Шууд Chart

ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2021-04-20 18:04:03

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.20) хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна.

Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдан, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан гэв. Улсын Их Хурал 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хуулийг баталсан бөгөөд хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн төсөлд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан гэв. Мөн Монгол Улсын нэгдсэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн өарааны тэмдэг, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, барааны тэмдэг ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгохоор зарчмын зөрүүтэй дөрөв, найруулгын шинжтэй хоёр саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэн, төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын гурван томьёолол, төслийн 3 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын нэг томьёолол, төслийн 7 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын нэг томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Мөн найруулгын саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Хууль зүйн байнгын хороо 2021 оны гуравдугаар сарын 3 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ажилласан бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна.

Ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй, цахим хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын оюуны өмч хамгаалах холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын номын сангуудын консорциум зэрэг салбар байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид оролцож, хуулийн төсөлтэй холбоотойгоор тус бүр мэдээлэл хийж, хуулийн төсөлд тусгах шаардлагатай зохицуулалтын талаар саналуудаа хэлсэн байна.

Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд нээлттэй, цахим хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаач, салбарын төлөөллөөс ирүүлсэн 20 гаруй саналыг нэгбүрчлэн хэлэлцсэн болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн ажлын хэсгийн танилцуулгадаа дурдав. Тухайлбал, зохиогч бүтээлээ бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх эдлэх эрхтэй байх; зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн эрх залгамжлагч тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй байх; гэрэл зургийн уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх зэрэг саналуудыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцсэн гэв. Мөн бүтээлийн зүй ёсны ашиглалтыг нь зөрчихгүйгээр, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр ашигласан бүтээлийн ашигласан хэсгийн хэмжээ нь зорилгоосоо хэтрэхгүй байх; Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байх; тус зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр, бүрэлдэхүүн, үйл ажиллагаанд баримтлах журмын талаарх зохицуулалтуудын талаар хэлэлцжээ.

Мөн 1993 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө туурвисан болон хамгаалалтын хугацаа нь дуусаагүй бүтээлийн зохиогчийн эрх, тоглолт (дуу авиа бүхий дүрст бичлэгт буулгаснаас бусад), фонограм, өргөн нэвтрүүлгийн хамаарах эрхийг энэ хуулийн дагуу хамгаалах болон зохиогчийн эрхийн бүтээл, хамаарах эрхийн обьектын ашиглалттай холбоотой үүссэн харилцаанд энэ хуулийг буцаан хэрэглэхгүй байх зохицуулалт нь холбогдох хууль тогтоомжоор төрийн өмчийн харилцааны асуудал байх тул төслөөс хасах тухай саналыг хэлэлцэн, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулсан байна.

Дээрхээс гадна төслийн нэр томьёог төслийн зүйл, хэсэг, заалт хооронд болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэх, хууль хоорондын уялдааг хангахаар зарчмын зөрүүтэй 28, найруулгын шинжтэй 3, дагасан хуулийн төслийн талаарх 4 саналыг бэлтгэн томьёолсон болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцууллаа.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдгийн дагуу Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Ийнхүү хэлэлцэхэд төслийн 4 дүгээр зүйлтэй холбоотой ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг, хуралдааны үеэр гишүүдээс гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Түүнчлэн төслийн 7, 8 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг өөрчлөн найруулахтай холбоотой саналын томьёоллуудаар тус бүр санал хураалт явуулсан. Төслийн 13 дугаар зүйлийн гарчгийн “Бүтээл ашиглах” гэснийг “Зохиогчийн эд хөрөнгийн” гэж өөрчилж, “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх /цаашид “бүтээл ашиглах онцгой эрх” гэнэ/ эдэлнэ” гэсэн 13.1 дэх хэсгийг нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 11 нь дэмжив. Төслийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг хасаж, 14.6 дахь хэсгийн “14.5-д” гэснийг “14.4-т” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдааны үеэр төслийн 14 дүгээр зүйлтэй холбогдуулан гишүүд санал гаргасан юм. Төслийн 14 дүгээр зүйлийг “14.1. Тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан, эсхүл нийтэлсэн өдрөөс эхлэж тооцно; 14.2. Зохиогчийн амины эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаална; 14.3. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон зохиогчийн нас барснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна; 14.4. Хавсарга уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна; 14.5. Зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна; 14.6. Энэ хуулийн 14.5-д заасан бүтээлийн зохиогч нь өөрийгөө ил болгосон, эсхүл бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг энэ хуулийн 14.3-т зааснаар тооцно; 14.7. Хамтын бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна; 14.8. Албан үүргийн дагуу бүтээл туурвих, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна. Хэрэв бүтээлийг туурвиснаас хойш 30 жилийн хугацаанд нийтлээгүй бол бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл туурвиснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна” гэж өөрчлөн найруулах Байнгын хорооны гишүүний саналыг хуралдаанд оролцсон 16 гишүүний 10 нь дэмжсэн. Үргэлжлүүлэн төслийн 15 дугаар зүйл, 16 дугаар зүйл, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйл, 25 дугаар зүйл, 28 дугаар зүйлтэй холбоотой ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Төслийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтын “бусад” гэсний дараа “шаардлагатай” гэж нэмж, мөн зүйлийн 47.2.7 дахь заалтын “төлөвлөгөө (орлого, зарлага, зохион байгуулалтын бүтэц зэргийг хамааруулна).” гэснийг “төлөвлөгөөнд орлого, зарлага, зохион байгуулалтын бүтэц зэргийг хамааруулна.” гэж өөрчилж, мөн зүйлд “47.5.Энэ хуулийн 47.1.5-д заасан сургалтыг оюуны өмчийн байгууллага болон түүнээс эрх олгосон хуулийн этгээд зохион байгуулна. Сургалт зохион байгуулах журмыг оюуны өмчийн байгууллагын дарга батална” гэсэн агуулгатай 47.5 дахь хэсгийг нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтыг хасаж, мөн зүйлийн 49.1.2 дахь заалтын дугаарыг “48.1.1” гэж, 48.1.3 дахь заалтын “авсан” гэснийг “энэ хуулийн 48.1.1-д заасан” гэж, 48.1.4 дэх заалтын “оюуны өмчийн” гэснийг “холбогдох” гэж тус тус өөрчилж, мөн зүйлийн 48.5.1 дэх заалтыг “зохиогчийн эрх, хамаарах эрхийн төрөл, ангилал тус бүрт цуглуулсан төлбөрийн мэдээлэл, гишүүдэд хуваарилсан төлбөрийн дүн, захиргааны зардал болон төлөгдөөгүй бүтээл ашиглалтын төлбөрийн дүнгийн талаарх тухайн жилийн санхүүгийн мэдээлэл;”, 48.5.2 дахь заалтыг “тухайн жилд хамтын удирдлагын байгууллагын байгуулсан лицензийн гэрээний тоо, үнийн дүн, гэрээний хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй тайлан;” гэж өөрчлөн найруулах саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 49 дүгээр зүйлийн 49.1.4 дэх заалтын “өөрчлөлтийг” гэсний дараа “эрх бүхий этгээд, гишүүдэд” гэж, мөн зүйлийн 49.6 дахь хэсгийн “ашиглалтын” гэсний дараа “батлагдсан” гэж тус тус нэмж, мөн зүйлийн 49.5 дахь хэсгийг хасахыг гишүүдийн олонх дэмжив.

Үргэлжлүүлэн төслийн 50, 51, 52, 57, 58 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон найруулгын санал, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны хоёрдугаар сарын 3 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна. Ажлын хэсэг дээрх асуудлыг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй 7, найруулгын шинжтэй 2 саналын томьёоллыг бэлтгэжээ. Тухайлбал, Улсын Их Хурал 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хуулийг хэлэлцэн баталсантай холбогдуулан хууль хооронд зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулан тусгасан байна. Төслийн нэр томьёоны хувьд “патент” болон “ашигтай загвар” гэсэн тодорхойлолтыг шинэчлэн томьёолж, “патент” гэдэг нь тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч нь тодорхой хугацаанд патент эзэмших онцгой эрхийг эдлэх эрхийг, “ашигтай загвар” гэдэг нь багаж хэрэгсэл, түүнтэй адилтгах бүдээгдэхүүнд хамаарах техникийн шийдлийг хэлнэ хэмээн тус тус томьёолсон байна. Патентын эрх сунгуулах хуульд заасан хөнгөлөлтийн хугацаа дууссанаас хойш патент ашиглах эрхгүй этгээд патентыг ашигласан бол патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнд тооцохоор, патент эзэмшигч патентыг эзэмшихээс болон патентын хураамж төлөхөөс албан ёсоор татгалзсан тохиолдолд патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамж төлөх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах эрхгүй байхаар, патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамжийг төлөөгүй бол патент эзэмшигчийг патентын эрхээсээ татгалзсанд тооцож, патентыг хүчингүй болгох бөгөөд энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлд нийтлэхээр тус тус тусгасан гэв.

Ажлын хэсгийн танилцуулгын дараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төслийн 3 дугаар зүйл, 41 дүгээр зүйл, 49 дүгээр зүйл, 53 дугаар зүйлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд, найруулгын саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү  Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй