Шууд Chart

Т.Аюурсайхан: Хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарна

2021-06-18 08:42:24

УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан өнөөдөр (2021.06.17) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ноён Зафер Атешийг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож ирсэнтэй холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийгдэх ажил их байгааг дурдаад, Монгол, Туркийн парламентын найрамдлын бүлэг хоорондын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байна. 2018 онд Монгол УИХ-ын дарга Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж, Турк Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр талууд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэгийн тоог нэмэгдүүлж, аялал жуулчлал, ачаа тээврийн хүчин чадлыг сайжруулан хамтын харилцааг эдийн засгийн агуулгаар харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Хархоринд нисэх буудал барих, Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалуудыг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах асуудалд Туркийн талаас анхаарал хандуулж, хамтран ажиллахыг хүслээ.



Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш найрсаг дотноор хүлээн авч уулзсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханд талархаж, ахан дүүсийн найрамдалт харилцаатай Монгол Улстай улс төр, хууль тогтоох байгууллага, худалдаа, эдийн засаг, соёл зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Нэн ялангуяа, иргэний агаарын тээвэр, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг салбарт хамтын ажиллагаагаа урагшлуулах сонирхолтой байна гэв.

Уулзалтын үеэр талууд боловсрол, соёл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцлоо.


Т.Аюурсайхан: Хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарна  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй