Шууд Chart

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2021-06-25 06:40:58

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны аравдугаар сарын 8-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан явуулсан гэдгийг санал, дүгнэлтэд дурдсан юм.  Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Б.Баярсайхан, Ж.Мөнхбат, Н.Учрал нар ажиллажээ. Байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, уран бүтээл, мэргэжлийн төрийн бус байгууллагын санал, бусад орны сайн туршлагыг судалж, бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, кино урлагийг дэмжих сангийн нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлог харилцааг нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн тус салбарыг дэмжих санхүүжилтийн зохицуулалтыг цогцоор шийдвэрлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан гэв. Кино урлагийг дэмжиж, кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх зорилгоор бусад орны жишигт нийцүүлэн кино бүтээх зардлын буцаан олголтын талаар шинээр бүлэг нэмсэн байна. Түүнчлэн Кино урлагийг дэмжих сан, буцаан олголтын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн зөвлөл, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүний талаар тусгажээ. Кино урлагийн салбарын төрөөс үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр зааж, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахтай холбоотой зохицуулалтыг өргөжүүлж тусгасан гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Булгантуяа, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, хариулт авав. Кино урлагийн зөвлөлийн талаар тодруулсан гишүүний асуултад Ч.Номин сайд хариулт өглөө. Төслийн 9 дүгээр зүйлд тус зөвлөлийн бүтэц, бүрэн эрхийн талаарх зохицуулалтыг тусгасан байна. Кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох болон тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүргийг Кино урлагийн зөвлөл хэрэгжүүлэх юм байна. Зөвлөл нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл 4, кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчийн төлөөлөл бүхий 7 гишүүнтэй байх аж. Мэргэжлийн төрийн бус байгууллага нь кино урлагийн чиглэлээр мэргэшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай иргэнийг энэ хуулийн 6.1.4-т заасан журмын дагуу дээрх зөвлөлд нэр дэвшүүлэх юм байна. Монгол соёлыг олон улсад түгээхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгасан, гэхдээ “Кино төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төсөл шалгаруулах шалгуур үзүүлэлт” гэсэн 10 дугаар зүйлийн 10.1-т “Монгол болон хамтарсан кино төслийг жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэсэн байгаа нь зөвхөн монгол хэлээр туурвисан байх шаардлага тавьсан нь хязгаарлагдмал зохицуулалт болох эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Төсөл дэх Кино урлагийг дэмжих сан нь  зөвхөн монгол уран бүтээлчдийг дэмжих зорилгоор эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилт олгох, эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа явуулна гэдгийг Ч.Номин сайд тайлбарлалаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 30 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.


Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй