Шууд Chart

ХАА эрхлэгч эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлэх боломжийг судаллаа

2021-06-17 14:32:12

Жендэрийн үндэсний хорооноос бэлчээр, тал нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах, нүүдэлчин амьдралын хэв маягт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах бодлогыг жендэрийн мэдрэмжтэй тодорхойлох зорилгоор эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийлээ.

Тус үйл ажиллагааг нээж Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий нар үг хэлсэн бол Улсын их хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх нар оролцогчдод зориулж мэндчилгээ дэвшүүллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд манай улсын хөдөө аж ахуйн салбарын 84.9 хувийг бүрдүүлж буй нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин өрхүүд эн тэргүүнд өртөж байна. Цаашилбал, энэ нь орон нутагт амьдардаг гэр бүлийн жендэрийн харилцаанд сөргөөр нөлөөлж, гэр бүлийн тогтвортой байдлыг алдагдуулах шалтгаан болж байна.

Цөлжилт, хөрсний хуурайшилт нь аж ахуй эрхлэх үйл явцыг хүндрүүлснээр холын нүүдэл хийх нь нэмэгджээ. Энэ нь мал аж ахуй болон тариалан эрхлэгчдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас гадна ажлын ачааллыг нэмэгдүүлж гэр бүл тусдаа амьдрахад хүргэж байна.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт нь мал цөөтэй, орлого багатай, өрх толгойлсон малчдад илүү тусаж байгааг судалгаа харуулав. Энэ бүх хүчин зүйлийг эерэгээр даван туулах, орлогын эх үүсвэрээ тодорхой системтэйгээр нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг эрэлхийлсэн говь, хангайн бүсийн долоон аймгийн сонгогдсон суманд хийж гүйцэтгэн судалгааг танилцуулж, үр дүнг Үндэсний симпозиумаар хэлэлцлээ.

Архангай аймгийн Батцэнгэл, Өндөр-Улаан суманд хийгдсэн судалгааг харвал, малчин өрхийн эмэгтэйчүүд өрхийн худалдан авалт болон цагаан идээ борлуулалтаас олох орлогод зонхилох үүрэг оролцсоноор гэр бүл дэх байр суурьт эерэгээр нөлөөлж, шийдвэр гаргах эрх мэдлийг олгодог аж. Энэ нь малчин өрхийн эмэгтэйчүүд гэр бүлээ тэжээх, орлого олох чадваргүй гэсэн жендэрийн хэвшмэл хандлагыг үгүйсгэж байгаагийн илрэл юм.

Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад тэр тусмаа малчин эмэгтэйчүүд хөрөнгийн хариуцлага бүхий бизнесийн нэгдэл, хоршооллыг үүсгэх нь өрхийн аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, технологи нэвтрэлтийг түргэсгэх давуу талтай. Гэвч энэ чиглэлээр эхлүүлсэн олон удаагийн ажил тогтвортой урт хугацаанд үргэлжлэхгүй байгаа шалтгааныг салбарын мэргэжилтнүүд нь тодорхойлж, дараагийн шатны үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг судлаачид онцолж байна.

Симпозиумд 21 аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд, жендэрийн үндэсний шинжээчид, жендэрийн  салбар  зөвлөл 14 яамны төрийн нарийн бичгийн дарга нар, жендэрийн  мэргэжилтэн, судалгаанд хамрагдсан сумын холбогдох албан тушаалтан, олон улсын байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, ИНБ-ууд болон бусад төлөөлөл оролцлоо.  

Уг судалгааг Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард таван судлаачийг сонгон шалгаруулж тус бүр 2500 ам.доллар, нийтдээ 12,500 ам.долларын тэтгэлгийг гардуулсан юм.

Энэхүү төсөл нь улс төр, хууль эрхзүй, эдийн засаг, соёлын болон гэр бүлийн бүхий л харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ЖЭТБ-ын үзэл баримтлалыг үр дүнтэй тусгах замаар тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ХАА эрхлэгч эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлэх боломжийг судаллаа   
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй