Шууд Chart

Татарстанд нэг хоногийн гашуудал зарлажээ

2021-05-13 12:08:01

ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улсын нийслэл Казань хотын дунд сургуульд өчигдөр өглөө болсон зэвсэгт халдлагад есөн хүн амь насаа алдсантай холбогдуулан лхагва гарагийг гашуудлын өдөр болгон зарласан байна. Мягмар гарагт Казань хотын 175 дугаар дунд сургуульд 19 настай эрэгтэй тэсрэх бөмбөг дэлбэлж, гал нээсний улмаас долоон хүүхэд, нэг багш, нэг ажилтан нийт 9 хүн амь насаа алдаж, 21 хүн шархадсан байна.

Шархадсан 21 хүний 18 нь сурагч хүүхдүүд, 3 том хүн байжээ. Тэдний наймынх нь биеийн байдал хүнд байгаа тухай боловсролын яам нь мэдээлжээ.Орон нутгийн хэвлэлүүд халдлагыг хоёр этгээд үйлдсэн тухай мэдээлж байсан ч дараа нь Оросын цагдаагийн газар нэг хүн үйлдсэн болохыг тогтоосноо мэдээлжээ. Халдлага үйлдсэн этгээдийг баривчилж, Оросын мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.Халдлага үйлдсэн этгээд нь Казань хотын оршин суугч, 19 настай Ильназ Галявиев гэгч болох нь тогтоогджээ.

Тэрбээр тус дунд сургуулийг 4 жилийн өмнө төгссөн бөгөөд өөр дээр нь албан ёсны бүртгэлтэй галт зэвсгээр халдлага үйлдэж, өөрөө гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийг сургуульд ормогцоо дэлбэлсэн болох нь тогтоогджээ. Түүний халдлага үйлдэх болсон шалтгааныг судалж байгаа юм байна. Сэжигтэн этгээд халдлага үйлдэхийн өмнөхөн сошиал хуудсаар өөрийгөө хөнөөхөөс өмнө олон хүнийг хөнөөхөөр төлөвлөж байгаагаа бичсэн байжээ.

Халдлага болох үед тус сургуульд 714 хүүхэд хичээллэж, 52 багш 70ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байжээ. Казань нь 1 сая гаруй хүн амтай том хот. Зэвсэгт халдлага нэг их гараад байдаггүй, тайван, тогтвортой аж байдалтай хот учраас тус халдлагад хотын иргэд ихээхэн цочирджээ. Энэ халдлагын дараа Татарстан даяар боловсролын байгууллагуудыг шалгаж, аюулгүй байдлыг чангатгаж байгаа юм байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин халдлагын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, галт зэвсгийн хяналтыг чангатгах үүргийг Үндэсний Гвардийн удирдлагад өгчээ. Оросын эрүүл мэндийн болон боловсролын сайдууд Казань хотыг зорьсон байна.

Татарстаны эрх баригчид халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэр, дунд сургуульд тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Татарстанд нэг хоногийн гашуудал зарлажээ   
Үзсэн: 2912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй