Шууд Chart

Нийгэм, эдийн засгийн оны онцлох 10 үйл явдал

2019-12-24 11:50:13

Тун удахгүй 2020 он гарах гэж байгаа энэ үед салбар бүр өөр өөрсдийн амжилт ололт, алдаа дутагдлаа дүгнэдэг. Манай сайт өнгөрч буй 2019 онд Монголын нийгэм, эдийн түүхэнд өрнөсөн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна. 

  1. Төмөр замын бүтээн байгуулалт

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын дагуу баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд болсон. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нийт урт 414.6 км. Энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны, дөрвөлжин болон дугуй хоолой, гүүрний бүтээн байгуулалт хийгдэж байна.

Түүнчлэн төмөр зам барьж байгуулах ажилд нийт 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллаж байгаа. Шууд байдлаар 3700 орчим хүн ажил орлоготой болсон бөгөөд шууд бусаар буюу материал, техник, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болж байна.

Үүнээс гадна дээрх бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 7781 ангийн бие бүрэлдэхүүн цалинтай хийж гүйцэтгэж байгаа юм.

  1. Халхголын байлдааны 80 жилийн ойн баяр

Монгол Улс Халхголын байлдааны 80 жилийн ойн баярыг ОХУ-тай хамтран наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхэнд тэмдэглэлээ. Энэ хүрээнд Улаанбаатар хот болон Дорнод аймагт олон арга хэмжээ зохион байгуулагдсан. Тухайлбал, ОХУ-ын талаас найман сая еврогийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил хэрэгжсэн. Түүнчлэн дээрх ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад дөрөв дэх удаагийн айлчлалаа хийсэн. Мөн баярын өдөр ОХУ-ын уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” нисэх багийнхны үзүүлэх тоглолт болсон билээ.

  1. "Эрдэнэт үйлдвэр"-т онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд болж, УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон.

Мөн УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы есдүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэж, онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргасан юм.

  1. Налайхын зам

 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн замын хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн сарын 4-нд боллоо.

Тус зам бетонон тусгаарлах зурвастай, сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ, хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай, хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой, буцаж эргэх таван хэсэгтэй. Мөн явган хүний таван гарц, гэрэлтүүлэгтэй юм.

  1. Шинэ гүүр

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнгөрсөн есдүгээр сарын 16-нд нээсэн. Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20 дугаар товчоо корпорац”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан юм. Уг төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилчид ажиллаж, ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгсөн.

Түүнчлэн нээлтийн ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Энэ гүүрэн гарц нээгдсэнээр Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой” хэмээсэн билээ.

  1. Сайжруулсан түлш

Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар үзэн 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргасан билээ. Ийн түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр энэ оны тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Ийн нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс илчлэгийн хувьд хоёр дахин илүү, шатах хугацаа хоёр дахин урт болох нь туршилтаар батлагдсан юм.

  1. Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрийг арилгалаа

Барилга, хот байгуулалтын яамнаас Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлсний үр дүнд лагаас ялгарах өмхий үнэрийг бүрэн дарж чадсан. Тодруулбал, олон жилийн туршид хуримтлагдсан хур лаг, өдөр тутамд гарч буй шингэн лаг, байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь лагаас өмхий үнэр ялгарч, тархдаг байсныг “Лаг боловсруулж бордоо болгох” төсөл хэрэгжүүлснээр шийдэж чадсан юм. Энэ төслийн хүрээнд хуримтлагдсан 250,000 м3 хур лаг болон байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь 600,000 м3 лагийг Япон улсын технологи болон Монгол эрдэмтдийн туршлагаар үнэргүйжүүлж, бордоо, хар шороон хөрс болгон боловсруулж дууссан байна. Мөн лаг боловсруулан гаргаж авсан бордоо, хар шороон хөрсийг цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламж, уул уурхайн нөхөн сэргээлтийн хэрэгцээнд ашиглах нөхцөл бүрдсэн юм. Үүнээс гадна Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутамд очдог 1,200м3 түүхий лагийг ил задгай аргаар хатаадаг байсныг бүрэн зогсоож, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулсан. Ингэснээр өглөө оройдоо түүхий лагийг шахах үед гардаг байсан үнэр мөн адил бүрэн арилсан.

  1. Саарал жагсаалт

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-ын өнгөрсөн аравдугаар сарын 18-нд өндөрлөсөн ээлжит хурлаараа Монгол, Исланд, Зимбабве гэсэн гурван улсыг Саарал жагсаалтад оруулсан. Түүнчлэн, Монгол Улсад өмнө тавьсан дөрвөн шаардлагыг биелүүлэх үүрэг өгсөн.

Үүнд, 1.З-р зорилт:  Шууд хэрэгжүүлэх байгууллага – Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам /Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/,  ХЗДХ-ийн яам /Монголын Нотариачдын танхим, Монголын хуульчдын холбоо/

“Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх”

2.7-р заалт: Шууд хэрэгжүүлэх байгууллага - Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/ “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл оногдуулах”

3.8-р заалт: Шууд хэрэгжүүлэх байгууллага – Сангийн яам, Гаалийн ерөнхий газар “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”

4.11-р заалт: Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар  “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх”.

Эргэн сануулахад, Монгол Улс анх 2013 онд ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д бичигдэж байсан. Тухайн үед Монгол Улс өндөр эрсдэлтэй, хууль эрх зүйн орчин хангалтгүй байсан тул уг жагсаалтад орсон. Харин Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуультай болж, тодорхой хүчин чармайлтууд гаргаснаар 2014 онд жагсаалтаас гарсан.

  1. “Монголын хаан ширхэгт” ноолуур

“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум өнгөрсөн аравдугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо болсон. Ийн “Монголын хаан ширхэгт” ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, улмаар олон улсын зах зээлийн түвшинд бренд болгох үйл ажиллагааны эхлэл тавигдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тулгуур зорилтын нэг бол “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д тусгагдсан аж үйлдвэрийг дэвшилтэт техник, технологи, инновацид суурилан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Монгол экспорт” хөтөлбөр зэрэг нэн чухал бодлогын баримт бичгүүдийг боловсруулан, хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын боловсруулалтын төвшинг ахиулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд зориулан хөрөнгө оруулалтыг дэмжих, шаардлагатай дэвшилтэт техник, технологийг нутагшуулах, монгол ноолуурын өнгө, давуу чанарт тулгуурлан бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, “Монголын хаан ширхэгт” тохирлын баталгаатай бүтээгдэхүүнийг хөгжүүлж, олон улсын төвшинд байр сууриа бэхжүүлэх, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд халгүй, чанар аюулгүйн стандартын шаардлага хангасан ээлтэй бүтээгдэхүүн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа.

“Ноолуур” хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр Хөгжлийн банктай хамтран ажиллаж, тус банкны эх үүсвэрээс 2018 онд 188.2 тэрбум төгрөг, 2019 онд нийт 82.9 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд олгосон. Хөнгөлөлттэй зээлд 2018 онд хамрагдсан үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2017 онтой харьцуулахад самнах үйлдвэрлэл 33.8, ээрэх үйлдвэрлэл 28.6, сүлжих үйлдвэрлэл 42.7 хувиар өсөж, нийтд 1570 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн юм. Ноолуурын салбарын нийт экспорт 2018 онд 390.2 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад 21.2 хувиар өссөн. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 370 орчим сая ам.долларын экспорт хийжээ.

Үүнээс гадна “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын үр дүнгийн нэг нь “Монголын хаан ширхэгт” ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийн хөтөлбөр юм. Дээр дурьдсан ноолуурын олон улсын форумын үеэр “Говь”, “Эвсэг”, “Ханбогд” компанид “Монголын хаан ширхэгт” тохирлын гэрчилгээг гардуулан өгсөн. Энэ тохирлын тэмдэг нь 100 хувь монгол ноолуураар үйлдвэрлэгдсэн, байгальд ээлтэй, тогвортой ноос ноолуурын үйлдвэрлэлийг гэрчилнэ.

  1. 800 Орчим хятад иргэдийг саатуулан, нутаг буцаав

Тагнуулын ерөнхий газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн Мөнгө угаахтай тэмцэх болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран өнгөрсөн аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасан.

Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураасан эд зүйлээс харахад, БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валют хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж, тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэж олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдож байна хэмээн хууль хяналтын байгууллагаас мэдээлсэн. Тэднийг улсын хилээр гарган өмнөд хөршийн хууль сахиулах байгууллагынханд албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нийгэм, эдийн засгийн оны онцлох 10 үйл явдал  
Үзсэн: 1549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй