Шууд Chart

Нар тоссон Дорнод нутаг /фото/

2019-09-03 12:50:49

Нар дэргэдээс мандаж, шувуу хажуунаас үргэн, адуун сүргийн төвөргөөн дэргэд мэт сонсогдох энэ уудам цэлгэр нутаг өнгөрсөн түүхийг чихэнд “шивнэх” шиг аядуухан салхиар биднийг угтав.

Хацар, нүүрийг илбэн байгаа намрын хонгор салхин дунд түмэн бодолд дарагдан зогсохдоо энэ сайхан нутгийг монголчууд бид хайрлахгүй, харамлахгүй байхын аргагүй гэдгийг улам ихээр ойлгосон юм. 

Нэгэн цагт дарийн утаанд дарагдан, эдүгээ ч “шарх” нь аниагүй хэвээр үзэгдэх алтан нутгийн эд, эс бүхэн нь бидэнд эх оронч байхыг сануулаад буй мэт санагдсан. Эх орноо хамгаалан зогссон олон монгол эрсийн уухайн түрлэг энэ л нутагт цуурайтаж, дайсныг нутаг руугаа нэг ч алхам ойртуулахгүйн тулд халуун амиа үл хайрлан тэмцсэн гэж бодохоор харийн шувуудаас хүртэл харамламаар тийм л сайхан нутагт аяны дөрөө мултлаад мордсон нь миний хувьд тун их аз завшаан байлаа.   

Тэгш тал газар зонхилох Дорнод аймагт Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) оршино. Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ. Энд Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж, Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур долгиотон мяралзана. Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут гээд рашаан олонтой. Байгалийн урлангаар бүтсэн олон “дурсгал”-ыг энэ нутгаас харж болох юм билээ.

Аялал жуулчлалыг хөгжлийнхөө нэг чиглэл болгосон Дорнод аймгийн ЗДТГ-аас “Нар тоссон Дорнод нутаг” фото сэтгүүл хэвлүүлж, түүнд нутгийнхаа уудам тал, долгиотон мяралзах гол, нуур, хаяа нь үл үзэгдэх цэнхэр тэнгэр хийгээд дайны жилүүдэд үүссэн гүвээ, толгодын “шарх”, хүн зоны амьдралыг гайхалтай сайхан тайлбартайгаар өгүүлжээ. Уншигч танаа “Нар тоссон Дорнод нутаг” альбомоос түүвэрлэн толилуулж байна. 

Үлгэр, домогт гардаг баатруудын дуулга адил

Үүл нөмөрсөн толгод Дорнын талд олон бий.

Вангийн цагаан уул. Халх гол сум

Халх голын бургас

Нарст манхан. Халх гол сум

Халхын гол, Хайлааст манхан... Нэр нь хүртэл домог шиг сонсогдоно. Эрт цагт энд юу болж байсныг түүх хэлнэ.

Дорнод Монголын их амар амгалан. Халхын гол

Харийн дайсны суманд буцалж байсан

Халхын голын толгодын шарх нь өнөө ч арилаагүй.

Япон цэргийн дуулга

Мэнэнгийн тал. Матад, Халхын голын зааг нутаг

Эх орны зүүн өмнөд хязгаар Соёлзын уул

Энд "Монголын нар" эхэлж тусдаг, алтаар буддаг.

Шаргал талын өвс халиурах нь сайхан

Шанхны үзүүрт салхи сэвэлзэх нь сайхан

Буйрын цэнхэр долгио

Буурал түүхийг өгүүлэх шиг. Халх гол сум

Алд биеийг сульдаасан аясын хонгор салхи

Агт морьдыг улдаасан арвин шаргал хөндий

Зээрийн сүрэг мянга мянгаараа хонгортон давхихад

Зэрэглээт тал минь нэлдээ хөдөлж байна уу гэмээр. Тамсагийн хоолой. Матад сум

"Хэрлэн бар"-ын нутаг хэдэн үеийн домогтой

Хээр хөдөөг чимсэн өндөр их балгадтай. "Хэрлэн бар" хотын туурь. Цагаан-Овоо сум.

Хүн чулуу. Хөлөнбуйр сум

Чингисийн морины уяа, Чингисийн ор хэмээх хад чулуу энд л байна. Өлзийт уул. Хөлөнбуйр сум

Аугаа орны минь алтан сэжүүр

Алганы хээ шиг сэтгэлд тодхон

Амин газар- Тамсагийн цэнхэр хязгаар

Нүүдэл, суудал...

Оногийн хясаанд. Баян-Уул сум

Чух нуур. Дашбалбар сум

Гурван улсын хилийн уулзварт. Чулуун хороот сум

2015 он

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Нар тоссон Дорнод нутаг /фото/   
Үзсэн: 3936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй