Шууд Chart

Ц.Батсайхан: Улсын баяр наадмын дараа бүх аймаг, сумын наадмыг нэг өдөр зохион байгуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлнэ

2021-06-16 17:39:24

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Уг хуралдаанаар аймаг, сумын наадам хийхгүй зөвхөн Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгсөн юм. Үүнд олон уяач дургүйцлээ цахим орчинд илэрхийлээд байгаа тул ММСУХ болон зарим уяачаас албан ёсны хариулт авсан юм.


Ц.Батсайхан: Улсын баяр наадмын дараа бүх аймаг, сумын наадмыг нэг өдөр зохион байгуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлнэ   

/ММСУХ-ны тэргүүн, Монгол Улсын тод манлай уяач/

-Бид нийт уяачийнхаа адил л бухимдалтай байна. Бүтэн жилийн хөдөлмөрөө харах гээд байж байтал ийм шийдвэр гарсанд харамсч байна. Гэхдээ энэ айхтар цар тахлыг яалтай билээ. Ямартай ч ММСУХ-ны зүгээс Монгол Улсын Засгийн газарт ирэх долоодугаар сарын сүүлчээр бүх аймаг, сум, бүсийн наадмыг зохион байгуулах хүсэлтээ өгнө. Улсын баяр наадам өнгөрсний дараа энэ айхтар вирус гайгүй болвол засаг төр маань өнөөдрийн шийдвэрээ эргэн харах байлгүй гэж найдаж сууна. Засгийн газраас хэрвээ бидэнд зөвшөөрсөн хариу өгвөл өнгөрсөн жилийнх шиг нэг өдөр нийтэд нь бүх аймаг, сумын наадмыг хийлгэх төлөвлөгөөтэй байгаа. ММСУХ ямагт уяачдынхаа эрх ашгийг эрхэмлэнэ.


Ц.Дуламсүрэн: Зарим уяач Монгол Улсын Ерөнхийлөгчөө хуурч Төрийн ордонд цол гардаж аваад гарч байна

/Монгол Улсын тод манлай уяач, улсын начин/

Дэлхийн хэмжээний олимпын наадам хойшлогдож байгаа шиг манай улсын баяр наадам нэг жилээр хойшлогдсон ч болох л юм. Гэхдээ цахимаар хийе гэснийг дэмжиж байна. Хамгийн гол нь нэг л зүйлийг харах ёстой. Монгол наадам нь бөхчүүд, харваач, уяачдад зориулсан баяр. Өнөөдөр бөхчүүдийнхээ допингийн асуудлыг шийдэж чадаагүй, эрлийз, Монгол адуугаа ялгаж уралдуулж чадаагүй байж “Наадмаа өргөн дэлгэр хийе” гэж яриад хэрэггүй. Өнөө цагт эрлийз морьтой хүн бүх цолыг нь “дээрэмддэг” болсон. Жирийн цэвэр Монгол адуутай уяач ялангуяа улсын баяр наадамд түрүү, айраг хүртэнэ гэдэг худлаа. Миний хувьд энэ их өндөр ой тохиож байгаад билэгшээж, эрийн гурван наадмын төрлөөр өрсөлдөнө. Шавь нараараа морио уяуулаад өөрөө бөхийн болон сурын харвааны бэлтгэлдээ гараад байна. Зарим уяач орон нутгийн наадмыг хийхгүй болсонд дургүйцэж байна л даа. Энэ нь ч зөв. Хамгийн шударга, сайхан наадам бол сумын наадам. Гэхдээ энэ жилдээ алгасаад ирэх жил 101 жилийн ойдоо наадъя. Харин улсын наадмын хувьд бөхчүүд, уяачид нь зөвхөн цол авдаг л боллоо. Тэгэхээр хэдхэн цол авдаг хүний баяр болоод байна гэсэн үг. Нэмж хэлэхэд хүнээр морио уяуулдаг эсвэл хүний морины амжилтыг өөрийнхөө нэр дээр бичүүлдэг үйлдэл гараад удаж байна. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг хуурч Төрийн ордонд цол гардаж аваад гардаг. Иймэрхүү асуудлаа эхлээд цэгцлэхгүй бол Монгол наадам утгаа алдах нь ээ.


О.Батбилэг: Бүх аймаг, сумын наадмаа улсынхтай нэг өдөр хийсэн бол дээр байсан юм даа

/Монгол Улсын тод манлай уяач/

-Улсын баяр наадмаа л зөвхөн зохион байгуулахаар болсон нь наадамчдын бөөгнөрлийг илүү их үүсгэхээр харагдаж байна. Үзэгчгүй гэж байгаа ч олон аймаг, сумын уяач морьдоо авч ирж уралдуулахаар бөөгнөрөхөөс өөр арга үгүй болно. Өмнө нь нэг насанд дунджаар 300 орчим адуу уралддаг байсан бол энэ жил аягүй бол доод тал нь 500-600 хүрч уралдана. Харин аймаг, сумын наадмаа улсынхтай нэг өдөр товлосон бол олон хүн бөөгнөрөхгүй байх байсан биз. Тэгэхдээ бүх наадмын үзэгчдээ УОК-оос баримталдаг халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлуулах хэрэгтэй. Жилийн турш олон уяач аймаг, сумынхаа наадамд морьдоо уралдуулна гээд зориод ажилласан байхад нь ийм шийдвэр гаргадаг нь тун буруу. Наанадаж тэдгээр уяач олон сая төгрөгийн зардал гаргачихсан байж байдаг. Тэгсэн атал төгсгөлд нь “Наадамгүй боллоо” гэж хэлдэг нь маш хүнд шийдвэр боллоо. Жишээ нь манай уяанд 200 гаруй адуу уягдаж байна. Хаяа дэрлэж буусан уяачидтайгаа нийлбэл 600-700 адуу бий. Тэдгээрийн ихэнх нь улсын наадамд уралдахгүй. Аймаг, сум руу явуулна гээд төлөвлөсөн байсан учир харамсалтай байна. Аймаг, суманд уралдуулна гэсэн адуугаа улсын наадамд уралдуулбал түрүүлж, айрагдах боломж бага тул аваад л үлдэх нь дээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Батсайхан: Улсын баяр наадмын дараа бүх аймаг, сумын наадмыг нэг өдөр зохион байгуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлнэ   
Үзсэн: 11144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй