн тулгамдаж буй асуудал бол агаарын бохирдол, утаа.
. Гэхдээ Эрхүү хотод нэг давуу тал бий. Хойд хөрш хий ашигладаг. Хий хямд үнэтэй, орд нь ойрхноос гадна техник технологийн нөхцөл бололцоо сайтай. Тиймээс хийн хэрэглээ, хямд үнэтэй цахилгаанаар утааны асуудлаа шийдэж чадсан. Тэгэхээр түүхий нүүрс хэрэглэхгүй байна гэдэг их чухал. Манай улсад ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн иргэдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан. Ингэснээр агаарын бохирдлын тал дээр тодорхой үр дүнд хүрнэ гэж бодож байна. Энэ мэт хоёр хот харилцан суралцаад авч хэрэгжүүлэх, туршлага солилцоод үр дүнд хүрэх олон ажил бий.-Хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгөөч?
-Манай хоёр орны улс төрийн харилцаанд суурилаад худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын харилцаа их өргөн хүрээтэй үргэлжилж байгаа. Жишээ татахад, Эрхүүд эрдэм шинжилгээний 24 хүрээлэн бий. Үүнээс ихэнх нь Монгол Улсад өөрсдийн чиглэлийн дагуу судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Тухайлбал, Эрхүүгийн геологийн хүрээлэн манай орны геологийн судалгааг бүрэн хийж байсан. Мөн Эрхүүгийн их сургууль манай улсын МУИС, МУБИС-тай харилцаа холбоотой ажилладаг. Түүнчлэн манай Эрүүл мэндийн яам, Эрхүүгийн анагаах ухааны их сургууль хоорондын хамтын ажиллагаагаа үргэлжилж, өргөжиж байгаа. Эдгээр олон чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, аль чиглэлийн ажлыг Монгол Улсад нутагшуулах вэ гэдэг дээр л бид санал, онолоо гаргаад хамтран ажиллавал үр дүнд хүрэх боломж бий. Монгол Улс хоёр хөрштэйгөө тэргүүн эгнээнд харилцдаг. Эрхүүд ажиллаж байгаа туршлагаас харахад зарим салбарт харилцаагаа улам гүнзгийрүүлэх ёстой юм шиг санагддаг. Мөн улс төр, худалдаа, эдийн засгаас гадна өөр бусад чиглэлийн салбарт маш нарийн тулж ажиллах шаардлага бий. Үүний төлөө л бид бүхэн ажиллаж, Монгол Улсынхаа иргэд, хөгжил дэвшилд тус нэмэр болохоор зүтгэж байна.
Л.Амарсанаа: Хойд хөршийн их сургуулийн анхны Монгол элсэгч нь Ю.Цэдэнбал гуай | ||
Үзсэн: 2333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.