Шууд Chart

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2021-06-25 06:38:17

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдуүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлсэн юм. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн Соёлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн асуулт асууж, Соёлын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Үзэл суртлын шүүлтүүрээр бүтээгдсэн ном, кино, бүтээлийг хэрхэх, биет бус соёлын өвийг тээгчдийн талаар салбарын яамны зүгээс баримтлах бодлого, арга хэмжээний талаар тодруулж, буддын шашны өвийг зөвхөн соёл гэдэг агуулгаар хандаж ирснийг шүүмжиллээ. Төсөлд соёлыг судлах, соёлын боловсрол олгох, үндэсний түүх, өв соёл, зан заншил, уламжлалаа хадгалах, хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх дэлгэрэнгүй зохицуулалтыг тусгасан гэдэг хариултыг Ч.Номин сайд өгөв. Соёлын харилцааг нарийвчлан, хуульчлах боломжгүй, гэхдээ гадны соёлын нөлөөллөөс хамгаалах зохицуулалтуудыг төсөлд тусгасан гэлээ. Соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр тухайлсан эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээлэл өгсөн.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Г.Мөнхцэцэг гишүүн харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг тодруулга хийв. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Харин энэхүү тогтоолын төслийн хүрээнд соёлын өвтэй холбоотой, соёлын байгууллагуудад хандив, тусламж өгөх, тодорхой үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, хөнгөлөхтэй холбоотой хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх чиглэлийг Ерөнхий сайдад өгч байгаа. Энэ ажлын гүйцэтгэлийн цагалбарыг анхаарах, мөн ирэх оны улсын төсвийн төслийг өргөн мэдүүлэхээс өмнө шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх төлөвлөгөөгөө боловсруулсан байх шаардлагатай гэдгийг санаж, Засгийн газрын түвшинд анхаарч ажиллаарай хэмээн захиж байлаа. Эс бөгөөс Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим заалтууд хэрэгжих боломжгүй болно гэдгийг онцгойлон анхааруулсан.

Дараа нь Байнгын хорооны дэмжсэн, төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах саналаар санал хураалт явуулахад Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 70.1 хувь нь дэмжсэн юм. Иймд төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн 73.1 хувь нь дэмжснээр “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоол батлагдав.


Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй