Шууд Chart

УИХ дахь АН-ын бүлэгт 16 цаг хүртэл завсарлага өглөө

2021-04-22 15:39:49

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.22) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад 56 гишүүний ирцтэйгээр цахимаар эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” дээрх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд оролцсон байна. Дунд суудлын тус хуралдаанаар Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргасан байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн дүгнэлт гаргасан байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “... 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...”; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны дөрөв дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй хэмээн шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нар танилцуулав.

Хууль зүйн байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дээрх дүгнэлтийг хэлэлцээд, Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдпэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан журмын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дүгнэлтийг хэлэлцсэн болохыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулсан. Ингээд тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдпэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт, Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал онцолж, байр сууриа илэрхийлсэн бол “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2025 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр эхнээсээ төсөлдөө тусгаад, хэлэлцэж эхэлсэн гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн санууллаа. Дээрх заалтын хэрэгжих хугацаатай холбоотой энэхүү зохицуулалт хэлэлцүүлгийн явцад хасагдсан, үүнээс үүдэн өнөөдрийн нөхцөл байдал үүсээд буйг тэрбээр тэмдэглээд Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан гишүүн Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй үйл явцын талаар үг хэлж, Хууль зүйн байнгын хорооны дарга болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нараас хариулт, тайлбар авлаа. Үндсэн хуулийн цэц, Зэвсэгт хүчний жанжин штаб, шүүх гэх зэрэг төрийн байгууллагууд улс төрөөс ангид, хараат бусаар, хууль дээдлэх зарчмыг баримтлан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах ёстой гэдэг байр суурийг М.Оюунчимэг гишүүн илэрхийлээд, шаардлагатай бол Улсын Их Хурал эрх зүйн зохицуулалтыг хийж, бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах бололцоог нь хангаж өгөх ёстой гэв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батсуурь, Г.Дамдинням, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар, Ш.Адьшаа, Х.Булгантуяа, А.Адъяасүрэн, Т.Доржханд, Ч.Хүрэлбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн. Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтоох Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь зохицуулалтын дагуу өнөөдрийн (2021.04.22) 16 цаг хүртэл завсарлага өгөхөөр шийдвэрлэж буйгаа Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтын дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай эцсийн найруулгыг Г.Занданшатар дарга Улсын Их Хуралд танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол холбогдох болон бусад Байнгын хороог Зөвлөлтэй зөвшилцөн тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу энэ долоо хоногт Засгийн газраас Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн болохыг танилцууллаа.


УИХ дахь АН-ын бүлэгт 16 цаг хүртэл завсарлага өглөө  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй