Шууд Chart

Төрийн хэргэм ...

2020-01-20 10:59:10

Энэ сард болсон “Гүн галуутайн Болор цом” наадмын “Уран үгсийн чуулган”-ы үеэр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид өөрийн болоод Ж.Лхагва найзынхаа паянг дурсан ярьснаар танхим дүүрэн үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн билээ. Түүний дотны анд нэрт зохиолч Ж.Лхагва агсан хөөртэй хөгжилтэй нэгэн байсан гэдэг.

Цагаан морин жилийн үймээний дараа ачлагынхаа хэдэн тэмээг алдчихаад айл, саахалтынхнаасаа сураглан эрэлд хатан мунгинаж явсан зөнөг өвгөн үзмэрч хэмээн алдаршиж, айлын хотонд хонины өрцөнд гараа шургуулан голыг нь гогдож суусан асман хар хүн хуврагын жавдан, хутагтын сэнтийд заларч, охид оосорлож, хүүхнүүд хүчинддэг мунаг эр оточ бариачаар тодорч муу зүгийн амьтад бурхны гүнгэрваанд залагдав. Гэтэл сонгогдох нь байтугай сонгууль өгөх эрхгүй шахам явсан миний бие гэнэт их хурлын депутатад нэр дэвшигдэх нь тэр. Олны итгэлийг огоорч болохгүй. Би төрийн депутат сонгогдлоо гэхэд хэнээс ч хүзүү дутах юм бэ, хэлэх үг хийх ажил байлгүй яахав. Хүнд гайхуулах нэг их эрдэм авьяасгүй юм аа гэхэд хар бор ухаан, хал зовлон үзсэн дөчин хэдэн нас минь хаачих вэ. Би чинь амаржих газар төрж, цэцэрлэгээр бүүвэйлүүлж, сургуулийн ширээнээс албан хаагчийн зөөлөн суудалд заларсан цагаан гартай сэхээтэн биш, хорвоогийн халуун хүйтнийг бээлийгүй гараар барьж зовж жаргаж үзсэн эр хүн. Өөрт заяасан өчүүхэн авьяасыг өдий насандаа хэнээс харамлаж явах юм бэ гэж бодогдоно. Депутат … Хэрвээ би депутат болбол Монгол Улсыг өөд татаж нэг их гийгүүлдэггүй юм аа гэхэд төрж өссөн нутаг ус, говийнхондоо өгөөж наалдацтай ямар нэгэн жинтэй юм хийж л таарна. Тэр тусмаа жилээс жилд өм цөм хорогдсоор байгаа тэмээг хамгаалах хууль батлуулна гэж бодож суутал манай сонины ерөнхий эрхлэгч Түдэв дуудав.

Тэр миний гарыг талархан атгаж:

- Депутатаар нэр дэвшигдсэнд баяр хүргэе! Чи өөрийнхөө итгэмжлэгдсэн ухуулагчаар сониноосоо нэг хүн ав. Тэгээд маргааш Дорноговь руугаа явж дээ. Хэнийг авах вэ гэдэг юм байна. Би олон юм бодсон ч үгүй

- Намайг өсөхөөс аваад өтлөхийг хүртэл үерхсэнээр нь Лхагвааг л дагуулаад явъя гэвэл над руу хараад манай сонинд ганцхан Лхагва байдгийг мэдсээр байж:

- Ямар Лхагва гэж асуулаа.

- Яагаав, зохиолч Лхагва. Жагдалын Лхагва гэвэл эрхлэгч нүдэндээ үл мэдэг уйтгартай мөртлөө тохуутай инээмсэглэл гэрэлтүүлэв.

- Та хоёр хамт яваад бүтэх юм биз дээ. Бие биенээ уруу татаж гашуун ус гудраад гэж өгүүлэх зуураа миний томилолтод гарын үсэг зурлаа.

- За за өөрсдөө мэдтүгэй, би юу гэхэв хэмээн дурамжхан өгүүлэх дууных нь өнгөнд, “Та хоёрыг хамт явуулчихаад би юу бодож суух вэ” гэсэн итгэлгүй аяс тод сонсогдов.

Хотоос хөдөлсөн галт тэрэг Хонхорын өртөө өнгөрөөд явдал нь шуударч зам төмөр түс түс мөргөн хойш урагш дугтчин байсан олон дугуйнууд нь үерийн их усан адил шуугин хурдаллаа. Хүмүүс дээл хувцсаа тайлан суудалдаа тухлахын алдад бид хоёр замынхаа хүнсийг гаргаж лонхны бөглөө мултлав. Хангайн цэнхэр уулс бух тэрэг амдаж хошууран цувна. Шил архи дундаа орохын алдад Лхагвагийн маань шар хагас дутуу тайлагдаж буй бололтой магнай дээгүүр нь хүйтэн хөлс чийхран гялалзана. Тэр тохуутай харцаар инээмсэглэж:

- Чи депутат болох гэж байгаа хүн архи ууж болохгүй ээ. Тамхиа ч гэсэн цөөлөх хэрэгтэй гэж сургамжлан хэлснээ өмнөө тавьсан аягатай архийг авч нэгэн амиар хөнтөрлөө. Тэгснээ нойтон хөлчүү нүдээр над руу ширтэж:

- Би намд элсэх гэж хэдэн жил хүзүүнээсээ зангиа салгалгүй хотын намын хорооны үүд сахиад чадаагүй юм. Гэтэл чи депутат … юу л бол … гэснээ Алив ”Хөх торгон дээл”-ээ нэг дуулаатах гэх нь тэр. Би ийш тийш сэрвэлзэн хараад хүмүүсээс зовохдоо:

- Яах юм бэ. Ямар чам шиг архи дарс ууж халсан биш, хоолой гарахгүй гэж цааргалбал Лхагва:

- Чи тэгвэл архи уу. Сонгогчидтой хийх уулзалт дээр дуулсан ч буруутахгүй. Чи зүгээр нэг хоцрогдсон дарга биш. Нэртэй, зүстэй том уран бүтээлч. Ялих шалихгүй юманд нэг их биеэ бариад байх нь хэрэггүй. Жаахан чөлөөтэй явна шүү хө. Ер нь хоёулаа ингэж цаг алдаж суугаад яахав. Энэ вагонуудад дандаа Дорноговийнхон яваа биз. Хоёулаа одоо сонгогчидынхоо уулзалтыг энэ галт тэрэгнээс эхэлдэг хэрэг. Алив ганц хоёр лонх юм аваад халаасандаа шургуулчих хэмээн согтуурав. Лхагваагийн нүүр лүү харвал тоглож шоглосон янз ер алга. Чин үнэнээсээ хэлж буй ёр тэр бололтой. Миний уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг …

- За Лхагваа минь намайг ингэж түмний шившиг болгож цусгүй алахын оронд зүгээр хутга шаагаад алчих гэвэл тэр сахал, уруул хоёроосоо ялгарамгүй хэдэн шар шүдээ ярзайлган надад тал засч

- Депутат болох гэж яваа хүнийг цаашаа харуулчихвал ардын их хурал миний амийг өршөөхгүй гэж нохойтов.

* * *

Аймаг дээр очсон эхний хэдэн өдөр олон газраас ирсэн гучаад нэр дэвшигчид сонгогчидтойгоо уулзалт хийгээд хоцорч ирсэн бид хоёртой уулзах хүн олдсонгүй. Нутагтаа ирсээр Лхагваа маань өдөр өнжилгүй нанчид зооглон норсон олс шиг улам улам сулбайсаар байлаа. Миний бие хүн юм асуувал мэдэхгүй нүүрээ улайлган зогсох вий гэж санаа зовохдоо улсын шалгалт өгөх гэж буй төгсөх ангийн оюутан мэт хэд хоногийг зав муутай өнгөрөөлөө. Гэтэл аймгийн төвийн радиогоор зохиолч Догмидтой хийх уулзалтад өргөнөөр оролцоно уу гэж өглөөнөөс хэдэнтээ зарлалаа. Уулзалтын цаг ойртох бүр сэтгэл догдолж хэлэх ярих юмаа цээжиндээ цэгцлэн бодсоор Лхагваагийн буусан айлд очвол тэрбээр тэнэж төөрсөн харцаар таньж ядсан янзтай ширтсэнээ:

- Догмид уу даа. Чи хотоос хэзээ ирсэн бэ? Хоёулаа золгох уу. Хэн нь хэнийгээ үнсэх билээ. Би ах уу, чи ах уу гэж согтуурав.

- Юуны чинь золгох … Цаана чинь хүмүүс театрт цугларчихаад чи бид хоёрыг хүлээж байна гэж уцаарлангуй өгүүлбэл:

- Хаанаас юун улс ирэв. Цэцэгмааг (эхнэрээ хэлж байна) дууд гэв. Цаг харвал уулзалт эхлэхэд арваадхан минут дутуу байлаа.

- Би аймгийн хөгжимт жүжгийн театр руу явлаа гэвэл Лхагваагийн ээдэрсэн ухаанд нэг бүүр түүрхэн юм орсон бололтой

- Чи бид хоёр чинь уулзалтаа өчигдөр хийчихсэн байхаа? гэж уур хүргэв. “Ганц өдөр эрүүл байх заяагүй хачин амьтан” хэмээн түүнийг зүхсээр би гадагш гүйн гарлаа. Аймгийн театрт нутгийн зохиолч нар ирсэн сургаар санаснаас олон хүн цугларчээ. Би босч микрофоны ард очиж өөрийгөө товч танилцуулах зуур:

- Надтай хамт ирсэн зохиолч Лхагва хөдөө ажлаар явсан тул эдүгээ хараахан ирж амжсангүй. Иймд та бүхнээс уучлал гуйж хүлцэл өчье гэж хэлтэл тэртээ ард, ордог хаалганы чанадаас хэн нэг хүн “Битгий худлаа яриад бай. Би энд амьд сэрүүн байна” гэж хашгирах чимээнээр үзэгчдийн дээгүүр харвал миний итгэмжлэгдсэн ухуулагч ирчихсэн хана түшээд найган зогсч байх нь тэр. Би түүнийг налуу шалан дээр халтираад гэнэт савж унах вий гэж эмээхдээ хажуудаа сууж байсан сонгуулийн комиссын нэгэн ажилтанд хандан:

- Миний дүү очоод Лхагва ахыгаа энэ тайзны араар сэмхэн хөтлөөд аваад ир, унагачихав гэж шивнэв. Лхагва биеэ сүрхий барин төв шулуун алхан орж ирээд миний хажууд сууснаа:

- Би хаана ирээд байна вэ гэж золигтов.

Архи ханхлаж байна гэж жигтэйхэн. Миний уур хүрээд шадар туслагчтайгаа ганц ч үг сольсонгүй. Лхагваа омголтож хатсан уруулаа долоон хөлчүү нүдээр үзэгчдийг харан хойш урагш ганхалзан сууснаа гэнэт босов.

- Та нар Догмид бид хоёрыг эцэг, эхээс минь дутуугүй мэднэ. Би нөхрийнхөө буянаар ноднингоос хойш барааг нь хараагүй муу сохор эцэгтэйгээ ирж золголоо. Очиж очиж Догмид депутат болох юм гэнэ. Та нар эрүүл байна уу эсхүл над шиг ухаангүй согтуу байна уу. Яасан завтай улс вэ. Энэ хархүүг шүлэг, зохиол бичдэг нэг сүрхий хүн гэж бодож байгаа бол эндүүрэл … Зохиолч нар гэдэг чинь шал солиотой, шизотой амьтад байхгүй юу. Тэнгэрээс бороо оруулна, тэмээнд эвэр ургуулна ч гэж амлаж байж магадгүй. Зохиолч хүн юмыг санаанаасаа ургуулан зохиодог мөртлөө түүндээ үр хүүхэд, эцэг эхээсээ ч илүү итгэдэг өвчтэй улс. Догмидыг явснаас хойш танай аймгийн хүнсний үйлдвэрийн архины борлуулалтын төлөвлөгөө бараг тасарсан байх. Энэ чинь цай уудаггүй хүн байлаа. Би Догмидыг зүгээр нэг мэддэг хүн биш. Энэ хүн депутат болох нь байтугай өнөөдрийг хүртэл диктатураар явж байсан амьтан. Бид хоёр хүн алах, хүүр ухахаас бусдыг гүйцээсэн улс байхгүй! Догмид ажлаасаа хөөгдөж үзсэн үү үзсэн, их сургуулийг хаясан уу хаясан, шоронд орж болох байсан уу баригдаагүй л болохоос орох л байсан. Энүүхэндээ гэж хэлэхэд нөхөд минь та нар хүнээ л олж сонгоорой. Би яах вэ архинд дуртай мөрөөрөө нэг гэмгүй хүн. Гэхдээ би оносон ч алдсан ч үнэнийг хэлж байгаад л үхнэ. Дорноговийн тавин мянган иргэдээс Догмидоос өөр нүдэнд тусах хүн алга уу? Ер нь энэ ард түмэн гэдэг чинь малгай, толгой хоёр нь адилхан хаашаа амьтад байдаг юм бэ хэмээн хэлэхдээ дуу нь чангаран агсам тавих янзтай болоод явчихлаа. Энэ үгэнд нам гүмхэн байсан танхимын агаар гэнэт өөрчлөгдөн долгилж хүмүүс өөр хоорондоо жиг жуг гэлцэн түрхрэн шуугилдлаа. “Энэ муу Лхагваа новшийг юунд дагуулж ирэв” хэмээн толгойгоо тэврэн гасалж суутал итгэмжлэгдсэн ухуулагч маань индэр дээр тавьсан аягатай усыг авч “Сонгуульд өндөр амжилт гаргахын төлөө” хэмээн өргөв. Хүмүүс зарим нь алга ташин баяр хүргэж, зарим нь элэг доог хийн хөхрөлдлөө. Лхагваа усны амьтных шиг том нүдээ хэдэндээ уйтгартай цавчлан шал ширтэн хэсэг чимээгүй зогссоноо дууыхаа өнгийг зөөллөн аргадангуй аясаар:

- Гэхдээ Догмидод энд сууж буй хэдэн зуун хүний дотроос эрээд олдомгүй олон сайхан чанар бий. Энэ хархүү шиг хорин хэдэн жил аяга эгшээлгүй архи уусансан бол та нарын ихэнх нь Мааньтын шоронд, үлдсэн нь энэ баруун хойт энгэрт, оршуулгын газар нойрсч байгаа. Архи ууна гэдэг чинь том ухаан, том урлаг юм шүү. Хорин хэдэн жил архи уух нь байтугай хоёрхон шил архинд согтоод гууль нь цухуйж шившгээ хатгасан хүн алийг тэр гэхэв. Согтуудаа бүү хэл эрүүлдээ хулгай хийдэг, худал ярьдаг, охид хүүхнүүдийг хүчирхийлдэг новшнууд энэ хорвоогоор дүүрэн явж байна. Тэгэхэд манай Догмид яаж байна? Орчлон уйлуулж, дуулуулсан уянгын олон сайхан тууж, өгүүллэг бичиж ар халхад байтугай өвөрлөгч дөчин есөн хошуу, Орос, Японд шагшигдаж явна. Ийм хүнийг архичин гэх үү, хол оо хэвтэнэ! Та нар бод. Насаараа архи ууж, насаараа нягтлан бодогч хийсэн хэрнээ улсын мөнгө хөрөнгө хумслалгүй цэвэр ариун явна гэдэг том гавьяа бус уу. Архи бол хүний мөс ясыг шалгадаг том шүүлэг. Миний нөхөр Ардын их хурлын депутат горилогч Догмид бол алмас, шулмас шиг ороо бусгаа адал явдалтай нь үнэн боловч сахил санваартан адил ариун цагаан мөртэй хүн. Гэхдээ энэ золиг төр барилцах нь байтугай гэр барилцаж чадахгүй гэдгийг миний бие хэний ч өмнө ам дүүрэн хэлж чадна. Би худлаа ярихгүй. Энэ Догмид гэдэг чинь хүүхдэд эцэг, хүүхэнд хань болох нөмөр нөөлөгтэй амьтан биш. Уугаагаагүй архи, унтаагүй хүүхэн ховор … (Миний толгой тэнзэн ташуураар цохиулсан мэт дүйрээд явчихав) Долоо шархадсан чоно л гэсэн үг … Шар хадны галзуугийн больницын архины тасгийг анх нээхэд баригдаж очсон Монголын долоохон согтуугийн нэг. Их том гарын эр! гэж хэлэхдээ тэр яриандаа халж урагш алхаад театрын хөгжимчид суудаг нүхэнд золтой л уначихсангүй. Би түүний цамцны хормойноос санд мэнд шүүрэн барьж авах зуураа “Миний депутат болох ч өнгөрөв бололтой. Ингэж олон амьтны нүдэн дээр амьдаараа ганц алуулах гэж байх уу” гэж ичих, уурлах хосолсон би бээр итгэмжлэгдсэн ухуулагчийнхаа хормойноос хэд хүчтэй дугтарсан чинь Лхагваа над руу эргэн муухай харж:

- Чи муу араас яагаад чангаагаад байгаа юм бэ. Би хэлэх үгээ хэний ч өмнө хэлнэ гэж намайг шарав. Лхагваагийн энэ эрээ цээргүй үг миний нүүрэн дээр шүдэнз хавирах шиг болж чих дүлийрэн шуугиад явчихлаа. Гэтэл Лхагваа олон хүний шуугианаас залхсан янзтай:

- Та нар улстөрөөр ихээхэн оролдвол эрвээйхэй шиг шатна гэж мэдээрэй. Миний бие үлэмжхэн согтуу байгаа учраас нүд бүрэлзээд хүний царай зүс ялгаж чадахгүй байна. Бодвол энэ театрт цугларсан олон улсын дотор надтай хамт аравдугаар анги хамт төгссөн юмнууд ирсэн л байлгүй. Ний нуугүй хэлэхэд би орой гэр орноор чинь орно. Аяга тагш юмгүй муухай царайлаад сууж байвал дэмий шүү (Хүмүүс инээлдэв) гэв. Гэтэл нэг өвгөн босч:

- Та нар арай дэндэж байгаа юм биш үү. Наана чинь төрийн жолоо барилцах депутат сонгох улс төрийн нэр төртэй компанит ажил болж байна. Тэгэхэд согтуу ирчихээд ийм налиг шалиг, завхай зайдан юм ярьж байдаг ямар даруулгагүй улс вэ гэхэд Лхагва:

- Би үнэнийг л хэлж байна. Түүнээс биш би Догмидыг улсад түрүүлсэн мориноос ч илүү уран гоё үгээр цоллож айраг цэгээгээр толгойг нь мялаавал чаднаа. Өвөө минь та насныхаа эцэст улс төрийн хэрүүл маргаанд орооцолдож, уншсан хэдэн мааниа шатаагаад яахав дээ! гэвэл өвгөн мөчөөгөө өгөхгүй янзтай нүд нь гурвалжлан:

- Би хөгширсөн ч гэсэн Монгол Улсын нэг иргэн. Сонгох, сонгогдох эрхтэй хүн. Хэний төлөө саналаа өгөхөө та мэтийн хүнээр байтугай чавганцаараа заалгахгүй. Гэтэл эрхэм уран зохиолч та яахаараа намайг ад шоо үэж энэ танхимаас хөөдөгсөн билээ?

- Та эрхээ эдлэ эдлэ. Хэндээ санал өгнөв надад падгүй хэрэг. Эмгэнээ ч депутатаар сонгосон таны л эрх. Гуйх л юм надтай битгий марга, миний бие муу байна.

- Бие чинь тааруу байгааг би харж байна. Ер нь та хэл ам мэдэхгүй гадаадын хүний орчуулагчаар яваа биш юм бол чимээгүй бай. Би наад нэр дэвшигдсэн хүнээс чинь хэдэн юм асууж өөрийнх нь амнаас үгийг нь сонсмоор байна гэснээ надад хандаж:

- Хэрвээ танд олон түмэн итгэл олгоод депутатаар сонгочих юм бол та говьчууд бидний төлөө юу хийж бүтээх юм бэ. Би асуултад хариулахаар босох гэтэл Лхагваа миний мөрөн дээр даран суулгаж:

- Халаасандаа троллейбусанд төлөх таван цаасгүй, өөрийн гэсэн өнчин ишиггүй гуйлгачингаас та нар юу гуйх гээв ичээч та минь. Наадах чинь аймаг сумыг илбэн тохинуулах нь бүү хэл ар гэр, ам бүлээ тэжээж чадахгүй яая гэж яваа амьтан. Гартаа барьсан тамгатай, гараад унах машинтай аймгийн дарга нар байсаар байтал бид хоёр тэдний өмнүүр орж худлаа амлах юм бэ. Нөхөд минь энүүхэндээ гэж хэлэхэд манай энэ сонгогч, сонгогдогч хоёрын аль алинд солио өвчин их байна шүү гэж хэлтэл чийдэн унтрав. Ашгүй нэг гэрэл тасарч энэ хүмүүсээс хоёр яс хагацах цаг ирэв гэж бодтол нөгөө түрүүчийн өвгөний танил дуу харанхуй дундаас гарч:

- Догмид гуай та депутат болбол энэ унтардаг гэрэл, эрчим хүчний талаар ямар … гэтэл Лхагва:

- Чи яасан завтай чалчаа амьтан бэ. Битгий хуцаад байгаач. Гэрэл унтарвал лаа асааж бай мэдэв үү гэж ундууцлаа. Харанхуйн дунд хүмүүс бүдүүн нарийн хоолойгоор хөхрөлдсөнөө адайр зантай зөнөг өвгөн, араншин муутай согтуу эр хоёрын хэрүүл маргаанаас залхсан уу яав, театраас уван цувран гарцгаалаа. Лхагва бид хоёр сохор ууль шиг бие биенээ хөтлөн хана туурга түшин тэмтчиж явтал хажуухан талд гэнэт мөнөөх гайхал өвгөн:

- Гэрэл унтрахад ч яахав лаа асаадаг юм байж. Гэтэл лаа байхгүй бол яах вэ гэж асуух сонсогдов.

- Дэн! Дэн барихгүй юу … дэн гэж нэг сайхан юм байсныг мартсан уу гэж Лхагва цухалдангуй хоолойгоор ууртай хашгирлаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Төрийн хэргэм ...  
Үзсэн: 2490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй