Шууд Chart

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

2021-05-05 15:52:29

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.05) хуралдаан 11 цаг 07 минутад гишүүдийн 84 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Өчигдөр уг асуудлыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг байлцуулж, хэлэлцэх санал гарган, шийдвэрлэснээр хуралдааныг хойшлуулаад байсан юм.

Өнөөдрийн хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн талаар танилцууллаа.

Мөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр товч танилцуулга, мэдээлэл хийв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн учир хянуулах нь зүйтэй гэсэн агуулгатай хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Цэцэд гаргасан. Мөн 2021 оны гуравдугаар сарын 11-нд бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн өмнөх шаардлагаасаа татгалзаад, зургаан асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлыг дахин тавьсан байгаа. Энэ хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц хуралдаад 3 тоот дүгнэлт гаргасан. Дүгнэлтдээ зургаан асуудлын тав нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж тусгасан бол нэг асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэж тусгасан. Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт нь Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнгээр сонгон шалгаруулж, Улсын Их Хурал томилох нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулсан шинжтэй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн  3, 5, 6 дахь хэсгийг зөрчсөн гэсэн агуулгатай гэлээ.  

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Дэлгэрсайхан нар Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас асуулт асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан нь учир дутагдалтай болсон, дүгнэлт гаргасан үндэслэл нь тодорхойгүй байна гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй талаар хэлж байв. 

Үргэлжлүүлэн Үндсэн хууль зөрчсөн гэсэн хэсэг тус бүрээр санал хураалт явуулав. Нийт 45 саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэсэн. Санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтийг Байнгын хороо хэлэлцээд, хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн талаарх санал, дүгнэлтийг чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй