Шууд Chart

Инженер хүү эвлэлийн ажилтан болсон нь

2021-03-12 08:57:45

Бага ангийн багш миний бие Баянхонгорт эвлэлийн ажилтан болоод удаагүй байлаа. Зааварлагч гэж нэг ажил байлаа. Мэргэжил л лав биш юм. Хэнд юу заахаа ч ойлгохгүй. Одоогийнхоор бол мэргэжилтэн юм уу даа. Бас туслах ч юм уу... Ойлгогдохгүй албатай. Манай өрөө хоёр ширээтэй. Нэг дээр нь дээд сургууль төгссөн Жүрэвийн Юндэндорж гэж вьетнам маягийн нөхөр сууна. Бас зааварлагч. Бид хоёр боловсролын ялгаатайгаас албан тушаалын зэрэг дэв адилхан. Бичиг цаас тоо бүртгэл гээд бас их цаастай. Хугацаатай судалгаанууд гаргана. Тэгж байтал дээд сургууль төгссөн амжилтаараа Юндэндорж маань гадаадад жилийн курст мордов. Юндэндоржийн ширээ эзгүйрэв. Удалгүй эзэнтэй боллоо. Тэр эзэн нь Рэнцэндоржийн Жанчив хэмээх холбооны инженер техникч залуу өнөө ширээг эзэгнэж, бид хоёр нөхөрлөв.

Өнөөдөр та олондоо толилуулах бичвэрийн гол баатар маань ийнхүү Рэнцэндоржийн Жанчив боллоо доо. Жанчивыг урд нь мэднэ л дээ. Аймгийн холбооны газар ажиллана. Техник сэтгэлгээ нь их хөгжсөн. Юм юм санаачилдаг залуу л даа. Ер нь аймгийн холбоонд одоогоор бол мэдээллийн технологи их хөгжиж олон сайхан инженерүүд техникийн шинэ шинэ ололтын эзэд болж байж билээ. Шар хочтой Дэмбэрэл инженер гэж байх. Олон зүйл санаачилсан. Жанчив маань түүний залуур жолоодлогоор л их зүйл сурсан санагдана. Тэгж байтал аймгийн холбооны орон тооны бус эвлэлийн үүрийн дарга байсан Алтангэрэл маань мань Жанчивт ажлаа өгч техникч хүү эвлэлийн ажилтан болох замаа нээлээ.

80-аад оны дундуурх үйл явдал болой. Яг энэ үед аймгийн ХЗЭ-ийн хорооны аппаратын ажилтнуудын дунд загас үржүүлэх “хобби” өрнөж эхэлсэн. Энэ нь аймгийн НААҮ-ний газрын гэрэл зурагчин А.Түвшинжаргалаас эхтэй.

Аквариумын шилнээс эхлээд хэрэгцээ шаардлага ундарлаа. Жанчив маань холбоонд байдаг том том дөрвөлжин шилэн савнуудаар бидэнд тусалж загас тэжээгч хамт олон болоход их хувь нэмэр оруулсан даа. Аймгийн холбоо эвлэлийн хороо хоёрын хооронд Жанчив манайхан руу. Бид Жанчив руу явдаг жим гарлаа. Холбоо, Эвлэлийн хороо хоёр бол төв замын хоёр талд нүүр нүүрээ харсан хоёр байшин. Энэ зам яван явсаар Жанчив маань тэр замаар ороод ирсэн нь энэ ажгуу. Ингээд бид хоёр хамтран ажиллаж олон чухал үйлсийн гэрч нь болсон юм. Тэр Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул. Говийн хүн. Эхнэр хүүхэдгүй атар зэлүүд байлаа. Дунд зэргийн нуруутай, ялигүй шөвгөр тийм ч өндөр биш хянган хамартай, онигордуу нүдтэй ойр ойр гишгэж түргэн түргэн алхалсан дүр төрхтэй. Би хөдөөгийн залуучуудын ажил хариуцна. Жанчив ажилчин залуучуудын ажил хариуцна. Юндэндоржийн хийж байсан ажил л даа. Хаврын хаварт сургууль төгсөлт элсэлт шалгалт гээд ажил өрнөнө. Энэ үед бид хоёр бас нэг тодорхой ажилтай. Наяад онд ажиллагсадаас их дээд сургуульд элсүүлэн суралцуулах их хөдөлгөөн өрнөж байсан юм. Би хүртэл 30 насандаа элсэлтийн шалгалт өгөөд дээд сургуульд өдрөөр сурахаар одож байлаа шүү дээ. Жил бүр эвлэлийн илгээлтийн эздээс ХААДС, ШУТИС-д элсүүлэх ажлыг бид хоёр хариуцна. Сум байгууллагын ХЗЭ-ийн үүр хороодтойгоо ярилцаад шилдэг тэргүүний гэсэн тодотголтой залуучуудыг сургуульд элсүүлдэг ажилтай. Хөдөөнөөс ирсэн малчин залуучуудын материалыг миний бие, аймаг сумаас ирсэн ажилчин залуучуудын материалыг Жанчив маань бүрдүүлнэ. Тэгээд л хоёулаа арваад залуус дагуулаад шалгалт шүүлэгт нь оруулж газарчлан материалыг илгээж томилолтыг гардуулснаар нэг компанит ажил дуусдаг сан. Энэ компанит ажил Жанчивт их зүйл өгсөн юм даа. Баянговиос манай эвлэлийн илгээлтийн эзэн Чимидрэгзэнгийн Намжилмаа гэж ямаачин охин хурал хуйд ирдэг байсан юм. Тэгээд сумаас нь их дээд сургуульд суралцуулахаар тэр хавар ирүүлж билээ. Энэ хавар Намжилмаа маань ч ХААДС-д элссэн. Бас Жанчив маань ч Намжилмааг амьдралын их сургуульдаа элсүүлсэн түүхийг миний бие тов тодхон санадаг. Бас бахархдаг юм. Үнэндээ бол бивээр Жанчивтаа эхнэр олж өгсөн хүн юм шүү. Ингэж эвлэлээс төрсөн сайхан гэр бүл амьдралын их сургуульдаа суралцахаар нутаг зорьсон байдаг. Очсон газраа холбооны ажил эвлэлийн ажлаа хавсраад л гялалзаж байсан анд минь цагийг товчлон бурханд их л эрт зорьсон доо. Дөч шахам жилийн араас эргэн дурсахад зүрх доноголзож, бодлын хязгаарт сэтгэл эмтэрч л сууна. Бидний нөхөрлөл сайхан байжээ. Жанчивын маань нэг дүү аймгийн хүнсний үйлдвэрт ажиллана. Дэмбэрэл гэдэг эрэгтэй хүний нэртэй байсан. Одоо сураглавал Эрдэнэцогтын хангайд сарлаг дүүгүүрдэж яваа сонсогдсон. Жанчивын маань нэг эгч хотод гоёл чимэглэлийн зүйл зардаг байсан. Уулзаж л байлаа. Говийн хүний итгэл дүүрэн сайхан яриа хөөрөөг нь сонсож, Баянхонгорын гудамжаар хичнээн ч хамт алхсан билээ дээ. Хорь гучин жилийн дараа Намжилмаатай нэг уулзсан. Гурван сайхан хүүхэд нь өөр өөрийн амьдралаа төвхнүүлээд ач зээ нарын дунд өдрийг өнгөрөөж жаргалтай сайхан эмээ гэдгээ үзүүлж яваа ажээ. Нэг хүү нь хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж байсан юм билээ. Аварга ямаачин Чимидрэгзэнгийн ганц охин ийнхүү сайхан ханиа эрт алдсан ч гурван сайхан хүүхдийнхээ төлөө амьдрал сөрөн зүтгэсээр одоо гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд аль хэдийн хүргэжээ. Жанчив маань ялигүй шооч, шингэн дуугарч инээгээд аливааг сүрхий ултай цаанаас нь ухаж ярьдаг сан. Юу ч ярьсан яаж ийгээд л техниктэй холбож тайлбарлах гэнэ. Мэргэжил гэж сонин шүү.


Инженер хүү эвлэлийн ажилтан болсон нь   
Үзсэн: 2831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй