Шууд Chart

Н.Учрал: Монголын парламентын үйл ажиллагаанд цахим шилжилт бодит утгаараа хэрэгжсэн гэж үзэж болно

2021-06-19 11:59:58

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Цахим парламентын олон улсын есдүгээр бага хурал 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гурван өдөр үргэлжлэв. Бага хуралд тус холбооны гишүүн орнуудын парламент, тэдгээрийн Тамгын газар болон олон улсын байгууллагуудаас 300 гаруй төлөөлөгчид оролцож, үндсэн илтгэгч нар цахим шилжилтийн талаар илтгэл тавин оролцогчдын асуултуудад хариулав. Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал парламент дахь цахим шилтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаа талаарх Монгол Улсын сайн туршлагыг хуваалцсаныг тус хурлын цахим хуудаст байршуулсан байна.

Тэрбээр, Олон Улсын Парламентын Холбоо шинэ зууны хөгжлийн хурдасгуур болсон цахим шилжилтийн асуудлыг онцгойлон анхаарч олон улсад туршлага судлах боломж олгосонд талархаж буйгаа илэрхийлээд Монгол Улсын Их Хурал хууль тогтоох дээд түвшиндээ анх удаа инновац, цахим бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороог өнгөрөгч 2020 онд байгуулсан талаар дурдав. 2020 оны эхэн үеэс дэлхий нийтийг хамарсан цар тахал биднийг цахим шилжилт рүү эргэлт буцалтгүй татан оруулж, цахим хувьсгал, дижитал шилжилтийн хэрэгцээ шаардлагыг онцгойлон сануулж өглөө гэв.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа цар тахлын хөл хорионы үед тасралтгүй үргэлжилж, гишүүд танхимаар болон цахимаар хуралдаандаа оролцож байна. Үүнтэй уялдуулан цахим хуралдааны дэгтэй болсон нь Монголын парламентын үйл ажиллагаанд цахим шилжилт бодит утгаараа хэрэгжсэний илрэл юм. Цахим парламент болсон бас нэгэн шинэлэг ажил бол иргэдээс хуулийн төсөлд санал авах lawforum.parliament.mn платформ, хууль санаачлах эрх бүхий субъектууд өөрийн санаачилж буй хуулийн төслийг цахимаар боловсруулах боломж бүхий lawmaker.parliament.mn платформуудыг нэвтрүүлсэн явдал юм хэмээн Монголын парламентын туршлагаас хуваалцлаа.

Энэхүү цахим парламентын хурал нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлттэй үед ийнхүү цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм.


Н.Учрал: Монголын парламентын үйл ажиллагаанд цахим шилжилт бодит утгаараа хэрэгжсэн гэж үзэж болно  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй