Шууд Chart

Үндэсний спортын холбоод хамтран Засгийн газарт хүсэлт хүргүүлжээ

2021-06-18 12:51:02

Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо хамтран дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ.

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Хьёндэ элеватор таур”-т болсон тус хуралд ММСУХ-ны тэргүүн, Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайхан, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, МҮХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Нямбаяр, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Цагаандалай нар оролцсон юм.

Тус хурлын зорилго нь Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос Үндэсний их баяр наадмыг нийслэлд цахимаар зохион байгуулж, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд орон нутгийн наадмыг нэгэн зэрэг хийх хүсэлтээ хүргүүлснээ сэтгүүлчдэд танилцуулсан юм.  

Мөн тэд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг дээрх шийдвэрээ эргэн харж, өөрчилж, баяр наадмаа тодорхой хугацаанд хойшлуулж ч болох талаас нь харахыг хүсч байв.

ММСУХ-нд одоогоор 17 аймаг, 167 сумын уяачдын холбоо “Засгийн газарт уг шийдвэрээ эргэн харж, аймаг, сумын баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулахыг зөвшөөрнө үү” гэсэн хүсэлтээ албан бичгээ ирүүлжээ.

Тэгвэл МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав ч мөн ялгаагүй бүх аймаг, сумын наадмыг нэгэн зэрэг хийх зөвшөөрлийг хүсч байлаа. Тэрбээр “Зөвхөн нийслэлд биш орон нутгийн ард иргэдээ бодож сайхан наадам хийлгэхийг хүсч байна. Тэд маань өдөр бүр бидэнд хандаж, аймаг, сумандаа наадахыг хүсч байна” гэсэн юм.

Мөн МҮХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Нямбаяр “Шийдвэр гаргагч хүмүүс маань улсын баяр наадмаа аймаг, сумынхтайгаа нэгэн зэрэг хийлгэх эсвэл улсын баяр наадмаа тодорхой хугацаанд түр хойшлуулж, ирэх долоодугаар сарын сүүлчээр хамтад нь хийлгэхийг зөвшөөрнө үү” хэмээлээ.

Үүнээс гадна тэд “Зөвхөн Улсын баяр наадмыг зохион байгуулвал бүх уяач, бөх, харваачид хотод цугларна. Тэгвэл харин ч хавь илүү бөөгнөрөл үүсч, цар тахлын нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ” гэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний спортын холбоод хамтран Засгийн газарт хүсэлт хүргүүлжээ   
Үзсэн: 3605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй